Зүүднээсээ сэрээч, сайд, гишүүд ээ

2_20220727122419 (1)

Хуучраагүй наадмын эрээн торгон асар энд тэндгүй дэрвэж, морь уралдаж, сайд, гишүүд наадамлаж дуусаагүй байна. Улсын баяр наадмын дараачаас  аймгуудын ой, бүсийн наадмууд залгасан. Одоо “Даншиг наадам” хийнэ хэмээн  найр наадмынхаа уур амьсгалаас гарч чадаагүй хүмүүс энд тэндгүй  дэрвэж явна.

Гэтэл Монгол Улс  ирэх намар дефолт зарлах улсын тоонд толгой цохиж байгаа. Ингэдэггүй юм гэхэд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах сонголттой нүүр тулахаар байгааг эдийн засагчид хэлэх боллоо. Бондын өрнүүд л гэхэд үргэлжилсэн олон  баяр, наадмын дараа “хар дарсан зүүд”  мэт УИХ, Засгийн газрыг тосч байх вий.

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул төсөв тодотгохоос аргагүй болсон талаар эхнээсээ мэдээлж эхлэв. Жилийн жилд өөдрөг төсөв баталдаг. Өнөөхийг нь аваад үзэхээр орж ирэх бодит орлого гэж байхгүй, ихэнхдээ  мөрөөдлийн  жагсаалт болсон байх нь олонтаа. Зарцуулалт гэхээр 76 тойрог руу байшингийн дээвэр засна, зам нөхнө гэх мэтээр хөвөрнө. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Бэрх тосгонд 450 сая төгрөгөөр хөшөө босгоно, 4.5 тэрбум төгрөгөөр модон жорлон шинэчилнэ гэсэн нь ихээхэн шүүмжлэл өрнүүлж байна. Энэ үр ашиггүй бүтээн байгуулалтын бодлит жишээ мөн үү гэвэл мөн. Харин Ерөнхий сайдыг үүгээр барьцаалан УИХ-ын гишүүд тойрогтоо юу  төсөвлөснийг  хэн ч хөндсөнгүй.

Уг нь УИХ Хэмнэлтийн хууль баталсан ч үг, үйлдэл зөрөв гэдэг шиг юм болж байгаа нь шүүмжлэл дагуулсаар. Тухайлбал, нийслэлээс эхлээд цомхотгол хийж, орлогч дарга нарын орон тоог цөөлсөн ч нэг гараараа ганц сая төгрөг хэмнээд  нөгөө гараараа 10 саяыг  үр дүнгүй цацаж  байгаа жишээ зөндөө.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр  зэсийн үнэ унасан тухай мэдээлэл гарсан. Манайх шиг зэсийн үнийг даган савлаж байдаг жижиг эдийн засагтай улсад энэ бол аюулын харанга дэлдэхтэй адил баймаар. Гэтэл төрийн томчууд үүнд санаа зовсонгүй. Зарим нь “Зэсийн үнэ унаад шалихгүй. Тун удахгүй эргээд өснө. Угаасаа зэсийн хэрэглээ, дэлхийн ирээдүй тийм байгаа” хэмээн ярьж яваа нь харамсалтай.

Нүүрсний тухайд ч мөн цээжний бангаар иймэрхүү прогноз хэлээд  найр наадам, бөх, мориндоо  яарах. Энэ мэт дурдаад байваас Монголын амьдрал  “Марзан”  Б.Шаравын  зурсан  “Монголын нэг өдөр” хэмээх зургийг санагдуулан налайж байна.

Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд өвлийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн засвар, бүртгэлийн асуудлаар танхимаа хуралдуулж,  хугацаатай албан даалгавар өгсөн. Түүнээс хойш тэрхүү даалгаврыг  нь ажил хэрэг болгож байгаа, эргэж мэдээлж байгаа  салбарын сайд тун цөөхөн байна.

Энэ байдал 21 аймаг, 330 суманд мөн ижил давтагдаж байна гэвэл хилсдүүлсэн болохгүй. Ойгоо хийсэн болон одоо хийж  байгаа зургаан аймаг  зочид хүлээж авах, наадмын бэлтгэл гэж байдгаа сэгсэрч, хашаа хороогоо будаж гүйлдэж. Өвлийн бэлтгэл нь орхигдсон. Үлдсэн аймгууд зэргэлдээ аймгуудын найр, наадам руу хальтарч, урилга, заллагад дарагдан ажил нь цалгардсан. Улсаараа найрлаж, наадамлаж дуусаад нэг мэдэхэд есдүгээр сарын 1-тэй золгож, замын  түгжрэл, хорт  утаа, ажил хичээлээс хоцорсон хүмүүс бужигнана. Тиймээс сайд, гишүүдийг найр наадам хэсэхээ багасгаж,  зүүднээсээ сэрээч гэдгийг сануулъя.

Ядахдаа   ээлжит бусаар чуулж,  “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдээ хэлэлцээсэй. Хүн амын дунд аюулын дохио хангинуулж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан хууль, тогтоолын төслүүдээ оруулж ирээсэй. Засгийн газар ч гэсэн  аймаг, нийслэл, улсын хэмжээнд “Өвөлд бэлэн үү” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлээсэй.

ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЭЭСЭЙ

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин


URL: