“Бие хамгаалагч нарт Шинзо Абэг хамгаалах 2.5 секунд байсан“ гэж хувийн хамгаалалтын мэргэжилтнүүд дүгнэжээ

v8fk3Долдугаар сарын 8-ны өдөр Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо галт зэвсгийн халдлагад өртөж, амиа алдсан нь дэлхий нийтийг цочроосон хэрэг байв.

Ялангуяа галт зэвсгийн хяналт хатуу гэгддэг Япон улсад ийм эмгэнэлтэй хэрэг гарсан нь олны анхаарлыг татаж байгаа.

Болсон явдлын дүрс бичлэгийг шинжилсэн Японы болон олон улсын аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн баг өчигдөр дүгнэлтээ танилцуулжээ.

Тэдний дүгнэлтээр бол экс ерөнхий сайдын бие хамгаалагчид, орон нутгийн цагдаагийн албан хаагчид халдлагын үеэр хангалттай мэргэжлийн түвшинд ажиллаж чадаагүй гэнэ.

Гэмт этгээд Абэ агсан руу гар хийцийн буугаар хоёр удаа буудахдаа эхний удаа алдаж, хоёр дахь удаагаа үхлийн шарх учруулсан байна.

Хоёр буудлагын хооронд 2.5 секундийн хугацаа байсан ба энэ хооронд хохирогчийг хаах, хамгаалах боломж байсныг мэргэжилтнүүд дүгнэжээ.

Дүрс бичлэгээс харахад бие хамгаалагчид зэвсэгт этгээдийг Абэ агсны ар талд ямар ч хяналтгүйгээр хэдхэн метрийн зайд ойртуулсан нь гол алдаа болсон байна. Энэ үед Абэ авто замын дундах тусгаарлагч зурваст зогсоод сонгогчдод хандан үг хэлж байсан юм.

“Тэд халдлага үйлдэгч ерөнхий сайд агсны ар талаас алхаж очихыг хараад зогсоох ёстой байсан юм” гэж нэр дэвшигч Жо Байденыг сонгуулийн үеэр хамгаалж байсан Global Threat Solutions хамгаалалтын компанийн тэргүүн Кеннет Бомбэйс ярьж байна.

41 настай Тэцуяа Ямагами талийгаачийн ард 7 метрийн зайд ойртож ирээд эхний удаа буудахдаа оноогүй юм. Дараа нь тэр 5 метрийн зайд ойртоод хоёр дахь удаагаа буудсан байна.

Энэ үед бие хамгаалагчид экс ерөнхий сайдыг хүрээлсэн байрлал үүсгээгүй нь алдаа болсныг АНУ-ын тэнгисийн хүчний алба хаагч асан, Тагнуулын Төв Газрын албан хаагч асан, одоо Prosegur хувийн хамгаалалтын компанийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг Жон Солтис тайлбарлажээ.

Эхний буудалтын дараа бие хамгаалагчид Абэ агсныг хамгаалахын оронд халдлага үйлдэгчийг аюулгүй болгохоор бүгд гүйсэн нь буруу байсныг Нихон их сургуулийн хямралын менежмэнтийн профессор Мицүрү Фүкүда тайлбарласан байна.

Хангалттай тооны бие хамгаалагчид хэргийн газарт байсан ч тэдэнд “аюулын мэдрэмж” байгаагүйг Сайтама мужийн цагдаагийн албаны тусгай хамгаалалтын офицер асан Ясуширо Сасаки дүгнэжээ.

“Бүгд цочирдсон боловч хэн ч Абэ руу яваагүй байна” гэж тэр ярьж байна.

Японы Үндэсний Цагдаагийн Газар албан хаагчид нь хариуцлага алдсаныг хүлээн зөвшөөрч, дахин ийм алдаа гаргахгүйн тулд хэргийг нягтлан шалгах, үйл ажиллагаагаа сайжруулах ажлын хэсэг байгуулснаа саяхан мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд Фүмио Кишида болон бусад өндөр албан тушаалтнууд мөн аюулгүй байдлын албаныхан алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, хэргийн мөрөөр арга хэмжээ авахаа амлаад байгаа.


URL: