МАН хулгайчдаасаа салж чадахгүй бол 2024 оны сонгуульд ялагдана

E392F00F-9508-45F2-BC14-054325543FC2_20210429160729-810x500 -ХЭТЭРХИЙ ОЛОН ХУЛГАЙЧТАЙ БОЛЧИХСОН МАН-ЫНХАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ УУ-

  МАН-ынхныг хаалгачаас хаан хүртлээ хулгай, албан тушаалын хэрэгт холбогдсон гэж ярьдаг. Тийм учраас хэн хэнээсээ хариуцлага нэхэж чадахгүй, харилцан нэг нэгнээ барьцаалчихаад, амаа жимийгээд л сууцгаадаг гэдгийг тэдний хулгайн хэрэгтэй холбоотой зарим жишээ нотолно. Хэтэрхий олон хулгайчтай болчихсон МАН-ынхан сонгууль дөхөөд эхлэхээр аргагүй тэвдэцгээх байлгүй. Одоо ч сайхан сайхан царайлчихаад хэнийг ч ямар ч хэргээс нь аваад үлдчих хэдэн мянган аргатай болсон. Харин сонгуулийн үеэр тэдний дэлбэртлээ нууж, нэгнийгээ хаацайлж байсан янз, янзын хэргүүд зад, зад үсэрч, цөөн хэд нь сонгуулийн босгоор амиа аваад гарах байх. Харин өнөөгийн нөхцөл байдлаас харахад, МАН-ынхан хулгайч, тонуулчдаасаа салж чадаагүй цагт дахин хэзээ ч сонгуульд хүч үзэж, ялах боломжгүй болсон. Тэгтлээ хулгайлсан гэсэн үг. Ийм нөхцөл байдалд орсон гэж болох МАН-ынхны зарим зартай хулгайчдыг дурдая.

ПРОКУРОРООС ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛ БАТАЛЧИХААД БАЙХАД МАН-ЫНХАН ГИШҮҮДЭЭ АВЧ ҮЛДСЭН

        Хамгийн сүүлийн үеийн дуулиантай жишээ гэвэл, Хөгжлийн банкыг хуу хамсан хулгайн хэрэг юм. Тус хэрэгт МАН-ын хэд хэдэн гишүүн нэр холбогдож, шоронгийн хаалга татах уу, үгүй юү дээрээ тулаад л нам болсон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн боловч МАН-ынхан бушуухан мартуулахын тулд янз бүрийн арга сэдэж чадсан.

          Мөрдөн шалгах байгууллага нь дээрх дөрвөн гишүүнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, прокурорууд нь яллагдагчаар татах тогтоол баталчихаад байхад эрх баригчид олонхоороо эзэрхэж, гишүүдээ авч үлдлээ. Мөн Хөгжлийн банкны хэрэг ил болоод удаагүй байхад нэр бүхий сэтгүүлчид нээлттэй хэлэлцүүлэг хийж, Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүдийг өрөө яаралтай төлөхийг уриалсан. Харин энэ үеэр улсын УИХ-ын Ч.Ундрам аавынхаа компаниар Хөгжлийн банкнаас зээл авсан 4.5 тэрбум төгрөгийн өрөө төлж, яг төлөх гэж байсан царай гаргаж, зальдаж байсан.

ЖДҮХС-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГТ У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ХОЛБОГДОЖ БАЙВ

          Хаваржин ярьсан Хөгжлийн банкны хэрэг дөрвөн жилийн өмнөх ЖДҮХС-гийн хэрэг шиг мартагдсан. Тухайн үед ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий 49 гишүүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хамаарал бүхий компаниараа хөнгөлөлттэй зээл авсан дуулиан дэгдэж байв. Тэдний ихэнх нь мөн МАН-ынхан байсан. Тэр дундаа өнөөдрийн манай улсын төрийн өндөрлөгүүд багтаж байсан юм. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тухайн үед “60 тэрбум, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй” гэж ихэд сүржин зарлаж байсан. Гэвч өөрөө ЖДҮХС-г тоногсдын тэргүүн эгнээнд бичигдэж байв. Мөн  УИХ-ын дарга Г.Занданшатар “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК гэх гурван компанид ЖДҮХС-гаас 2.8 тэрбум төгрөг олгоход нөлөөлсөн гэж нэр холбогдсон. Мөн өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хүртэл ЖДҮХС-тай нэр холбогдож явсан. Тодруулбал, ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн гэгч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай ахан дүүсийн тун ойр холбоотойгоор барахгүй, Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр  баригдаад, буцаж нураагдсан “Андлалын хөшөө”-ний “луйвар”-ын цаана Л.Батсүрэн гэгч байсныг бид баримт нотолгоотойгоор нийгэмд ил болгосон.

Ц.АНАНДБАЗАР ХУВИЙН БИЗНЕСЭЭ УЛСЫН МӨНГӨӨР ТЭТГЭЖ, ТЕНДЕРТ ШАЛГАРДАГ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн, Хөгжлийн банкны тэргүүтэй хэргүүдийг хав дарж,  түүнийг МАН-ынхан тун ч их хамгаалах юм. Уг нь хуулийн дагуу тэрбээр хийсэн хэргүүдийнхээ хариуцлагыг хүлээж, тодорхой хэмжээний ял эдлэх ёстой. Гэтэл эсэргээрээ түүнийг эрхлүүлж, бүр улсын мөнгөөр бизнесийг нь угждаг болохыг манай сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс бэлтгэж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэргийн дуулиан ид дэгдэж байх хойгуур түүний “Сод монгол групп” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас сүүлийн хоёр жилд 14.6 тэрбум төгрөг авч, 38.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эзэн суусныг баталж буй юм. Мөн тэрбээр хотын төвийн Соёлын төв өргөө, Богдхан уулын Бага тэнгэрийн амыг эзэгнэдэг. Ингэхдээ Соёлын төв өргөөний ойролцоо хууль бусаар төлбөртэй зогсоол ажиллуулж, өдөрт 360 мянган төгрөгийн ашиг олж, нийтийн эрх ашигт халдаж буй хэргийг өмнө нь нийтэлж байсан.

ГАЗРЫН НАЙМААНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ж.ЭРДЭНЭБАТ

Ж.Эрдэнэбат гурав дахь удаагаа Сэлэнгэ аймгаас УИХ-ийн сонгуульд нэр дэвших мандатаа авч, сонгуулийн сурталчилгаагаа явуулж байхдаа баривчлагдаж байв. Ингээд тэр УИХ-д сонгуульд шоронгоос оролцож, басхүү шоронгоос ялалт байгуулсан анхны улстөрч болсон. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбай бүхий тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлж авсан, зургаан сарын дараа цааш нь зарсан, мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашиг малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал олгосон гэж буруутгасан байдаг.

Ингээд шоронд есөн сар гаруй хугацаанд хоригдоод суллагдсан Ж.Эрдэнэбат 2021 оны гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Одоогийн нөхцөл байдлаар, хэргээ шүүхээр эцэслэн шийдүүлээгүй, эрүүгийн хэрэг үссэн байхад яарч тангараг өргөх хэрэг байна уу. УИХ-ын гишүүд парламентад орж ирээд хамгаалагддаг боллоо” гэж байв. Харин хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа нөхцөлд УИХ-ын гишүүнийг цагдан хорих нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нотой зөрчсөн асуудал гэж үзээд тухайн үед мэдэгдэл гаргаж байсан. Тухайн үед Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрх хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 23.2-т УИХ-ын гишүүний бүрэн эрх төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. Дээрээс нь Анхдугаар чуулганы нээлтэд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөхөөр хуульд заасан тулд өнөөдөр тангараг өргөж буй нь хуульд нийцсэн үйлдэл” хэмээж байлаа. Ингэж Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр тэр хуулийн хамгаалалтад шууд орж, эрүүгийн хэргээ мартуулсан гэж болно.

ЗАЙСАНГИЙН АМАНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ХУУЛЬ БУСААР АВЧ, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ БАРЬЖ АШИГ ОЛДОГ Д.ӨНӨРБОЛОР

       Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууц барьж, зараад асар их ашиг олсон компаниудын цаад эздийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүлсэн аж. Тиймээс түүнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд эрүү үүсгэн шалгаж байсан.

   Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн. Өмнө нь 2016 онд Барилга, хот байгуулалтын сайд болохоор яригдаж байсан улс төр, бизнест нөлөө бүхий нэгэн. Тэрбээр, жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг. Хүүхдийн паркын хашаанд байрлах “Сөүл” рестораныг анх хоолны газар байхаас нь өргөжүүлж,  бизнесийн гараагаа эхлүүлсэн гэгддэг Д.Өнөрболор “Сөүл” группээ 1990-ээд оны сүүлчээс БНСУ-ын Вү Хюнг Минтэй хамтран эзэмшиж буй. Тэднийг гэр бүлийн харилцаатай гэх мэдээллүүд ч бий.

     УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” групп анх 2002-2004 онд Монголын тансаг зэрэглэлийн орон сууцнуудын нэг буюу Баянзүрх дүүргийн I хороонд байрлах “Роял Кастл” хотхоныг ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үеийн зах зээлд орон сууцны м2 талбайн үнэ 250 ам.доллар байхад тус хотхон 1200 ам.доллараар захиалга авч байлаа. Тус хотхоны үе үеийн оршин суугчид нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтнүүд аж. Тэрбээр 2005-2007 онд Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан толгойн чанх урд 22 мянган м2 газар авч, VIP зэрэглэлийн “Роял Грийн вилла” хотхоныг барьсан. 2008-2011 онд тус хотхонтойгоо хаяа залган мөн л  тансаг зэрэглэлийн “Сөүл Роял Каунти вилла” хотхоныг барьсан байдаг. Одоо тус хотхонуудын хамгийн бага талбайтай нэг орон сууц нь 600 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж буй.

Энэ мэтчилэн МАН-ын гишүүд тэр чигээрээ авлига, албан тушаал, газрын наймаа болон хууль бусаар ашиг олох хэрэгт холбогдсон байдгийг илтгэх зарим жишээг дурдлаа. МАН урт гартнуудаасаа даруйхан салахгүй бол сонгуулиар бие даагч, шинэ нам болон Ардчилсан намынханд ялагдах дээрээ туллаа. Хэн ч газар нутгаа зарсан, улсаас  мөнгө идсэн, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон гишүүнийг ахин дахин сонгохгүй биз ээ.

https://ergelt.mn/news/1/single/23322


URL:

Tags: