Х.Баттулга зөвлөхөөрөө “туг тахих уу” ?
Нэг хэсэг хүн бүхний анхаарлыг татаж байсан Хөгжлийн банкны их наядаар яригдах чанаргүй зээлийн асуудал одоо намжмал болжээ. Гэвч эх сурвалжийн мэдээллүүдээс үзэхэд нэлээд зээл эргэн төлөгдсөн байна. Энэ дотор тэрбумаар яригдах олон зээл байгаа боловч бүхэл тоог нь харахаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан “Женко” хэмээх Х.Баттулга хоёр жин дардаг. Д.Эрдэнэбилэг цагдан хоригдож, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон 192.6 тэрбум төгрөгийн өрийг барагдуулахаа амалсан захидал Ерөнхий сайдад бичиж байсан нь ердөө хоёр сар гаруйн өмнөх явдал. Тэгвэл тус банк Хөгжлийн банкнаас авсан зээлээ барагдуулж дуусаж байгаа тухай мэдээлэл байна.
Үүнээс гадна Хөгжлийн Банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг партнер” компани зээлээ төлж дуусгасан талаараа саяхан мэдээлэл хийсэн. Тус компани нь “Энержи ресурс” компанийн Тавантолгойн Ухаахудаг төсөлд хөрс хуулалт хийдэг бөгөөд Хөгжлийн банкнаас 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын нөлөөгөөр зээл авсан талаар дуулиан дэгдэж байлаа.
Тус компанийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч, өдгөө Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ө.Батбаяр нар үүсгэн байгуулсан байдаг. Тэд Хөгжлийн банкны хэл амнаас болгоомжлон зээлээ төлсөн нь илэрхий байна. Ийнхүү их, бага зээлтэй хэн ч өрөө төлөхөөр дээр, дооргүй чармайж эхэлсэн аж.
Гэтэл экс Ерөнхийлөгч, олон групп компанийн эзэн, асар баян Х.Баттулга гэдэг хүн өрөө төлөх тал дээр хуруугаа ч хөдөлгөдөггүй дээ. Түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь “Шинэ Яармаг” хорооллын бүтээн байгуулалтад зарцуулахаар “Нью Яармаг хаусинг прожект” компаниараа Хөгжлийн банкнаас 117 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Уг төсөл, зээлтэй “Женко” Х.Баттулга хэрхэн холбогддог талаар маш олон эх сурвалж байдаг болохоор нурших нь илүүц байх. Ц.Ууганбаяр бол 19 наснаасаа Х.Баттулгыг дагаж, 14 жил зөвлөхийг нь хийж, түүнийг Ерөнхийлөгч болохоос нь өмнө элдэв асуудлыг нь даан хилийн чанадад эх орноосоо зугтааж байсан хүн. Харин өнгөрсөн гуравдугаар сард АН-ын даргыг сонгох хурал дээр Х.Баттулга “Хөгжлийн банкинд надтай холбоотой ямар ч асуудал байхгүй шүү. Ер нь би улс төрд орсноосоо хойш банк, бизнес гэсэн зүйлээс нилээн хол явж байгаа. Олон ч зөвлөх туслахтай явлаа” гэж ярьсан байдаг.
Дараахан нь Ц.Ууганбаярыг саатуулан, мэдүүлэг авахад Х.Баттулгын эсрэг мэдүүлэг өгсөн тухай ч яриа нэг хэсэг гараад намжсан. Магадгүй залуу хүн олон дахин Х.Баттулгынхаа арьсыг хамгаалж өөрийгөө хэрчүүлээд байхыг хүсээгүй байж болно.
Х.Баттулгатай холбоотой зээл ганц үүгээр ч дуусахгүй. “Пирамид орд” ХХК-иар дамжуулан МоАХ-ны газрыг Хөгжлийн банкинд барьцаалж 20 тэрбум төгрөгийн зээл авсан баримт нь байна. Нэгдүгээрт, МоАХ-ны газрыг барьцаанд тавьсанд нь АН-ынхан дургүй байгаа. Хоёрдугаарт, өрийн үлдэгдэл нь одоо 23 тэрбум хүрчихсэн байна. Гуравдугаарт, мөн л түүнтэй ойр дотно явсан Г.Цолмон хэмээх залуу шоронгийн хаалга татахдаа тулчихлаа. Энэ мэтээр түүнтэй хамааралтай гэж үзэж болох “Империал гоулд майнинг” ХХК-ийн 16 тэрбум төгрөг, түүний бие хамгаалагч, бие төлөөлөгчөөр ажиллаж явсан Б.Батзаяад хамааралтай 22 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөлт хийгээгүй л явж байна. Энэ мэтээр хөөгөөд байвал нийлбэр дүн нь хэдэн зуун тэрбумаар яригдах нь тодорхой.
Ийм нөхцөлд ялгуусан эх оронч, ард түмнийхээ буурай зовлонтой байдлыг тэвчиж үл чадах, ард түмний хүү, Ерөнхийлөгч асан Х.Баттулга юунд хуруугаа ч хөдөлгөсөнгүй вэ. Өөрт нь итгэж дагасан залуус хуулийн шийтгэл хүртэх нь цаг хугацааны асуудал болчихоод байхад сандрахгүй байна гэж үү?
Д.Дандархүү
https://www.sonin.mn/news/peconomy/131581
URL: