Шинзо Абэ нас барлаа

what-behind-shinzo-abe-plummeting-popularity-1024x691

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр буюу баасан гаригийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулсан талаар “NHK” мэдээлсэн. Түүнийг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэж яаралтай арга хэмжээ авч байсан ч түүний амийг аварч чадсангүй. Энэ талаар “NHK” агентлаг албан ёсоор мэдээллээ.

Тэрээр 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.

Их сургууль төгссөнийхөө дараа “Кообэ Сэймоо” компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.

Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.


URL: