Л.Оюун-Эрдэнэ “үг”-ээ мартаж, Б.Отгонсүхийг оодруулж байна
2021оны долдугаар сарын 3-нд Замын-Үүдэд нэг сүртэй үйл явдал болсон. Тухайн үед Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байв. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлачихсан байлаа.
Чухам тийм байдалтай үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсан. Түүнийг дагаж очсон ЗТХ-ийн сайд Л.Халтар “Өдөрт хилээр 100 машин гарч байна. Энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт. Хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Өнгөрсөн долоо хоногт би Замын-Үүдэд ажиллаад урдаас ирсэн машины ачааг Эрээн дээр монгол воганд шилжүүлсэн. Өдөрт 20 гаруй воган ачиж байна.
Манай талд ачаагүй машины бөөгнөрөл үүссэн нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой. Өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ нүүрснээс бусад экспорт хязгаарлагдаад байгаа учраас 90 орчим хувь нь ачаагүй байна. Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж тайлбарласан. “Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна” гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлсэн. Мөн “Хил дээр үүрэг гүйцэтгэж буй төрийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа” гэсэн шүүмжлэл ч гарсан. Тээврийн жолооч нар ч “Тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна гэлээ. Жолооч нарын эрүүл мэндэд анхаарааач” гэж хүссэн.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй” гээд Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өгсөн байдаг.
Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар болсон.
Мөн Ерөнхий сайд “Хэрвээ 30 хоногт Замын-Үүдийн нөхцөл байдал сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, дараагийн ажил хийж чадах хүнийг нь томилно” гэж мэдэгдсэн.
Ерөнхий сайд Замын-Үүдээс ирээд Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж тодорхой чиглэл гаргаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг илгээсэн.
Ингээд Х.Нямбаатар сайдын ахалсан АТГ, ЦЕГ-ын томоохон десант 2021 оны долдугаар сарын 6-нд Замын-Үүдэд бууж, тэнд үүрэг гүйцэтгэж байсан хил, гааль, мэргэжлийн хяналт, авто тээвэр хариуцсан дарга нарыг чөлөөлж, Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга, тус суман дах АТҮТ-ийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн н.Саруул нарыг баривчилсан юм.
Тэр өдөртөө Замын-Үүдийн боомт дахь хилийн 0108 дугаар ангийн захирагчаар З.Намхайнямбууг, Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Эрдэнэчулууныг, Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр Б.Отгонсүхийг, АТҮТ-ийн салбарын даргаар н.Сүхбаатарыг тус тус томилсон. Бас тэнд ажиллаж байгаа гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг өөр газар сэлгэн томилж, бусад орон нутгаас ирсэн байцаагч нарыг Замын-Үүдэд ажиллуулахаар болсон. Ингээд 30 хоног өнгөрсний дараа буюу 2021 оны наймдугаар сарын 4 гэхэд “Эрээнд гацсан бараа бүтээгдэхүүнээс 30 мянган тонныг татан авч, иргэн, аж ахуйн нэгжийн гарт нь өгсөн” гэх мэдээллийг Боомтын зөвлөлөөс гаргасан. Үлдсэн 20 мянган тонныг наймдугаар сард татах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн. Түүнчлэн Ерөнхий сайдыг ажиллахад Замын-Үүдийн боомтоор орох чиглэлд өдөрт 100 машин гарч байсан бол сарын дараа боомтоор орох, гарах тээврийн хэрэгслийн тоонд төдийлөн өсөлт гараагүй байна. 2021 оны наймдугаар сарын 4-ний өдөр 90 машин Эрээнээс тээвэрлэлт хийж байв. Харин Замын-Үүдийн ачаа тээвэрлэлтийн хөлс ердийнхөөс хэдэн арав дахин нэмэгдсэн.
Өнөөдөр ч энэ байдал дээрдээгүй байна. Цагийн байдал харьцангуй тайвширч Монгол Улс гамшгийн түвшингээ бууруулсан ч Замын-Үүдэд ажил сайжирсангүй. Бахь байдгаараа, бараг л дордсон.
Үүнд хамгийн их холбоотой хүн бол Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх юм. Тэрээр одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайдын чиглэл болгосны дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар хөтлүүлээд Замын-Үүдэд очиж байлаа. Чилийсэн нэг жил өнгөрсөн ч Б.Отгонсүх Ерөнхий сайдын хүсээд байсан хэмжээнд ажилласангүй. Харин ч авлига, албан тушаалын хэл аманд холбогдож, тэр нь Замын-Үүдээс гараад Улаанбаатараар нэг яригдаж эхлээд удлаа.
Зарим хэвлэлд түүнийг Замын-Үүдэд ажлын байрандаа бараг байдаггүй. Улаанбаатарт голдуу байж, Өвөрхангай нутгийнхаа голдуу улстөрчдийг бараадаад сууж байдаг. Хааяа Замын-Үүдэд очихдоо байцаагч нараасаа “юм” авдаг. Эгийн голын УЦС төслийн зохицуулагч, дараа нь Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа холбогдсон асуудлаар нь хууль хяналтын байгууллага “сонирхоод” эхэлсэн гэж бичиж байна. Энэ бол маш ноцтой мэдээлэл юм.
Б.Отгонсүх ингэж уриулж залуулан Замын-Үүдэд очихдоо Улаанбаатар хотын Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв. Түүнийг энэ албан тушаалд хэн яагаад томилчихсон нь тун бүрхэг. Ямартаа ч АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Б.Отгонсүхийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад ихээхэн эргэлзээтэй дүгнэлт гаргасан байдаг. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн эрхэлсэн комиссар Х.Хашбаатар 2021 оны нэгдүгээр сарын 18-ны 05-644 тоот бичгээр ГЕГ-ын дарга Б.Асралтад илгээсэн бичигтээ Б.Отгонсүхийн талаар хэд хэдэн ноцтой байдлыг дурдсан байдаг. Түүнд “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Батсуурийн Отгонсүхийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлийг хянан үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал “одоогоор” тогтоогдоогүй болно”, “Нэр дэвшигч Б.Отгонсүхийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Б.Сүхбаатар нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Дээжийн өргөө” ХХК-д бүртгэлтэй байх тул хуульд заасан тайлбар, мэдэгдлийг тухай бүр гаргаж ажиллах нь зүйтэй” гэж байв. Хамгийн ноцтой нь “Нэр дэвшигч Б.Отгонсүх нь Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний ерөнхий шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй байна. Тиймээс эрх зүйн зохицуулалтыг баримтлан ажиллана уу” гэжээ.
Гэвч ГЕГ-ын дарга Б.Асралт АТГ-ын энэ бичиг очсоноос гурав хоногийн дараа “Б.Отгонсүхэд гаалийн улсын байцаагчийн эрх олгож, албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 5-31 тоот тушаал гаргасан байдаг. Ингээд Б.Отгонсүх Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга болжээ.
Эндээс маш ноцтой асуудал ургана. Асуулт гэвэл илүү зохино.
Нэгдүгээрт, АТГ ингэж анхааруулсаар байтал ГЕГ-ын дарга Б.Асралт яагаад төрийн жинхэн албанд орох шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд байхгүй хүнийг салбарынхаа чухал албан тушаалд томилох болов?
Хоёрдугаарт, ГЕГ бол Сангийн яаманд харьяалагддаг. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын албан тушаалын томилгоо Сангийн сайд Б.Жавхланд мэдэгдэлгүй хийгдэнэ гэдэг юу л бол доо. Түүний үүрэг чиглэл бас орж ирэх нь ойлгомжтой.
Гуравдугаарт, яг нэг жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гаалийн салбарт ийм маапаантай орж очоод ердөө зургаан сар болж буй Б.Отгонсүхийг ямар шалгуураар сонгож, чухал үүрэг хариуцлага оноон томилох болсон бэ?
Дөрөвдүгээрт, “Хэрвээ 30 хоногт Замын-Үүдийн нөхцөл байдал сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, дараагийн ажил хийж чадах хүнийг нь томилно” гэж мэдэгдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үгээ мартсан уу. Үүрэг хариуцлага нэхэхгүй юу. Түүнээс хойш 365 хоночихлоо. Тэгэхээр “Замын-Үүд засарсан уу, цэгцэрсэн үү, сайжирсан уу” гэж Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй болоод байна.
Хамгийн гол нь энэ мэтийн төрийн албанд үүрлэчихсэн Монгол Улсад гавьяа байгуулахаасаа гай болох нь элбэг. Тэд хэн нэгэн нэр бүхий улстөрчдийн нөмөрт багтаж, нэрийг нь барьж явсаар дунд тушаалын албанаас салдаггүй. Ганц жишээ нь Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар жил ажилласан энэ Б.Отгонсүх юм. Уг нь тэрээр гаалийн удирдах албан тушаалд томилогдох байтугай жижүүрээр ч ажиллах эрхгүй бололтой. Учир нь Замын-Үүдийн гаалийн байцаагч нартай нэгбүрчлэн “тулж ажиллавал” Б.Отгонсүхийн талаар дотроо онгойтол гэрчийн мэдүүлэг өгч мэднэ шүү. Тэгэхээр АТГ, ЭЦА-ныхан Эгийн голын УЦС төсөл, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа холбогдсон асуудал дээр нь нэмээд Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүргийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар байдалтай түр орлон гүйцэтгэсэн бэ гэдгийг сонирхвол зохилтой.
Эх сурвалж:
“Зууны мэдээ” сонин 2022.7.7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)
“Өдрийн сонин” 2022.7.7. ПҮРЭВ гараг. №128 (7001)
“Өнөөдөр” сонин 2022.7.7. ПҮРЭВ гараг. №134 (7436)
URL: