Өнөөдөр Монголын цахим сүлжээг Путины троллууд эзэлчихсэн. Лавровын шахалтыг хүлээн авч болохгүй

ан12ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирсэн. Тэгвэл тус айлчлалыг, Украин дах Путины түрэмгийллийг эсэргүүцэн Ардчилсан намын гишүүд болох Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Г.Ганхүү нар Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал маш өндөр нууцлал дор явагдаж байна. Тодорхой эх сурвалжуудаас ирсэн мэдээллээр Лавров Монголыг өөрийнхөө дайны дэмжигч болгохоор шахалт хийхээр иржээ. Бид украинчуудтай эв санааны хувьд нэгдмэл байгаа. Бид ч гэсэн Украин шиг жижиг орон. Бид Зөвлөлтийн суганы үс байх үеийн зовлонг мэднэ. Их гүрний суганы үс байхад бид 40-ээд мянган гэм зэмгүй иргэнээ алдсан. Монголын хэргийг Москва шийддэг байсан. Тэгвэл одоо Украин руу хийсэн түрэмгийлэлдээ Монголын дэмжлэгийг авах гэж ирж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Украины туршлагаас харвал эхлээд троллуудаар дайралт хийгээд дараа нь цэргийн ажиллагаа явуулсан. Одоо Монголд мөн адил ийм зүйл болж байна. Өнөөдөр Монголын цахим сүлжээг Путины троллууд эзэлчихсэн. Лавровын шахалтыг хүлээн авч болохгүй. Түүнийг нутаг руу нь явуул.

Түүнчлэн Д.Сосорбарам “Лавров гэртээ харь. Монголоос салдаггүй, Монголын ардчилал руу гар дүрэгч Элчин сайд Азизовыг хамт аваад яваарай” гэлээ.


URL: