Эвэр амласан засгийн газар

6d397cc84362348817574f9d4273314a-ГАДААД ЗАХ ЗЭЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРЬ ХОЛЫН ЗҮЙЛ ҮҮ-

        Дандаа байхгүй, болохгүй, бүтэхгүй гэдэг, юм бүхнээс өө сэв эрж, хайж гоочилж, зүхдэг хүнийг монголчууд “эвэр амласан хог” гэдэг. Амнаасаа байхгүй, болохгүй гэсэн муу муухай үг гаргадаг шигээ түүний үйлс бүтнэ гэж байхгүй. Яг л хэлснээр нь байсан нь байхгүй болж, хоосорч, ядуурч, өвчилж, уруудаж, доройтсон зүдрүү амьтан ихэвчлэн ганцаараа явж үзэгддэг. Яг үүн шиг манай Засгийн газарт болж бүтэж байгаа юм алга бололтой. Байнга л эдийн засаг хямарсан, улс мөнгөгүй болсон, төсөв улайсан, тийм төсвийг таналаа, энэ төслийг болилоо, нөөц байхгүй, хил хаалттай, хөршүүд зээл өгөхгүй нь гэх мэтээр байхгүй, болохгүйгээ дуудсаар өнөөдөрт хүрлээ. Монголчуудын төлөө энэ Засгийн газар юу хийлээ гэж эргэж сөхвөл шуудхан нэрлэчих олигтой зүйл санаанд огт буудаггүй ээ. Гэхдээ санах гээд оролдъё. Яг санаачлаад, эсвэл гадагш дотогш гүйгээд өмнөх Ерөнхий сайдууд шигээ бонд ч болтугай босгоод, хөрөнгө, санхүүжилт олоод, улсаа “тогооч” шиг нь “хоол”-той байлгахын төлөө түүний кабинет юу хийсэн бэ. Ингэхээр ковид, хилийн хориг, дэлхийн эдийн засгийн хямрал бүх юмных нь саад, хаалт болж ирсэн болохгүйн тухай тайлбарууд хөвөрдөг. Гаднаас татах хөрөнгө оруулалт, элдэв инноваци, эдийн засгаа өргөжүүлэх тактик, төлөвлөгөө нь болохгүй болохоор тэд дотооддоо, чадлынхаа хэмжээнд хөдөлж эхэлсэн. Цөөхөн жишээ татъя.

      Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Би хамгийн азгүй үед Засгийн газрын удирдагч” хэмээн өөрийгөө өрөвдөж суусан. Ингээд удалгүй “Улс орныг цөлмөсөн, эдийн засгийн хямралд оруулагсад бол Хөгжлийн банкнаас бага хүүтэй, их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулж, улсад төлөхгүй өнөөдрийг хүрсэн зээлдэгчид” хэмээн зээл авсан бизнес эрхлэгчид болоод улстөрчдийг толгой дараалан зарласан. “Зээлээ төлөөгүй, зориулалт бусаар зарцуулсан зээлдэгч бүртэй хатуу хариуцлага тооцож, бизнесийн салбарт битгий хэл улс төрд гишгэх газаргүй болгоно” хэмээн намынхаа генсекээр хэлүүлж, бичүүлж хэсэг шоудсан. Гэвч өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй тооцсон хариуцлага гэхээр жишээ тун цөөхөн, “Тэд өгөхгүй байна. Тэчнээн төгрөгийн өр байгаа ч дарахгүй байна. Ингээд байвал барина, хорино” гэсэн дүр зурагтай үргэлжилж явна.

      Өөр нэг жишээ, Дарханы замыг ашиглалтад оруулна, засаж дуусна гээд хэчнээн оныг үдэж буй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч ялгаагүй, нэн тэргүүнд хийх ажлынхаа тэргүүнд Дархан, Сэлэнгийг Улаанбаатартай холбосон замыг засах хэмээн тавьсан ч дорвитой хийсэн юмгүй сууна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд зам засварын ажилтай нь танилцахаар очоод тэнд ажиллаж байгаа хүмүүстээ баахан сүрийг үзүүлж, “Зурагтаар загнаж гарсаар” байгаад ирэв. Гэхдээ албаныхан цемент байхгүй, хөрөнгө оруулалт гацсаар ирсэн гэх мэт байхгүйн тухай мөн ярьсаар байсан билээ. Түүний хэлснээр үнэхээр сар бүр эргэж тойрсоор ирэх арваннэгдүгээр сард Дархан, Сэлэнгийн зам ашиглалтад орвол нэр дээр нь харьяалагдах нэг оноо болох нь дамжиггүй. Харин уурлан байж хэлсэн хугацаанд нь багтаж ашиглалтад орохгүй бол Ерөнхий сайдын үнэн царай л тэр болох биз ээ.

            Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нүүрсний экспортоо сэргээх асуудал манай Засгийн газрын нэн даруй хийх ажлын жагсаалтын нэлээд хойгуурт бичигдсэн ч байж мэднэ. Учир нь, өнгөрсөн хугацаанд нүүрсний экспортоо сэргээх, боломж, гарц юу байгааг эрэлхийлэх оролдогыг манайхаас маш хангалтгүй, бүр хангалтгүй хийж ирснийг онцлох хэрэгтэй. Улс төрийн өндөр албан тушаалд хүрчихвэл л бүх зүйл нь бэлэн байж байдаг хэмээн сэтгэж ирсэн одоогийн удирдлагуудад нүүрсний экспортод гүүр болох нь шинэ сорил, санаанд нь огт орж ирээгүй ажил, нэр нүүр хийгээд цаг хугацаа шаардсан зүйл болж таарсан биз. Одооноос л “Аан, ийм учраас ингэх ёстой юм байна. Тэрэнтэй би тэрийгээ уулзуулбал тийм юмаа зохицуулж, ийм юмандаа хөрөнгө босгож магад” гэх ойлголттой болох гэж байгаа байж мэднэ, Засгийн газар.

      Мэдээж мөнгө хүрэлцэхгүй байгаа тул төсөв танасан, барьж байсан хөшөө нураасан, өөрийг босгосон, номын баярууд тэмдэглэсэн, орон нутагт соёл, гэгээрлийн үр тарих соёлын төвүүдийн барилгын төсвийг хассан гэх мэтээр хийсэн ажил нь хөврөх л байх. Яг бодитой бүтээн байгуулалт, гарт баригдаж, нүдэнд харагдах юмгүй л болохоос. Хэрвээ коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хөмөрч, эдийн засгийн хямрал дэлхийн хэмжээнд өрнөөгүй бол, урд хөрш өнөөг хүртэл хилээ хаагаагүй бол, хойд хөрш дайн байлдааны байдалтай хэдэн сарыг үдээгүй бол энэ Засгийн газар арай ч юм бүхэнд “Байхгүй, болохгүй, бүтэхгүй” хэмээн эвэр амлахгүй байсан гэж найдъя.

Гэхдээ үлдсэн хугацаанд нь ч нэг их найдаад хэрэггүй л байх. “Эхлэл ямар байна, төгсгөл тийм л байдаг” гэж монголчууд бас ярьдаг шүү дээ.

https://ergelt.mn/news/1/single/22748


URL: