Үндсэн хуулиа оролдохоос илүү үнийн өсөлтөө зогсоож болох уу, гишүүд ээ

bb34e623b129840dc1606a3e73ac3e62-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ АРД ТҮМЭНД БИШ АРДЫН НАМЫНХАНД ХЭРЭГТЭЙ-

            Энэ их ядуурлын үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийг тоох, сонирхох тэнхэлтэй хүн тун цөөхөн. Ард түмэн нь “Бор хоног, шар өдрөө яая даа” гэж байхад МАН-ынхан учир зүггүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сурталчилж, иргэдээс сайхан, сайхан санал, зөвшөөрөл авчих санаатай хэд хоног, хэдэн сар зүтгэлээ. Гэвч түүнийг нь үнэндээ тоож байгаа ч хүн алга. Бүгд турах дэглэмтэй хүн шиг эдийн засгийн дэглэмд орчихсон, хоолтой, хоолгүй гүрийж байна. Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарын ярьж байгаагаар монголчуудын амьдрал улам бүр борогших шинжтэй юм билээ. Яагаад гэвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахын аргагүй өссөн байгаа юм. Тухайлбал, төмс 900-2500 төгрөг, лууван 2000-4700, ургамлын тос 4300-9800, байцаа 2300-5000, атар талх 1280-1700, цагаан будаа 3650-4600 төгрөг болж өссөн нь монголчуудыг хүссэн зүйлээ аваад идчих боломжгүй, шүлсээ залгиад өнгөрөхөд хүргэсэн. Үүний шалтгаан нь, 6.2 хувьтай байсан инфляц нефтийн бүтээгдэхүүний үнэ, тээвэрлэлийн хүндрэлээс болж 16 хувьд хүрсэн байгаа юм. Энэ байдал үргэлжилсээр намар бүх бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж болзошгүйг Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас анхааруулж байгаа.

            Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, иргэдэд ирэх дарамтыг бууруулах арга хэмжээний талаар судлах хэрэгтэй байна. Ард түмний амьдрал өдөр ирэх бүр уруудаж, үнийн өсөлтөд нэрвэгдэж байхад гишүүд найр наадмын хууль батлах тухай ярьж байна гэж иргэд УИХ-ын гишүүдийг маш их шүүмжилж байна. Шатахуун, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар санал боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахлан ажиллана” гэсэн. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын ахалсан Ажлынх хэсгийнхэн

-Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг хянах, эрчимжүүлэх,

-Мөнгөний болон төсвийн бодлогыг тэнцвэртэйгээр хослуулж, инцляцыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдлийг тодорхойлох,

-Эрэлт талаас инфляцыг өдөөхгүйн тулд бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрүүдийг хумих боломжтой эсэхийг судлах,

-Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээг боловсруулах,

-Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж танилцуулах

-Олон улсын нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсээс үүдэн инфляц дэлхий нийтийн асуудал болж байгаа ч ирэх намраас урьтаж шаардлагатай арга хэмжээг судалж, хэрэгжүүлэх шаардлагатай” гэдгийг мөн онцолж байсан юм.

             Ингэж хамаг юмны үнэ хэд дахин өсчихсөн, цаашид ч өсөх магадлалтай байхад юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт манатай. Бараг сонсохоос дургүй нь хүрч, өөрчлөх, эс өөрчлөх нь ард түмэнд сонин биш. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн болчих санаатай хэн д, юунд ч хамаагүй мөргөж, сөгдөж, алга хавсран залбирч, “Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв шүү” хэмээн хоолгойгоо сөөтөл хашхирч,  алга ташиж гүйдэг хэдэн улстөрч тэднийг дагасан УИХ-ын гишүүн болох гэж санаархагч 200-300 хүнд хэрэгтэй гэдэг нь тодорхой.

        Тиймээс Төрийн ордонд сууж үзэх сонирхолтой, УИХ-ын гишүүний албан тушаал, нэр хүнд горьддог хэдийгээ эрхлүүлж, Үндсэн хуулиа оролдохоосоо өмнө үнийн өсөлтийг яаралтай зогсоож, эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах хэрэгтэй байна, УИХ-ын гишүүд ээ.

https://ergelt.mn/news/1/single/22665


URL: