Өмхий махны учрыг олоход өнөө маргаашдаа хэцүү байна

3d8290a976ae7bec24e6572864dff9e7Өмхий махны асуудал нийгмийг шуугиулж, нийслэлчүүд хүнсний аюулгүй байдал нь алдагдаад удсаныг сая л мэдэж төр засгаас ямар нэг арга хэмжээ даруй авна гэдэгт итгэж сууна.

Өнгөрсөн сард Нэгүүн.мн сайтын “Эмээлт” дэх мах боловсруулах үйлдвэрээс хийсэн лайв мэдээний дараачаас өмхий махны асуудал нийгэм даяар тархаж хот, хөдөөгүй халаглаж байна. Ид шуугианы дундуур “Өмхий махны асуудал яагаад гарч ирэв” гэдгийн учрыг олж тайлбарлахад, дүгнэлт хэлэхэд өнөө маргаашдаа хэцүү байна.

Харин Орос руу мах гаргана гэдэг сургаар махны бизнес хийдэг хятадуудын зах зээлийг хумих гэж, тэднийг шахахын тулд ийм сэдэв гаргаж ирэв үү, ийм замаар хойшоо мах гаргах замаа засч байна уу гэх хардлага байна. Угтаа тэр, энэ гэж ялгахгүйгээр хоёр хөрш рүүгээ, аль алин руу нь махаа гаргаж, өгч байх хэрэгтэй. Наймаанд “Тэр нь ах дүү, энэ нь дайсан” гэдэг ойлголт байдаггүй. Наймаанд найзгүй гэдэг үгийг монголчууд 1989 оноос хойш өчнөөн сонсож, биеэрээ мэдэрцгээсээр ирсэн. Наймаанд ашиг л байдаг. Ашиг л харах ёстой. Мах гаргавал Монгол Улсад ямар ашигтай вэ гэж харж аль, аль тал руу нь өгч байх хэрэгтэй. Түүнээс биш нэгийг нь ах дүү хэмээн хошуурч, нөгөөг нь “Чи муухай” гэх нь ямар ч ашиг авчрахгүй.

Бас нэг хардлага яваад байгаа нь асуудал дагуулсан тэр махнууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хүний компанийнх гэх. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг л унагахын тулд Монголын махны салбарыг ингэж сууриар нь ганхуулж түлхэнэ гэж баймааргүй юм. Өндөр албан тушаалаасаа буучихсан, уначихсан хүнийг юунаас нь салгах гэх ийм юм хийх билээ гэж эргэлзээ төрж байна. Түүний хамаарал бүхий компаниуд, хамаатан садан болгонтой нь өмхий махыг холбочих гээд янзан бүрээр оролдоод байна уу даа ч гэж харагдах. Хэрвээ тийм бол бөөсөнд хутга гэгчээр дэмий юм болж байна. Нэгнээ унагахын тулд бүхэл бүтэн нэг салбараа самарна гэдэг хэтэрхий улайрсан хэрэг биш гэж үү.

Нөгөө талдаа, эсвэл энэ бүх шуугианыг Х.Баттулга зохион байгуулаад байна уу гэдэг хардлага байна. Хятадууд мах яаж бэлтгэж байгааг хар даа, аюултай байгаа биз. Тиймээс хятадуудыг махны салбараас гаргаад Орос руу мах гаргах нь зөв байгаа биз гэдэг мессэжийг өгөхийг зорьсон ч байж мэднэ.

Өөр нэг өнцөг байгаа нь тахиа, гахай, загасны мах боловсруулдаг үйлдвэр, томоохон компаниуд аливаа улсын зах зээлийг эзлэхдээ тухайн улсын иргэдийн зонхилон сонгож хүнсэндээ хэрэглэдэг махыг нийтээр жигшүүлж, зах зээлээс түлхэж гаргаад орон зайнд нь өөрсдийн бүтээгдэхүүнээ лангуу эзлүүлэх замаар аливаа улсыг хүнсээр нь эзэлдэг башир арга байдгийг ч зарим хүн сануулж байна. Өмхий махны асуудал яагаад гарч ирэх болов гэдэг дээр энэ мэтээр дэвшүүлж болмоор таамаг, хардлага нэлээд байгаа биз. Өдөр ирэх бүр махны асуудал улам өндрөө авч, үүссэн нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэн, иргэд өөрсдөө тал талаас нь задалж харуулж байна.

Цогцос хадгалдаг бодист дэвтээдэг байсан мах нь Улаанбаатарт орж ирдэг байсан эсэх нь хамаа алга. Бууз, банш, хиамны орцонд тэр мах нь ордоггүй л гэцгээгээд байгаа. Ордог, ордоггүй нь ч хамаагүй. Сэтгүүлчид ч махны асуудлаар сурвалжилга, ярилцлага хийхдээ буруу асууцгаагаад байна. “Дулааны аргаар боловсруулдаг махаа Улаанбаатарт оруулж ирж зардаг уу” гэж асуух юм. Ийм махыг мэдээж Улаанбаатар руу оруулж ирж зарахгүй. Яагаад вэ гэвэл чанаж, болгоод хатаачихсан, жингийнхээ 80-аад хувийг алдсан хатаасан, ариутгасан мах шүү дээ. Боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн болгосон мах нойтноосоо илүү үнэ өртөгтэй. Ийм үнэтэй мах дотоодод зарагдахгүй. Гадаадад гаргадаг гэдэг нь үнэн. Харин нойтон махнуудад асуудал байна уу. Асуудалтай нойтон махнууд бууз, банш, хиамны цехүүдээр тараад байна уу, цэцэрлэг, сургуулийн цайны газруудад очоод байна уу гэдэг нь л санаа зовоож байгаа гол асуудал шүү. Үүнийг л асууж, араас нь үргэлжлүүлж сурвалжлах хэрэгтэй. Махны энэ асуудлыг хэвлэл мэдээллийн салбарынхан дэлгэж тавьснаас хойш болж буй үйл явцыг харахад МХЕГ гэдэг байгууллага ажлаа хийдэггүй юм байна гэдэг нь харин илэрч байна. Ажлаа хийдэггүй юм уу, хийж мэддэггүй юм уу, эсхүл хийх хүсэлгүй мэргэжлийн бус хүмүүс тэнд бөөгнөрчихсөн байдаг юм уу. Монголчуудын амьд явах баталгааг хангахын тулд хяналт тавьж, хүнсний аюулгүй байдалд байнгын анхаарч байх ёстой Монголын байгууллага, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг газар. Гэтэл битүүмжилсэн 175 тонн махны эзэн олдохгүй байна гэсэн тайлбар хийгээд сууж байх юм. Цогцос хадгалдаг бодист дэвтээсэн мах нийслэлд орж ирсэн үгүйг, мөн лабораторийн шинжилгээнийхээ хариуг хэлэхгүй ч гэх шиг. Нийгмийг, Монголыг нийтээр нь хямраасан махны энэ асуудал дундаас бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж буй нь МХЕГ, төр засаг болчихоод байна. Мэргэжлийн хяналтынхан нэг стандартаар шалгаж ирсэн бол хэзээ ч ийм шуугиан гарахгүй байсан. Хятад нь байна уу, Орос нь байна уу, Монгол нь байна уу хэн ч биднийг хорлодог байсан бай мэргэжлийн хяналтынхан нь ажилласан шиг ажилладаг байсан бол хэн ч, яаж ч махаар наадаж чадахгүй л дээ. Тэд ажлаа хийдэг бол энэ их хардлага, сэрдлэг, дуулиан, өмхий мах гарч ирэхгүй байсан нь үнэн.

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газарт маханд формальдегид гэдэг бодис байгаа эсэхийг тодорхойлдог стандарт байдаггүй учир асуудал дагуулсан махнуудаа шинжилж чадахгүй байна гэдгийг сонссон иргэд толгой сэгсэрцгээсэн. Арайчүү шинжилгээ хийж хариу нь гарсан ч лабораторийн зүгээс ямар нэг тайлбар хийхгүй хоног авч байгаа нь уг байгууллага ажиллах ямар ч чадавхгүй гэдгийг нотлоод байгаа биш гэж үү.

Өмхий махны асуудлын нарийн зангилааг тайлж бичихэд одоогоор эрт байгаа ч харин ганц ойлгомжтой байгаа зүйл бол МХЕГ ажилладаггүй нь тодорхой боллоо. Ажлаа хийдэггүй төрийн энэ байгууллагыг даруй татан буулга. Эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь дарга нар, байцаагч гэлтгүй бүгдийг нь 100 хувь соль. Шинэ бүтцээр ажиллуулахдаа сургалт хийж байцаагчдыг нь өндөр хэмжээнд чадавхжуул. Бид хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд эхлээд мэргэжлийн хяналтын байцаагч, тэднийг удирддаг дарга нартай тулж ажиллахгүй бол үүнээс өөр арга алга. Энэ бол монголчуудын эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал. Монгол хүн эрүүл хүнс идэж, амьд явах баталгаагүй болчихжээ.


URL: