Үнийн өсөлт ба иргэдийн худалдан авах чадвар
Сиймхий л олдвол шатахууны үнэ нэмэгдэж, сэжим л гарвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөж байдаг нь манай нийгмийн хувьд бичигдээгүй хууль болсон гэхэд хилсдэхгүй. Яг л энэ жишгээр шатахууны үнэ нэмэгдэж, хил гаалийн асуудал шийдэгдээгүй хэвээр өдөр хоног өнгөрч байна. Бид шатахууны үнэ нэмэгдсэний дараагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ хэрхэн нэмэгдсэн болон үүнээс шалтгаалж ард иргэдийн ахуй амьдрал, өрхийн төсөв хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар сурвалжиллаа.
Сансарын үйлчилгээний төв урьдын адил олны хөлд дараатай байх аж. Автобусны буудлын дагуу байрлах ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг)-ээр үйлчлүүлэгчид үл тасарна. Бусдаасаа арай цэвэрхэн гэмээр хүнсний мухлаг руу явж ороход 50 орчим насны эмэгтэй задгай мөнгө тоолон сууж байлаа. Бидний өмнөхөн орж худалдаа хийж буй бүсгүй “Хүслийн ундаа хэд вэ” гэж асуухад худалдагч “бүгд 2000 төгрөг” гэв. Тэр бүсгүй халаасаа ухаж, өөрт байгаа мөнгөө дахин, дахин тоолж үзээд “Өө хүрэхгүй юм байна” гээд жижиг савлагаатай цэвэр ус худалдаж аваад гарав. Захын жижиг мухлагт худалдаалж буй ундаа ийм үнэтэй байсан тул бид бусад өргөн хэрэглээний бараа ямар үнэтэй байгааг судлахаар Амгалан захыг зорьсон юм.
ШУЛСАН ЯСНЫ ШӨЛӨӨР ГОЛ ЗОГООДОГ ИРГЭДИЙН ХУВЬД МАХ ИДНЭ ГЭДЭГ НЬ “МӨРӨӨДӨЛ” БОЛЖЭЭ
Амгалан захын автобусны буудалд биднийг буух үед гартаа тор дүүрэн шулсан яс барьсан 17 орчим насны хүү сууж байлаа. Түүнээс хаанаас худалдан авалт хийсэн болоод яагаад заавал шулсан яс авсан болох талаар лавлахад “Амгалан захын махны худалдааны тасгаас авсан. Гэрт хамгийн ойрхон зах болохоор тогтмол эндээс мах авдаг. Хоосон шахуу яс аваад явж байгааг минь гайхаж байгаа байх. Би бол ийм байдлаас ичихээ больсон. Яагаад гэвэл мах үнэтэй болохоор хоолтой хонохын тулд шулсан яс худалдаж авдаг. Гэртээ очоод ясаа чанаж, сайхан шөл гаргаж ууна даа. Хоосон шахуу яс авч шөл гаргаж уудаг бидэн шиг хүмүүст тарган малын мах чанаж идэх, махтай хоол хийнэ гэдэг ч мөрөөдөл шиг санагдах болсон” гэв. Тэрбээр, ингэж хэлэхдээ бодлогоширсон байдалтай уртаар санаа алдаж, газар ширтэн сууж байлаа.
Бид зам гарч Амгалан зах руу орох үед үйлчлүүлэгч цөөхөн байгаа харагдана. Энэ талаар худалдагчид “Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр буурчихлаа шүү. “Үнээ нэмэхгүй бол ашиг олохгүй, нэмэхээр хүн авахгүй хэцүү байна” зэргээр хоорондоо ярьцгаана. Хүнсээ цуглуулж яваа бололтой залуу гэр бүл дээр очиж үнийн өсөлт тэдний амьдрал, өрхийн төсөвт хэрхэн нөлөөлж буй талаар асуулаа. Эхнэр Х.Наранхүү “Би сардаа 1-2 удаа хүнсээ цуглуулахаар зах ордог. Цалин буусны дараа мах, ногооноос эхлээд хэрэгцээт бараагаа авч байгаа нь энэ. Сүүлдээ ч худалдан авалт хийхээс халширч байна. Учир нь ирэх бүрд л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байх юм. Захын бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байна. Тиймээс ч гэрийнхээ хажуу дэлгүүрээсээ худалдан авалт хийж чадахгүй хэдэн төгрөгийн наана болов уу гэж хэрэг болгон зах руу ирдэг. Би нөхөр таван хүүхдийн хамт долуулаа амьдардаг. Сарын цалингаа амьдралдаа хүргэх гэж үнэхээр толгойны өвчин болж байна. Нэг сарын хүнсний хэрэгцээндээ 200-300 мянган төгрөг төсөвлөдөг. Өмнө нь хүнс дуусахаар гэрийн ойролцоох дэлгүүрээс зээлчихдэг байсан. Харин одоо яаж ч учирлаж гуйгаад өгөхөө больсон. Хэдхэн сарын өмнө би хонины цул мах нэг килограммыг нь 9500 төгрөгөөр авдаг байсан бол одоо ястай хонины мах л ийм үнэтэй болсон байна. Үхрийн мах үнэтэй болохоор үнэндээ авч хүчирдэггүй ээ” гэлээ
Н.УДВАЛ: 20 ГАРУЙ ЖИЛ НАЙМАА ХИЙХДЭЭ ИЙМ БАГА ОРЛОГОТОЙ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ
Амгалан худалдааны төвд хүнсний худалдаа эрхлэгч Н.Удвал иргэдийн худалдан авалтын талаар “Энэ жил иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан байна. Жишээлбэл, өмнө нь таван литрийн ургамлын тос авдаг байсан хүн одоо нэг литрийн савлагаатайг авдаг болсон. Та харж байгаа биз дээ манай лангуу бол хоосроогүй хүний хэрэгцээ бүгд л байна. Даанч худалдаж авах хүн ховордчихсон. Олон өдөр хоног болж байж бараагаа зарна. Буцааж татах гэхээр тухайн бараа бүтээгдэхүүн тасарна, үйлдвэр нь нийлүүлэлт хийж чадахаа больчихно. За ингээд бөөн эрэл сурал, хэл ам болж байж багахан бараа ирнэ. Зүгээр ч нэг ирэхгүй ирэх бүрдээ л үнэ нь 2000-6000 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Би энэ лангууны түрээс, цахилгааны төлбөр зэрэгт сард 650 мянган төгрөг төлдөг. Ашиг орлого бага болохоор заримдаа хий түрээсийн мөнгө төлөөд суугаад байгаа ч юм шиг санагдах үе бий. Одоо аргаа барж, тартагтаа тулж байгаа ч юм уу “Наймаа хийхээ больдог ч юм бил үү” гэж бодох боллоо. Эгч нь 20 гаруй жил худалдаа эрхлэхдээ сүүлийн хоёр жил шиг ийм бага орлоготой байж үзээгүй. Үнэхээр иргэдийн худалдан авах чадамж буурсан гэдгийг баттай хэлэх байна” гэв.
100 ГРАММ МАХ АВААД ХОНИНЫ СҮҮЛЭЭР АРВИЖУУЛНА
Бид доод давхарт байрлах мах, гурил, будааны хэсэг рүү орлоо. Махны лангуунуудын урдуур алхахад худалдаачид “Хонь, үхрийн цул, адууны ястай мах байна, “Өнөөдөр ирсэн шинэхэн мах шүү” зэргээр ам өрсөн чанга дуугаар шаагилдана. Байс гээд л урсах хөлсөө арчиж, мах эвдэн зогсох 40 эргэм насны худалдаачныг М.Алтанхуяг гэдэг гэнэ. Тэрбээр цөөнгүй жил махны худалдаа эрхэлж байгаа бөгөөд иргэдийн худалдан авалтын талаар “Бүтэн малын мах худалдан авдаг хүн тун ховор болсон. Дийлэнх нь 500 граммаас килограмм орчим мах авч байна даа. Олны дунд “100гр мах авъя. Хонины сүүлээр арвижуулж иднэ ээ” гэдэг ч хүн байгаа. Тоглож байгаа байлгүй дээ гэж бодоход яалт ч үгүй л хэлснээ авдаг. Би өглөө болгон Дэнжийн мянга зах руу явж 7-8 гулууз мах авчирдаг. Өмнө нь энэ хэмжээний мах авчраад үд гэхэд худалдаад дуусчихдаг байсан. Харин одоо бол өдөртөө арай гэж дуусаж байна. Дуусахгүй хөргөгчид хонуулах үе ч байна” гэлээ.
Бид Амгалан захаас гарч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр хороолол руу явсан юм. Та бидний сайн мэдэх “Өрийн дэвтэр” гэр хорооллын жижиг дэлгүүрт хураалттай байдаг шүү дээ. Тус дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт ороход мөн л хүн бага, эл хуль байсан юм. Худалдагч бүсгүй дуу аялан, бараагаа өрж харагдав. Түүнээс иргэдийн худалдан авах чадвар болон ашиг орлого ямар байгаа талаар тодрууллаа.
-Иргэд ихэвчлэн ямар бараа бүтээгдэхүүн худалдан авч байна вэ ?
-Сүүлийн үед манай эндхийнхэн граммын мах, ногоо, гурил, будаа, гоймон зэрэг өдөр тутмын хүнсний орц болсон бараа бүтээгдэхүүнийг л авч байна даа. Ер нь манай ойр орчмын хүмүүсийн санхүү хүнд болоод байна уу даа гэж ажиглаад байгаа. Манай дэлгүүрээс хүмүүс өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна жимс, чихэр, зайрмаг зэргийг авч, тор дүүрэн хүнс өргөөд л гардаг байсан үе саяхан. Хүнс үйлдвэрлэгч томоохон компаниуд нь захиалга авахаа больсон. Өмнө нь дуудсан цагт л хүргээд өгчихдөг амар байсан юм. Одоо бол тэд захиалга авахгүй байгаа учир бид өөрсдөө бөөний төвүүдээр явж, аль болох хямд үнээр, олон нэр төрлийн бараагаа олж ирэхийг хичээж байна. Сонголт их, үнэ боломжийн байж л орлого олно шүү дээ.
-Сүүлийн өдрүүдэд барааны үнэ хэр нэмэгдсэн бэ?
-Сүүлийн өдрүүдэд ч гэлтгүй бараа худалдан авах бүрт багадаа 1000-3000 төгрөгөөр нэмэгдэж байна. Бөөний газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах үед бидэнд борлуулалт багатай байдаг эсвэл хугацаа нь дуусах дөхсөн барааг заавал дагалдаж авахыг шаардах болсон. Өөрөөр хэлбэл, бидэнд “Та нэг бол хүн авах дургүй зүйл авч наймаагаа түгж эсвэл энэ барааг хугацаа нь дуусахаас өмнө амжиж зар” гэдэг “ял” тулгадаг болсон. Бид ч татгалзаж чадахгүй, тэгэх ч эрх байдаггүй. Учир нь бусад бараагаа авахын тулд тэдний шахаж буй барааг аргагүй эрхэнд авахаас өөр сонголтгүй болдог. Ер нь иргэдээс гадна худалдаа эрхэлдэг бид нарт ч үнийн өсөлт, хил гаалийн асуудал хүндээр тусаж байна. Хамгийн хэцүү нь зах зээл хямралтай, бараа бүтээгдэхүүн олдоц ховор зэрэг шалтгаантай байгааг иргэд ойлгохгүй биднийг дур мэдэн нэмээд байгаа мэт ойлгож, уурлах нь ихэссэн. Ийм хандлагатай худалдан авагч орж ирсэн үед эвтэйхэн ойлгуулж хэлэхийг хичээдэг. Гэхдээ л ойлгохоосоо ойлгохгүй хүн их байдаг.
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН ХЭДИЙ Ч АМЬДРАЛД ХҮРЭЛЦЭХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Биднийг ярилцах зуур худалдан авагчид орж, гарсаар байв. Тэдний дундаас бараг л бүх гурилан бүтээгдэхүүнийг эргүүлж, тойруулан үзэж буй 60 орчим насны эмэгтэй анхаарал татав. Тэрбээр, хэд хэдэн бүтээгдэхүүний үнийг нь харж байснаа худалдагчаас “Хамгийн хямд нь аль вэ” гэхэд худалдагч “Гэрийн боорцог л хамгийн хя мд нь даа эгчээ” гэв. Худалдан авагч “Идэж л байвал ялгаа юу байх вэ дээ. Одоо цагт ч гоё сайхан, амт чанартайг нь авч иднэ гэдэг хэцүү болж. За ямартай ч хамгийн хямдаас нь эгчдээ нэгийг өгчих миний дүү” гэв. Бид дэлгүүрээс зэрэгцэн гарсан учир гэрийнх нь зүг алхах зуур цөөнгүй үг солив. Тэрбээр 59 настай бөгөөд дөрвөн жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Энэ талаар “Анх тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө мах, ногоогоо аваад цаана нь ач, зээ нараа эрхлүүлэх багагүй мөнгө үлддэг байсан юм. Одоо тэтгэвэр нэмэгдсэн хэдий ч юмны үнэ тэнгэрт хадаж, мөнгө цаас болжээ. Эгч нь тэр цаад дэлгүүрээс байгаа мөнгөндөө тааруулаад жаахан мах авлаа. Хоёр өдрийн хоол хийж хүрэх байх гэж найдаад л явж байна. Найдах ч юу байх вэ, яаж хүргэнэ дээ. Хамгийн хямдаар нь гэрийн боорцог авсныг ч чи сая харлаа. Эгч нь хэдий нас дээр гарсан ч өөрийн гэсэн орон байр байхгүй болохоор сарын 200 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн байранд амьдардаг юм. Сардаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авахаас өөр орлого гээд юм байхгүй. Тийм болохоор яаж, ийж л хүргэж байна. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гээч нь болж байна. Хажуугаар нь энэ биед эрүүл эрхтэн гэж алга. Даралт ихэснэ, нойр булчирхай өвдөнө. Эмийн үнэ ч байс гээд өсдөг болохоор ихэнхдээ өвдөлтөө тэсэж л амьдарч байна. Эмээ авах уу, махаа авах уу гэж эргэлзэх өдрүүд ч тохиолддог. Үүнээс гадна утасны төлбөр, цахилгааны мөнгө зэрэг урсгал зардлууд их гарч ирнэ. Амьд хүн хойно аргалж л явна даа” гэв.
https://ergelt.mn/news/125/single/22345
URL: