Израильд улс төрийн мухардмал байдал үүсээд буй энэ үед Ерөнхий сайд Нафтали Беннет, Гадаад хэргийн сайд Яир Лапид нар тус улсын парламент болох Кнессетийг тараах шийдвэр гаргаснаа даваа гарагт зарлан мэдэгдлээ. Ингэснээр парламентын ээлжит бус сонгуулийг явуулах нь тодорхой болж байгаа бөгөөд ирэх долоо хоногт дээрх шийдвэрийг Кнессет хэлэлцэн баталсан тохиолдолд сайд Я.Лапид шинэ сонгууль хүртэл Израилийн засгийн газрыг тэргүүлэх болно. Даваа гарагт Ерөнхий сайд Н.Беннет хэлэхдээ “засгийн газраа авч үлдэхийн тулд бид боломжтой бүхнийг хийлээ. Эцэст нь, парламентыг тараах нь Израилийн хувьд зөв шийдвэр болж байна. Тогтсон журмын дагуу ноён Лапид сайд нарын танхимыг тэргүүлэх болно” гэв. Ингэснээр Н.Беннет Израилийн түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн богино хугацаанд хашсан хүн болж байна. Түүнчлэн тэрбээр шашны намаас анх удаа засгийн газрыг тэргүүлсэн хүн бөгөөд нам нь Кнессетэд ердөө 6-хан суудал авсан хэр нь ерөнхий сайдаар томилогдсон анхны хүн гэдгээрээ онцлог.
Израилийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар, ээлжит бус сонгууль 10 дугаар сарын 25-нд болж магадгүй бөгөөд энэ нь сүүлийн 3 жилийн хугацаан дахь 5 дахь сонгууль юм.
Сануулан дурдахад, эрх баригч эвсэлд багтаж буй 8 намын хамтран байгуулсан Беннетийн засгийн газар өнгөрсөн оны 6 дугаар сарын дундуур тангараг өргөснөөр “Ликуд” намын удирдагч Биньямин Нетаньяху Израиль улсыг 12 жилийн турш тасралтгүй удирдсан замнал тасарсан билээ. Үзэл баримтлалын хувьд ялгаатай намууд нэг эвсэлд багтах болсон цорын ганц шалтгаан нь Б.Нетаньяху ба түүний удирддаг баруун төвийн үзэлт “Ликуд” намыг засгийн эрхэнд дахин гаргахгүй байх явдал байв. Яг жилийн өмнө албан тушаалаа орхиж байсан Нетаньяху хэлэхдээ, боломж гарсан даруйд шинэ засгийн газрыг огцруулах болно гэдгээ ил шууд мэдэгдэж байв.
Эвсэл задарсан шалтгаан
Хэтэрхий алаг цоог бүрэлдэхүүнтэй засгийн газар огцрох гэж байгаа тухай яриа хэдэн долоо хоногийн өмнөөс сонсогдож эхэлсэн юм. Улс төрийн 8 намаас бүрдэх эвслийн дотор хагарал зөрчил үүсгэсэн гол шалтгаан нь 6 дугаар сарын эхээр Кнессетэд болсон санал хураалт болой. Тодруулбал, Иордан голын Баруун эргийн эзлэгдсэн газар нутаг дахь еврейн суурингууд Израилийн хуульд захирагдах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгахтай холбоотой зарчмын чухал асуудлыг Кнессетийн гишүүд хэлэлцжээ. Шашны ба барууны намуудаас бүрдэх сөрөг хүчнийхэн уг хуулийг үргэлжлүүлэн мөрдөхийг эсэргүүцсэн бол эвсэлд багтаж буй зүүний ба арабын намууд хуулийг дэмжихээс аргагүйд хүрэв. Гэтэл эвслийн хоёр депутат эсрэг санал өгсөн нь тэртэй тэргүй хэврэгхэн байсан эвслийн давамгайллыг улам сулруулж, ингэснээр тус эвсэл парламентын 120 суудлаас 59-ийг нь эзлэх болов. Өөрийг нь огцруулах нь гарцаагүй гэдгийг мэдэрсэн Н.Беннет өөрийн хүсэлтээр албан тушаалаа Лапидад шилжүүлэн өгөхөөр шийджээ. Одоо Кнессет тарсан ч гэсэн еврейн суурингуудад хууль эрхзүйн вакуум орчныг үүсгэхгүйн тулд дээрх хуулийг ирэх 5 сарын хугацаанд, шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үргэлжлүүлэн мөрдөх нь тодорхой. Тухайн хуулийг 1967 оны 6 өдрийн дайны дараа баталсан бөгөөд 5 жил тутамд сунгасаар иржээ.
Гадаад бодлогод өөрчлөлт гарах уу?
Беннетийн гаргасан шийдвэр нь эвсэлд багтдаг намуудын олон улстөрчийн хувьд гэнэтийн зүйл байлаа. Я.Лапид саяхныг хүртэл засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах байр суурьтай байсан бол одоо Нетаньяхуг засгийн эрхэнд дахин гаргахгүйн тулд сонгуулийн кампанит ажлыг сайтар зохион байгуулах ёстой боллоо. Жилийн өмнө хийсэн тохиролцоо ёсоор Н.Беннет эхний 2 жилийн хугацаанд ерөнхий сайдаар ажилласны дараа Я.Лапид түүний халааг авах ёстой байв. Харин даваа гарагт гаргасан шийдвэр ёсоор, шинэ ерөнхий сайд Лапид Гадаад хэргийн сайдын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших ба Н.Беннет Ираны асуудал эрхэлсэн шадар сайдаар ажиллахаар болжээ.
Одоо шинэ Ерөнхий сайдын хувьд улс төрийн тэмцэл, сонгуульд анхаарлаа төвлөрүүлэхээс гадна аюулгүй байдал, амьжиргааны өртгийн өсөлт, Иран, Хезболлах, ХАМАС-тай тэмцэх гэх мэт олон асуудалтай нүүр тулах нь. Энэ талаар Лапид өөрөө даваа гарагт үг хэлэхдээ онцлон дурдсан. Түүний хувьд нэгэн чухал үйл явдал бол ирэх 7 дугаар сарын дундуур Израильд хийх гэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены айлчлал мөн.
Ер нь бол, Израилийн ерөнхий сайдууд солигдсоноор тус улсын гадаад бодлогод бараг өөрчлөлт гардаггүй. Гэхдээ шинэ ерөнхий сайд ба Оросын Ерөнхийлөгч В.Путин хоёрын харилцаа цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг нь ажиглагчдын сонирхлыг татаж байна. Учир нь, ганцхан жил засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа Н.Беннет Оросын удирдагчтай хоёр ч удаа уулзсан бөгөөд тэрбээр Москва-Киевийн хооронд зуучлах хүсэлтэй байлаа. Харин Лапидын хувьд, тэрбээр Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Москвагийн уг үйлдлийг хатуу шүүмжлэх болжээ. Гэсэн хэдий ч Израиль улс Оросын эсрэг барууныхны тавьсан хоригт нэгдээгүй тул тус улсын агаарын орон зай Оросын нисэх онгоцуудад нээлттэй хэвээр байгаа юм.
Нетаньяху эргэн ирэх магадлал
Олон нийтийн санал асуулгын дүнгээр, сөрөг хүчний “Ликуд” нам урьдын адил хамгийн нэр хүндтэй нам хэвээр байгаа ажээ. Кнессет удахгүй тарах гэж байгаа тухай сонссон Нетаньяху “энэ бол сая сая израильчуудын хувьд гайхалтай сайхан мэдээ, энэ эвслийн засгийн газар бол улс орны түүхэн дэх хамгийн дампуу засгийн газар” гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш ээ.
Гэхдээ Нетаньяхугийн нам засгийн газрыг дангаараа эмхлэн байгуулахад шаардлагатай тооны суудлыг авч чадах эсэх нь тодорхойгүй. Одоогоор парламентад 29 суудалтай байгаа тус нам хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр 36 суудал авах төлөвтэй байгаа бол холбоотон жижиг намуудтай нийлснээр суудлын тоо 60-д хүрэх магадлалтай. Хамгийн гол нь, 2020 оноос хойш авлигын хэргээр шүүхэд дуудагдсаар байгаа өдгөө 72 настай Биньямин Нетаньяху засгийн газрыг дахин тэргүүлнэ гэдэгтээ маш итгэлтэй байгаа юм. Үүний сацуу одоогийн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтаж намуудын ирээдүй бүрхэг болжээ. Санал асуулгын дүнгээр, тэдгээрийн нэлээд нь Кнессетийн 3,25 хувийн босгыг давж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Тэгэхээр Израилийн улс төрийн амьдралын дүр зургийг урьдаас таамаглах нь тун адармаатай хэрэг бөгөөд ямар ч тохиолдолд сонгуулийн өмнөх кампанит ажил тун өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар өрнөх нь тодорхой.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: bbc.com; kommersant.ru