ШӨХТГ: Нийслэл рүү нэвтрэх машин бүрээс ариутгалын хураамж авч иргэдийг хохироосон байна
Эмээлт орчимд амьдардаг иргэний зүгээс ажилдаа явахаар товчоогоор нэвтрэх бүртээ ариутгалын 1000 төгрөг хураалгаж байгаа нь иргэдийн хувьд хохиролтой байна гэсэн гомдлыг ШӨХТГ-т ирүүлжээ. Гомдлын дагуу товчоодод шалгалт хийхэд Мал эмнэлэгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын даргын тушаалын дагуу гаргасан “мал болон малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн автомашиныг ариутгана” гэсэн журам байдаг, гэтэл товчоогоор орж гарч байгаа тээврийн хэрэгсэл бүрээс хураамж авч байсан нь тогтоогдсон байна. Мөн огноогүй, тамга тэмдэггүй, 2014 он гэсэн цаасыг ариутгалын тасалбар болгон өгч байжээ. Энэ нь иргэдийг хохироож байна гэж ШӨХТГ үзсэн байна. Тиймээс уг асуудлаар МЭЕГ-т хандан холбогдох хүмүүст хариуцлага тооцож, энэ үйл ажиллагааг зогсоож эргэн хариу мэдэгдэх зөвлөмжийг энэ сарын 16-ны өдөр хүргүүлжээ. Түүнчлэн ариутгалын бодисыг МЭЕГ-т хувийн аж ахуйн нэгжүүд нийлүүлдэг, МЭЕГ-аас тухайн товчоонд ажиллаж буй компаниудад өгдөг гэсэн тайлбарыг МЭЕГ-аас өгчээ.
МЭЕГ-ын даргын тушаалыг ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд нарын 2021 онд хамтран гаргасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийг ариутгахтай холбоотой тушаал, журмыг үндэслэн гаргажээ. Тус журамд тээврийн хэрэгслийг ариутгахдаа 1м.кв-ыг нь 150 төгрөгөөр тооцно, ариутгалтай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан байдаг юм байна.
ШӨХТГ-аас тандалт хийх үед малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн автомашиныг ариутгалгүй нэвтрүүлсэн тохиолдол гарсан байна. Өөрөөр хэлбэл, ариутгал хийж буй ажилчид цайны цагаараа энэ мэт журмын зөрчил гаргадаг болох нь тодорхой болжээ.
URL: