Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ

ab39a21e48af19f0bc51209fd51fb24bГАШУУН СУХАЙТ БООМТООР 1000 ТОНН НҮҮРС “ӨШИГЛӨСӨН” ХЭРЭГТ 10 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ, ГААЛИЙН АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЭРДЭНЭБАЯР, ХИЛИЙН ЦЭРГИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН АЖИЛТАН н.ДОРЖЖҮГДЭР НАРЫГ СААТУУЛЛАА

        Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтынхон бужигнаж байна гэнэ. Хилийн боомтоор 1000 тонн нүүрс “өшиглөсөн” бүлэглэлийг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын багийн Ажлын хэсгийнхэн илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогджээ. Энэ хэрэгт тус боомтод байрлах төр захиргааны байгууллагын ажилтнууд холбогдож, үгсэн тохиролцсон байж болзошгүй байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь,  Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хамтран их хэмжээний нүүрс “өшиглөсөн” хэрэгт Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг буруутгаж, цагдан хориод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

ХИЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС ГАРГАСАН ХЭРЭГТ 10 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

       Эх сурвалжийн мэдээлснээр “Гашуун сухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч тэргүүтэй хүмүүс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хилээр их хэмжээний буюу 1000 тонн нүүрс гаргасан байж болзошгүй байгаа. Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьсон гэсэн. Энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээх гэж оролдсон. Тэр анхны өгсөн мэдүүлэгтээ “Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр ямар ч хүн хамааралгүй” гэсэн гэнэ лээ. Гэхдээ энэ тийм байх боломжгүй. Тусгаар тогтносон, хууль, шүүхтэй улсын хилийн боомтоор хэдэн арван машин дараалал, дугаар болохгүйгээр хулгайгаар нүүрс тээвэрлээд байгааг ганцхан хүн гардаж зохион байгуулах боломжгүй. Цаашлаад зөвхөн манай улсын иргэд ч хийх боломжгүй байж мэднэ. Гэхдээ үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ. Том хэргийн сэжүүр байж болзошгүй учраас хууль хяналтын байгууллагынхан нухацтай шалгаж байгаа гэсэн. Тийм ч учраас энэ хэрэгт Д.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр тэргүүтэй 10 гаруй хүнийг дуудаж, байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Харин дээрх хоёр хүн уг хэргийн гол зохион байгуулагчид байж болзошгүй учраас саатуулсан байх гэх мэдээллийг өглөө.

        Монголын толгой хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа энэ хэрэг олон жилийн өмнөөс үйлдсэн хэргийн сэжүүр байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, олон жилийн өмнөөс хууль бусаар, хулгайгаар хил давуулдаг байсан бүлэглэлийн сэжүүрээс хууль хяналтын байгууллагынхан атгасан байж болзошгүй байгаа аж.

Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.ГАНБАЯР: АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЭРДЭНЭБАЯРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН. ХИЛЭЭР БҮРТГЭЛГҮЙ НҮҮРС ГАРГАСАН ХЭРЭГТ ГААЛИЙН ГАЗРЫН ӨӨР АЖИЛТАН ХОЛБОГДООГҮЙ

Бид энэ хэргийн талаар Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяртай холбогдож тодруулсан юм.

        Тэрбээр “Хилийн боомтоор хууль бусаар нүүрс гаргасан гэх хэрэгт нэр холбогдсон Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаярыг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Одоогийн байдлаар түүнийг цагдан хорьсон эсэхийг мэдэхгүй. Мөн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяраас өөр гаалийн ажилтныг хуулийн байгууллагаас шалгаагүй. Өөрөөр хэлбэл, манай газраас ганцхан хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн үг. Гэхдээ хилээр 1000 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлт хийхгүй, гаргах боломжгүй. Тийм их хэмжээгээр гаргаагүй байх. Одоогийн байдлаар нарийн тогтоосон тоо алга. Хууль хяналтын байгууллагынхан буруу, зөвийг нь шүүгээд гаргах байх. Д.Эрдэнэбаяр өөрөө хүсэлтээ өгөөд, шалгагдаж байгаа. Энэ хэрэг манай Гаалийн газрын дотоод хяналтын шалгалтаар илэрсэн. Хууль бусаар хил нэвтрүүлсэн нүүрсийг “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс буулгах талбайгаас ачсан гэх яриа бий. Гэхдээ одоогийн байдлаар энэ нь тогтоогдоогүй байгаа. Маш олон нүүрс ачиж, буулгах талбай бий шүү дээ.  Би ажлаа аваад, жил гаруй хугацаа өнгөрч байна. Ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр Гашуун сухайтын Гаалийн газарт гурван жил ажилласан гэсэн” гэв.

       Ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээхийг оролдсон ч хууль хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайн том бүлэглэл байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Үеийн үед нүүрс “өшиглөсөн” хэрэгт сэрдэгдэж, шалгагддаг гаалийн байгууллагын ажилтнуудын гар, хөл нь Д.Эрдэнэбаяр байх магадлалтай аж. Түүний гол хамтрагч нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч байж болзошгүй. Тиймдээ ч тэднийг хамтад нь хууль хяналтын байгууллагаас саатуулж, цагдан хориод байгаа.

ХИЛИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН ЗАХИРАГЧ Б.ГАНТӨМӨР: АЛБАН ХААГЧ ДОРЖЖҮГДЭРТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ. ХЭН ХОЛБОГДСОН НЬ ТА НАРТ ХАМААГҮЙ

         Бид Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч Б.Гантөмөртэй холбогдож, нүүрсний хэрэгт холбогдсон тус ангийн албан хаагч н.Доржжүгдэрийн талаар тодруулсан юм. Б.Гантөмөр захирагч “Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас би мэдээлэл өгч болохгүй. Цагдаагийн байгууллага нь шалгаад тогтоох байлгүй дээ. Албан хаагч н.Доржжүгдэр ажлаа хийж байгаа эсэхийг ч хэлэхгүй. Энэ хэрэгт хэн холбогдсон нь та нарт хамаагүй” гэлээ.

Одоогийн байдлаар тус ангийн хэчнээн албан хаагч энэ хэрэгт холбогдсон нь тодорхойгүй байна. Цаашлаад ангийн захирагч нь ч холбогдсон байхыг таашгүй юм. Бид үүнийг ч Б.Гантөмөр даргаас лавлахад “Та нарт хамаагүй” гэх тайлбарыг өгөөд утсаа салгасан билээ.

         Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр болон бусад эх сурвалжийн өгсөн мэдээллээр хууль бусаар хил давсан нүүрсийг “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбайгаас ачсан гэх. Өөрөөр хэлбэл, хулгайн замаар хил давсан нүүрсийг “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байж болзошгүй байгаа ажээ. Хэрэв уг компанийн талбайгаас ачсан нь тодорхой болбол “Хаанаас, ямар замаар, аль газраас ачигдаж, тус компанийн буулгалтын талбайд буулгасан, хулгайн нүүрс юм уу, зөвшөөрөлтэй юм уу” гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох ёстой.

“Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.ЭНХ-АМГАЛАН: МАНАЙ ТАЛБАЙГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС АЧСАН ЭСЭХИЙГ БИ МЭДЭХГҮЙ

          Уг мэдээлэлтэй холбоотойгоор “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан “Хилээр 1000 тонн нүүрс хууль бусаар гаргасан гэх хэргийг би мэдэхгүй. Энэ нүүрсийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хадад байрлах манай компанийн нүүрс буулгах, ачилтын талбайгаас ачсан эсэхийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагаас намайг шалгаагүй. Энэ хэргийг та бүхэн албаны хүмүүсээс тодруулах нь зүйтэй. Албаны хүмүүс намайг нэр холбогдсон гэсэн бол тэрүүгээр нь л явна биз дээ. Би нүүрс буулгалт, ачилтын талбайн ажилд оролцдоггүй болохоор хэлж мэдэхгүй юм. Би хэдийгээр энэ компанийн захирал ч гэсэн ажил нь тусдаа байдаг” гэсэн юм.

      Ямартай ч тус компанийн захирал нүүрс буулгалтын талбайн ажилд оролцдоггүй, мэдэхгүй гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутай гэвэл буруугаа хүлээнэ гэх утга бүхий зүйл ярилаа. “Ханбогд инженеринг” ХХК нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн нүүрс ачилт, буулгалтын талбайны зөвшөөрлийн хугацаа 2022 оны долдугаар сарын 16-нд дуусах ажээ.

https://ergelt.mn/news/59/single/22170


URL: