Ард түмний тархиар наадагч Д.Амарбаясгалангийн хорлол хэрээс хэтэрлээ

Ард түмний тархиар наадагч Д.Амарбаясгалангийн хорлол хэрээс хэтэрлээМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийгөө үе, үе хэвлэлээр магтуулах дуртай нэгэн. Магтаалын гол өнцөг нь улс төрийн өрсөлдөгчөө уран нарийн арга хэрэглэж зайлуулсан хийгээд намаа сонгуульд ялах боломжийг нээсэн, УИХ-ын гишүүн болохоос татгалзаж намынхаа гал тогоог найдвартай хариуцаж байгаа гэх мэт өнцгүүд.

Сүүлд бас үүн дээр “Хөгжлийн банкны хэргийг гаргаж ирснээрээ үхээнц дорой байгаа Ардчилсан намын өмнөөс ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна” гэх худал хуурмаг магтаал нэмэгдсэн байна лээ. Хэрвээ МАН сонгуульд ялсан, Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч Х.Баттулгыг У.Хүрэлсүхийн замаас зайлуулсан, Хөгжлийн банкны асуудлыг ил болгосон зэргийг Д.Амарбаясгалан санаачилж, МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрэгжүүлсэн нь үнэн л бол энэ бүгд нь ердөө “нохой заль”, улсыг хорлосон, ард түмнийг хууран мэхэлсэн, улс төрийн хүчний зангараг, ёс зүйг уландаа гишгэсэн үйлдлүүд байсан гэдгийг хэлж чадах байна.

2020 оны сонгуульд цар тахлыг ашиглаж, бусад нам эвслүүдэд уулзалт зохион байгуулах боломжийг боож, хаах замаар ялсан. МАН харин эрх баригч учраас дарга нар нь ажил үүргээ хийж байгаа нь телевиз радиогоор байнга гарч, давуу тал олонтой байв. Нөгөөтэйгүүр сонгуулийг хойшлуулах шалтгаан бүрдээд байсан ч одоо л сонгуульдвал ялна гэдэг шуналаасаа тэр буцаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, намынхаа эрх ашгийг ард түмний амь нас, эрүүл мэндээс илүүд үзсэн болох нь үүгээр тодорхой болдог.

Орон нутгийн сонгуульд МАН ялсан ч Аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжлах тухай заалт хуульд шургуулж амжсаныхаа ачаар Ардчилсан нам ялсан аймгуудад ч намынхаа нөлөөг тогтоосон. Түүний төрсөн нутаг болох Говь-Алтайд ч энэ байдал тод илэрч, Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед ч байгаагүй МАНАН үүссэнийг өмнө нь болж байсан явдлууд нотолсон, одоо болж байгаа, ирээдүйд болох олон үйл явдал ч нотолно доо.

Х.Баттулгыг бол зүгээр л залилчихсан. “Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахиж нэр дэвших эрхгүй” гэсэн хуулийн заалтыг ”Та одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм чинь танд хамаарахгүй ээ” гэж ойлгуулж баталсныхаа дараа Үндсэн хуулийн цэцээр “Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө” гэсэн дүгнэлтийг гаргуулсан байдаг. Энэ ажилдаа гуравдагч хүчин болох Т.Доржханд гишүүнийг ашигласан. Парламент дахь гуравдагч хүчнийг “нохойд барьдаг мод” болгосон. Том сөрөг хүчин Ардчилсан намыг хагалан бутаргах хор ч МАН-ын “гал тогоо”-нд найруулагдсан.

“Хөгжлийн банк”-ны хэргийн тухайд, илрэх нь тулчихсан, цаг хугацааны л асуудал байсан. Хуулийнхан илрүүлбэл эрх баригч МАН-ыг шинэ, хуучинтай нь тэр чигт нь хөмөрч мэдэх байсан учраас л өөрсдөө эхэлж илчилсэн болж жүжиг тоглосон юм. Энэ нь МАН-д л ашигтай болохоос Монгол Улсад ашгаа өгөөгүй. Энэ хэргээс болж үндэсний үйлдвэрлэгчид дарамт шахалтад орсон уу гэхээс албан тушаалын хэрэгтнүүд, тэр тусмаа УИХ-ын гишүүд хариуцлага хүлээгээгүй. Прокуророос гаргасан нэр бүхий дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй байдаг.

Уншигч авхай санаж байгаа бол, ЖДҮДС-гаас гишүүд нь олноороо зээл авсан хэрэг илэрсний дараа МАН XXX хурлаа хийж, үндсэн дүрэмдээ “МАН-ын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдож,  ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, дээр нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж өөрчлөлт оруулж байлаа. Гэтэл дөрөвхөн сарын дараа энэ дүрмээ уландаа гишгэчихсэн.

ХЗДХЯ-наас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, нэгдсэн чуулганаар нэг мөсөн эцэслэн хэлэлцэхээр болчихоод байгаа. Нэмэлт өөрчлөлт гэдгийн цаана Хөгжлийн банк болон төрийн мэдлийн бусад сангуудыг хоосолсон албан тушаалтнуудыг “Хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг юмаар өршөөх санаархал агуулж байгаа нь тодорхой байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд 17.13 “Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах” гэмт хэргийг шинээр нэмж, ялын дээд хэмжээг нь 5 жил байхаар хуульчилснаараа авлигач гишүүдээ өршөөж байгаа аж. Эрүүгийн хуульд ялын доод хэмжээг 1 жилээс дээш 8 жилийн ялтай гэмт хэргийг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцож болдоггүй хөөн хэлэлцэх тогтоосон байдаг. МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй УИХ энэ өөрчлөлтийг баталж, улайм цайм юм хийвэл цаана нь бүр ч том хулгай, луйвар булхай байгаа болоод ингэж байгаа юм байна гэж хардахаас өөр ямар ч аргагүй.

Та бидний итгэж сонгосон МАН, түүний “гал тогоо”-г барьж байгаа Д.Амарбаясгалан ийнхүү ард түмний тархиар наадаж байх зуурт амьдрал бэрх болж, олонхиороо ядуурч дууслаа. Өнөөдөр Монголд төр хамгийн том худалдан авагч болж, хувийн хэвшлийн орон зай хумигдлаа. Төрөөс даргын компани л зээл авч чадаж байна. Төрөөс зарласан тендерт даргын компани ганцаараа ороод ялж байна. Төрөөс зээл авч чадаагүй учир зарласан тендерүүдэд нь орох чадамжтай өөр компани ч байхгүй болсон байна. ХХААХҮЯ-ны шугамаар зээл олж аван Франц улсаас шилмэл үүлдрийн хонь оруулж ирж, дараа нь түүнийгээ буцаагаад төрд худалдсан “Тайшир Өргөө” гэгч компани үүний жишээ. Гэтэл энэ компани Хөгжлийн банкийг илчилсэн, шударга үнэний дууч, улс төрийн Моцарт, өөр юу, юу ч билээ олон цол гуншинтай Д.Амарбаясгалангийнх гэвэл та итгэх үү. Яг ингэж давуу эрх эдэлдэг өөр компани ч бий. Бодит байдал ийм л байна.

Энэ нам, энэ намын “гал тогоо”-г барьж байгаа гол хүн болох Д.Амарбаясгалангийн сэдэж хийсэн улс төрийн алхам бүхэн намд, өөрт нь ашигтай, бусдын боломжийг булаасан, улс орон, ард түмэнд хорлолтой байгаа нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тодорхой болж байна. Өнөөдөр МАН том улс төрийн хүчин, Д.Амарбаясгалан том удирдагч байж болох ч эцсийн дүнг улс орон хэрхэн хөгжиж, ард иргэдийн амьдрал яаж сайжирсан бэ гэдгээр үнэлж тавина гэдгийг санууштай.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN


URL: