У.Хүрэлсүхийн зөвлөхөөс улстөрч болсон Н.Учралын ЗУРГААН ЖИЛ

61e913465f651Ардын намынхан наадмын өмнөх назгайрлын өдрүүдийг далимдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуруу даран, хоног тоолон хүлээж буй гэх. Тиймдээ ч хэн нь ч илүү хөдөлгөөн хийхгүй, их л нэрээ хичээцгээж, улс төр нам гүмхэн байна.
Ардын намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын гишүүдийг давхар дээлтэй болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг танхимаас сонгодог болох гэх гурван том өөрчлөлт хийхээр тохиролцсон гэх “шуум” бий. Дээрх өөрчлөлтүүдийг хийвэл, хамгийн түрүүнд Засгийн газрыг давхар дээлтэй гишүүдтэйгээр шинээр эмхлэн байгуулж таарна. Тиймдээ ч Ардын намын гишүүд дунд аль хэдийнэ шинэ Засгийн газарт сайд болох марафон эхэлчихсэн гэх.
Тэгвэл шинэ Засгийн газарт сайдын суудал горилогчдыг УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүлж буй гэж Төрийн ордон хавиас бор шувуу ширгэх болов. Н.Учралын хувьд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга “сэтэртэй” явж ирсэн. Тиймдээ ч түүнд шинээр байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг “бэлэглэхээр” бэлдсэн гэх яриа хүртэл гарч байлаа. Харин Үндсэн хуульд Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн нь давхар дээлтэй байж болно гэх хязгаарлалт байдаг нь Н.Учралд тушаа болж ирсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, энэ хязгаарлалтыг чөлөөлбөл Н.Учрал давхар дээл нөмөрч, сайд болох нь цаг хугацааны асуудал болж хувирна гэхэд хилсдэхгүй юм.
Тэгвэл тун удахгүй улс төрд өрнөх бужигнааны гол дүр болох магадлалтай, УИХ-ын гишүүн Н.Учрал гэж хэн бэ. Н.Учралын хувьд улс төрд орж ирсэн буюу Төрийн ордонд түшээ болж заларснаас хойш зургаан жил өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд тэр толгой баяны том хүү, “Тимон” нэрээр дуулдаг байсан, У.Хүрэлсүхийн зөвлөх байснаа улс төрд орж ирсэн, УИХ-ын хамгийн залуу гишүүн болсон, ЖДҮ-д нэр холбогдсон төдийхнөөр л танигджээ. Иймд Н.Учралын нийтийн бус “намтар”-ын хэсгээс танилцуулж байна.  


УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ГЭР БҮЛИЙН 34 КОМПАНИ, ТББ БА “НУУЦ” ТАВ

      УИХ-ын гишүүн Н.Учрал 2020 онд хоёр дахь удаагаа Төрийн ордонд залрахдаа 3.5 тэрбум төгрөгийн орон сууц, 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжаараа төрийн түшээдийг өнгөлж байв. Өдгөө түүний гэр бүл 34 компани, ТББ эзэмшиж байна.
Тухайлбал, 
УИХ-ын гишүүн Н.Учрал өөрөө “Рояаль академи” ХХК, “Төв азийн залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Медиа порт телевизүүдийн консерциум” ТББ, “Монголын рояаль академи” ТББ, “Монголын франчайзинг хөгжлийн ассациаци” ТББ, “Монголын залуу багш нарын йэс монголиа холбоо” ТББ, “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Эвергрийн лайф” ХХК, НАМЗХ зэргийг тус тус эзэмшдэг.
Аав Н.Ням-осор нь “Төв азийн их дээд сургуулиудын холбоо” ТББ, “Хувийн их дээд сургуулиудын холбоо” ТББ, “Хүннү групп” ХХК, “Их засаг хөгжил сан” ТББ, “Их засаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв” ХХК, “Монголын малчдын малчны алдар холбоо” ТББ, “Монголын ураг удмын хийморь” ХХК, “Хүннү” ХХК, “Батширээтийн хөгжлийн сан”, “Жэсан Чингис хаан” ХХК, “Их засаг олон улсын их сургууль” ХХК, “Грийн ланд групп” ХХК, “Уран ачлал” ХХК-иудыг эзэмшдэг.
Ээж Ж.Цэцэгмаа нь “Рояал бизнес” ахлах сургууль, “Тэрэлж боардинг” сургууль, “Тэмүүжин анд” цэцэрлэг, “Их Засаг Тэмүүжин” сургууль, “Хүннү хөдөө арал” ХХК, “Нью хүннү финанс” ХХК, “Эн Би Жи Кинг монголиа” ХХК, “Жи Эм гоулд” ХХК, “Монголын малчдын малчны алдар холбоо” ТББ, “Монголын ураг удмын холбоо” ТББ, “Их засаг хөгжил” сан, “Жамсрангийн Цэвээн судлалын олон улсын хүрээлэн”, “Рояал-Академи” ХХК, “Массив трейд” ХХК-иудыг эзэмшдэг.
Эхнэр Ч.Сэлэнгэ нь “Гоц жаалуудын ертөнц” цэцэрлэг, “Массив трейд” ХХК-иудыг эзэмшдэг.
Хүргэн А.Чингүүн нь “Стар китчен” ХХК-ийг эзэмшдэг.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ГЭР БҮЛ КОМПАНИУДАА “НУУСАН” УУ

      УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн “Нью хүннү финанс” ХХК болон Н.Учралын өөрийнх нь “Төв Азийн залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Медиа порт телевизүүдийн консерциум” ТББ, “Монголын залуу багш нарын йэс монголиа холбоо” ТББ нь “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 101-201 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл яг энэ хаяг дээр “Хүннү Индастри” ХХК, “Хүннү бьюлдинг” ХХК, “Нью хүннү констракшн” ХХК, “Хүннү цамхаг” ХХК, “Гэрээний онцгой эрх сэтгүүл” ХМБ тус тус бүртгэлтэй байдаг ажээ.
Дээрх компаниудыг Пүрэвсүрэнгийн Чинбат эзэмшдэг аж. Гэтэл П.Чинбат нь УИХ-ын гишүүн Н.Учралтай хамт “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Монголын рояаль академи” ТББ-ыг эзэмшдэг төдийгүй Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг ажээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учралын гэр бүл “Хүннү” группийнхээ угшлийн нэр бүхий таван компанийг П.Чинбатад эзэмшүүлэх замаар “нуух” шаардлага байв уу. Гол нь, П.Чинбатад эзэмшүүлсэн дээрх таван компани нь барилга болон уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниуд байгаа нь нуух шалтаг болсон гэх хардлага байна.

Н.УЧРАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСНООС ХОЙШ ХАДАМ ЭЭЖ НЬ ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ ДАРГА БОЛЖ, ТУСЛАХ НЬ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖЭЭ

        Н.Учралыг УИХ-ын гишүүн болсноос хойш хэд хэдэн сонирхолтой томилгоо төрд хийгджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал нь Нийслэлийн нийгмийн халамжийн газрын орлогч даргаар томилогдсон байна. Харин хадам ээж Б.Отгонжаргалынх нь төрсөн дүү Б.Отгонцэцэг нь Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар томилогджээ.
Түүнчлэн, Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан М.Говьсайхан 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгч болж төрд орж, тушаал ахиж яваа. М.Говьсайханы хувьд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Хүрэл ордон” ХХК-иараа улсын төсвөөс санхүүжүүлсэн СХД-ийн сургууль, цэцэрлэгүүдийн хэд хэдэн тендерүүдийг авч “хөлжсөн” боловч хууль хяналтын байгууллагад ээрэгдэлгүй үлдсэн.
Мөн НИТХ-ын төлөөлөгч, цаашлаад Нийслэлийн Засаг даргын орлогч болтлоо дэвшсэн Д.Ихбаяр нь Н.Учралын гэр бүлийн “Их Засаг” их сургуулийн Гадаад харилцааны мэргэжилтэн, “Их Засаг” лицей сургуулийн захирал хийж явсан намтартай. Ингээд зогсохгүй Н.Учралын “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Монголын рояаль академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, Н.Учралтай тун ойр намтартай нь улс төрд байр сууриа бэхжүүлэх боломж олгосон гэж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ “НАЯН ЗУРГАА ДӨРВӨН ЗУУ” ТББ-ААРАА ДАМЖУУЛАН ТОЙРГИЙНХОО АХМАДУУД, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭР МӨНГӨ ОЛДОГ УУ

      УИХ-ын гишүүн Н.Учрал “Наян зургаа дөрвөн зуу” гэх Төрийн бус байгууллагатай. Тус Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд нь НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, “Хүннү” нэртэй таван компанийг удирддаг П.Чинбат нар багтдаг. Тэгвэл “Наян зургаа дөрвөн зуу” ТББ нь 2019 оноос Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдрийн үйлчилгээ буюу сэргээн засах бариа засал, хөдөлгөөн заслын үйлчилгээ үзүүлж ирсэн байгууллага ажээ. Тайлангаас нь үзвэл, тус Төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд СХД-ийн 590 ахмад настанд үйлчилгээ үзүүлжээ. Сонирхуулахад, тус Төрийн бус байгууллага нь Н.Учралын гэр бүлийн СХД-т байрлах “Тэмүүжин андууд” цэцэрлэгийн нэг давхарт байрладаг аж.
Хамгийн гол нь, “Наян зургаа дөрвөн зуу” ТББ нь ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөрийг нь төрөөс авдаг ажээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах бариа засал хийх тендерүүдэд нь шалгарах, гэрээ байгуулах замаар хамтран ажилладаг аж. Жишээ нь, 2018 есдүгээр сард 125 сая төгрөгийн тендер, 2020 оны долдугаар сард 112 сая төгрөгийн тендер, 2021 оны зургадугаар сард 19.8 сая төгрөгийн хоёр тендерт тус тус оролцож, шалгарчээ.
Гэхдээ “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-ынхан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд төрөөс өгч байгаа төлбөр нь бага байна гэж үздэг ажээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Б.Жаргалмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-ын ахмадуудад үйлчилдэг төвтэй танилцсан. Ингээд буцахдаа тухайн УИХ-ын гишүүд “Нийгмийн халамжийн тухай хуулиар өдрийн үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал нь 9000 төгрөг байдаг. Энэ мөнгө нь бага байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай юм байна” гэх агуулгатай ярилцлага өгцгөөжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-иараа үйлчилгээ үзүүлэх замаар төрөөс мөнгө авдаг, тэгээд болоогүй тэр мөнгөө нэмүүлэхийн тулд ажиллаж байгаа гэж харагдаж байна.
https://ergelt.mn/news/22/single/21980


URL: