Айсуй хүнсний хямрал

712-165526444462a2b10769fb4Сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд хүнсний хүрэлцээ хангамжтай холбоотой асуудал, ялангуяа үр тарианы нийлүүлэлтэнд гарч буй доголдол ноцтой түвшинд хүрснийг НҮБ анхааралдаа авчээ. Шинжээчдийн тооцоолсноор, дэлхийн улаан буудайн нөөц 10 долоо хоногийн хэрэгцээг хангах хэмжээтэй болж буурсан бол 5 дугаар сарын 17-нд нэг тонн улаан буудайн үнэ 438 долларт хүрч өслөө. Энэ бол дэлхий даяар хүнсний хямрал эхэлсний анхдагч шинж тэмдэг мөн гэдгийг НҮБ-аас анхааруулсан байна. Английн The Economist сонинд бичсэнээр, 250 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулын өмнө ирээд байгаа бол хэдэн зуун сая хүн ядуусын эгнээнд шилжихэд тун ойртжээ.

ҮНИЙН ӨСӨЛТИЙН УРШИГ
 Өнгөрсөн оны 11 дүгээр сард улаан буудайн үнэ 300 орчим доллар байсан билээ. Улаан буудайн үнэ нэмэгдэнэ гэдэг бол малын тэжээлийн үнэ, гурил, талх, нарийн боовны үнэ дагаад өснө гэсэн үг. Жишээ нь, талхны үнэ нэмэгдсэний улмаас Тунист инфляц болон төсвийн алдагдал шууд 10 хувиар өссөн бол Газын зурваст гурилын үйлдвэрүүд хаагджээ. Дэлхийн үр тарианы экспортын 9 хувийг эзэлдэг Украин улс өнгөрсөн оныхтой харьцуулахад 2 дахин бага ургац авах төлөвтэй байгаа нь улаан буудайн үнийг 700 долларт хүргэж магадгүй гэдгийг шинжээчид хэлж байна.
сонин mn
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хийсэн үнэлгээгээр, хүнсний хомсдолын улмаас 43 улсад улс төрийн тогтворгүй байдал үүсэж, үймээн самуун дэгдэх эрсдэл бий болоод байна. Түүнээс гадна, хүнсний бүтээгдэхүүний үнэ 16 хувиар өсөхөд 10 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орно гэсэн тооцоог НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд хийжээ. НҮБ-д суугаа Египетийн төлөөлөгч Усама Махмуд мэдэгдэхдээ, Африк тивийн 5 хүн тутмын нэг нь /300 сая хүн/ өлсгөлөнд нэрвэгдэх аюулын өмнө ирээд байна гэсэн бол ийм нөхцөл байдал нь Европын Холбооны улсуудад цагаачлалын хямралыг өдөөнө гэдгийг Польшийн Ерөнхийлөгч А.Дуда сэрэмжлүүлжээ. Байдал хүндэрч эхэлсэн тул Африкийн Холбоог даргалж буй Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Саля өнгөрсөн долоо хоногт Москвад ирж, В.Путинтэй уулзсан байна.
сонин mn
Одоо Украины боомтуудад овоороод буй үр тариа нь дэлхий даяар жилд хураан авдаг үр тарианы 1 хувьд хүрэхгүй боловч Ойрхи Дорнод, Африкийн зарим улсууд Орос, Украины үр тарианаас ихээхэн хамааралтай байдаг. Жишээ нь, 100 сая хүн амтай Египет улс хэрэгцээт үр тарианыхаа 2/3-ыг Украинаас худалдан авдаг аж.
Одесса хотын боомтын үр тариа ачих терминал 
Ташрамд дурдахад, Орос, Украин хоёр дэлхийн экспортын улаан буудайн 28 хувь, арвайн 29 хувь, эрдэнэшишийн 15 хувь, наранцэцгийн тосны 75 хувийг нийлүүлдэг. Зөвхөн Украины экспорт гэхэд дэлхийн 400 сая хүний хүнсний хэрэгцээг хангадаг байна.
ГЛОБАЛ ШАЛТГААНУУД
Шинжээчдийн үзэж байгаагаар, хүнсний зах зээл дэх хямрал нэлээд эртнээс улбаатай ажээ. Дүн шинжилгээний Gro Intelligence компанийн ерөнхий захирал Сара Менкер-ийн ярьснаар, айсуй хямралын анхдагч шинж тэмдгүүд цар тахлаас бүр өмнө нийлүүлэлтийн сүлжээнд гарсан доголдлуудаар илэрч байжээ.
Харин Орос-Украины дайн бол зөвхөн гал дээр тос нэмсэн хэрэг бөгөөд байлдааны ажиллагаа маргааш зогслоо ч гэсэн үр тарианы хангамжийн асуудал тэр даруйдаа шийдэгдэхгүй аж. Украинд хуримтлагдаад буй их хэмжээний үр тариаг хэрэглэгчдэд хүргэснээр хомсдолыг арилгах боломжтой гэж Европын орнууд үзэж байгаа боловч энэ нь глобал түвшинд нөхцөл байдлыг сайжруулж чадахгүй гэж зарим шинжээчид дүгнэж байна.
Дайнаас гадна Оросын эсрэг Барууны орнуудын авч буй хориг арга хэмжээ, цар тахал, нийлүүлэлтийн сүлжээнд гарсан доголдол, байгаль цаг уурын нөлөө гэх мэт бусад олон шалтгаан бий. Тухайлбал, Энэтхэг улсад өнгөрсөн хавар хэт халалт, ган гачиг болсны улмаас ургац алдах нь тодорхой болсон тул улаан буудайн экспортоо зогсоов.
Дэлхийн экспортод тус улсын эзлэх хувь бага /0,47%/ боловч бүс нутагтаа томоохон нийлүүлэгч юм. Улаан буудайн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсад /20,65%/ үер болсны улмаас өнгөрсөн оны тариалалт хожуу эхэлсэн ба энэ оны ургац тааруухан байх төлөвтэй.
Европт мөн нөхцөл байдал таагүй, гантай байгаа бөгөөд бордоо дутагдсаны улмаас Францын экспорт /9,26%/ буурахаар байна. Дайны хөлд өртөөгүй Украины үр тарианы агуулахууд эрдэнэшиш, арвайгаар дүүрсэн байгаа бөгөөд дараагийн ургацаа хаана хадгалах вэ гэсэн асуудал фермерүүдийн санааг зовоосоор.  Үр тарианы үнэ эрчимтэй өсөж байгаа боловч тариаланчид алдагдлаа нөхөж чадахгүй байна. Бордоо ба түлш шатахууны үнийн өсөлтийн улмаас тэдний орлого багассаар. Үр ба пестицидийг Европоос худалдан авдаг Оросын тариаланчид бэрхшээлтэй тулгарах нь. Гэсэн хэдий ч Оросын Хөдөө аж ахуйн яамны тооцоолсноор, энэ онд хураан авах ургацын хэмжээ өнгөрсөн оныхоос давснаар 50 сая тонн үр тариа экспортлох боломжтой болох аж.
БУРУУТНЫ ЭРЭЛД
Хүнсний хямрал үүссэний гол бурууг барууныхан Орос улсад тохож байна. Германы Канцлер О.Шольц, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар хэлэхдээ, Украины боомтуудыг бүслэн хаасаар байгаа Орос улс үүнийгээ зэвсэг болгон ашиглаж, шантааж хийж байгаа нь дэлхийг хамарсан хүнсний хямралыг өдөөсөн гэж буруутгажээ. Харин Оросын тал үүнийг эрс няцааж байгаагийн зэрэгцээ тус улсын эсрэг Барууны орнуудын авсан хориг арга хэмжээ нь хүнсний хямралыг өдөөсөн гэдгийг сануулсан байна.
Барууныхан улс төрийн зорилготой хоригоо цуцалсан нөхцөлд үр тариа, бордоо экспортлох замаар хүнсний хямралыг даван туулахад ОХУ бэлэн байгааг Оросын ерөнхийлөгч В.Путин онцлон тэмдэглэжээ. Харин АНУ ба түүний холбоотнууд хоригоо цуцлах нь бүү хэл энэ талаар сонсохыг ч хүсэхгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хэлэхдээ, хэдийгээр үр тариаг хоригт хамруулаагүй боловч түүнийг тээвэрлэдэг Оросын хөлөг онгоцууд хоригт хамрагдсан гэдгийг барууныхан огт дурдахгүй байгааг сануулав. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэдэгдэхдээ “Оросын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ нь Украин, Оросын аль алиных нь хүнс, бордооны экспортод саад болоогүй” гэв. Туркт айлчилж буй С.Лавровын хэлснээр бол, хөлөг онгоцуудад зориулан хүмүүнлэгийн коридор нээхийг ОХУ хоёр сарын өмнөөс санал болгож байгаа боловч боомтууд руу нэвтрэх замын дагуу байрлуулсан минээ украинчууд зайлуулахгүй байгаа учраас аюул хэвээр, асуудал шийдэгдэхгүй байгаа ажээ.
ГАРЦ ШИЙДЭЛ 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш хэлэхдээ, Орос, Беларусийн бордоо, Украины үр тариа нь дэлхий дахинд нэн хэрэгцээтэй учраас үр тариа ачсан хөлөг онгоцуудыг нэвтрүүлэх “ногоон коридор” бий болгохыг уриаллаа. Оросын Ерөнхийлөгчийн санал болгосноор, минагүйжүүлсний дараа Украины боомтуудаас Бердянск, Мариуполь хотууд, Дунай мөрөн, Румын, Унгар, Польш эсвэл Беларусийн нутгаар дамжуулан үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Анкарад болсон Орос, Туркийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын явцад “үр тарианы коридор”-ыг нээх асуудлыг НҮБ, Турк, Украин, Оросын оролцоотойгоор хэлэлцэхэд бэлэн байгаагаа хоёр тал илэрхийлжээ. Үр тариаг тээвэрлэхийн тулд Украины боомтуудыг минагүйжүүлэх шаардлагатай гэдгийг Оросын тал онцолж байгаа бол үүнийг цэргийн зорилгоор ашиглахгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг Украины тал оросуудаас шаардаж байна.
Мөн Украины нутаг дэвсгэрт явуулж буй байлдааны ажиллагаагаа Орос улс зогсоосон тохиолдолд усан замыг минагүйжүүлж, хөлөг онгоцуудыг нэвтрүүлнэ гэсэн хариу болзлыг Украины тал тавьсан тул зөвшилцөлд хүрэхэд хүндрэл үүсэв бололтой. Өнөөдөр 25 сая тонн улаан буудай, арвай Украинд гацаад байгаа нь буурай хөгжилтэй улс орнуудын жилийн хэрэгцээтэй тэнцэнэ. Тэгэхээр юуны өмнө Орос улс бүслэлтээ зогсоож, үр тариа тээвэрлэж буй Украины хөлөг онгоцуудыг нэвтрүүлэх, Украины тал Одесса хотын боомтуудад хүрэх замын дагуу байрлуулсан минээ зайлуулах, Туркийн тал үр тариа тээвэрлэгч хөлөг онгоцуудыг дагалдан хамгаалах цэргийн хөлөг онгоцуудыг Босфорын хоолойгоор нэвтрүүлэх нь асуудлыг шийдэх чухал гарц мөн.
сонин mn
С.Лавров, Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу нар  
Ингэснээр хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтай хамгийн ядуу орнуудад эн түрүүнд үр тариаг тээвэрлэн хүргэж, дараа нь бусад улсуудад хөнгөлөлттэй зээл олгох замаар үр тарианы импортыг нь санхүүжүүлэх боломжтой гэж The Economist сонинд бичжээ. Түүнээс гадна, дэлхий даяар хурааж авдаг үр тарианы 10 орчим хувийг био түлш үйлдвэрлэхэд, ургамлын тосны 18 хувийг био дизель түлш үйлдвэрлэхэд тус тус ашигладаг. Мөн амьтдын тэжээлд асар их хэмжээний үр тариаг зарцуулдаг байна. Тэгэхээр энэ хэмжээг багасгах нь хүнсний хангамжийн доголдлыг арилгах бас нэгэн гарц мөн.
Б.Адъяахүү


URL: