СЭТГҮҮЛЧ Г.ГЭРЭЛМАА: Цагдаа нар намайг олон удаа цохиж, гишгэсэн
Зайсангийн газрыг сурвалжилсан сэтгүүлчийг цагдаа нар түлхэж унагаж буй бичлэг цацагдсан.
Тэгвэл ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдсан асуудлаар сэтгүүлчид нэгдэж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр цагдаа нарт түлхүүлэн унаж, баривчлагдан, зургаан цагийн турш хүнд байдалд байсан сэтгүүлч бүсгүй Г.Гэрэлмаа “Намайг Зайсангаас баривчлаад өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад өгсөн. Хэнтэй ч холбогдож чадахгүй, бүх зүйлээ хураалгаад маш хүнд байдалд орсон. “Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна, өмгөөлөгчтэйгөө ярья” гэхэд хүлээж аваагүй” хэмээн уйлан ярилаа.
Gerelnews.mn сайтаараа шууд дамжуулалт хийж байсан түүний бүх эд зүйлсийг цагдаа нар хурааж аваад, Зайсангаас баривчилжээ. Сэтгүүлчийг шуудаа зогсоохыг шаардаж, цагдаа нар хоорондоо камер, микрофон, гар утсыг нь шидэлцээд өгөхгүй байсан аж. Мөн тэд сэтгүүлчийн утсан дээрээ хийсэн live, бүх мэдээллийг устгасан байна.
Сэтгүүлч бүсгүй “Намайг согтуу, хууль бусаар бичлэг хийсэн гэж цагдаа нар хэлээд хүнгүй газар олон удаагийн үйлдлээр биед халдсан. Надад тусламж гуйх хэн ч байгаагүй. Нэг ч гэсэн хүн намайг хараасай, сонсоосой гэж би зөндөө хашгирсан. Цагдаа нар миний амыг гараараа таглаад “Чаддаг юм бол хашгир, хашгир. Уйл уйл. Чамайг хэн ч сонсохгүй” гээд олон удаа цохисон. Нэг мэдэхэд би фургоны шалан дээр хацраараа уначихсан, олон цагдаа нар намайг дарчихсан, гишгэчихсэн байсан. Зургаан цагийн турш би хэцүү байдалтай байлаа” хэмээн ярилаа.
Энэ асуудлаар сэтгүүлч нар нэгдэж мэдээлэл хийх үеэрээ “Хэвлэл мэдээлэл эрхээ эдэлж чадахгүй бол ямар ч эрх гэж байхгүй” гэдгийг онцолсон юм.
URL: