Д.МӨНХБААТАР: СБД-ийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал улсын хөрөнгийг хувьдаа ашигласан

cdcdcСБД-ийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал нь байгууллагын эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Монголын багш нарын холбооны үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар “Боловсролын салбарт маш олон асуудал байдаг. Төсвийн хөрөнгийг хувийн ашиг сонирхолдоо ашиглах явдал их байна. Үүний нэгэн жишээ нь СБД-ийн 16 дугаар сургуулийн О.Пүрэвжаргал юм. түүний талаар гурван баримтыг дэлгэе.

Цар тахлын хорио цээрийн хэмнэлтийн үед огт ажилладаггүй гурван хүнд цалин гаргаж өгсөн. Мөн 2021 оны сүүлээр сургуулийн Урлагийн заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөг нэгэн компани руу шилжүүлсэн. Төлбөр мөнгө нь шилжүүлсэн хэрнээ сургуулийн ажилчдаар засварын ажлыг гүйцэтгүүлж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байгаа юм.

    Дараагийн асуудал бол JCI гэх байгууллагаас СБД-ийн 16-р сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг 100 хувь тохижуулж өгсөн. Харамсалтай зүйл нь гэвэл төсвөөс арван сая төгрөгийг тус сургуулийн хувцас солих өрөөг засварлана гэж шамшигдуулсан байгаа юм.Эдгээр асуудлуудыг нь сөхөөд 16-р сургуулийн багш нар авлигатай тэмцэх газар, СБД-ийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газарт хандсан. Хоёр сар болоход ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байж байгаад өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөж байна. Иймд 16-р сургуулийн хамт олон дотроосоо сургуулийн захирлыг сонгох хүсэлтэй байхад СБД-ийн Засаг дарга Х.Болормаа улстөржиж, түр орлон гүйцэтгэгч гэх хүнийг томилоод байна.

Боловсролын салбарт хамгийн их асуудал болж буй зүйл нь улсын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилдог. Энэ нь боловсролын улстөржүүлэх, хамаатан садангаа ажлын байраар хангах зэрэг үйлдлүүдийг бий болгож байна. Иймд боловсролын салбарыг улс төрөөс ангид болгох хэрэгтэй байна” гэлээ.


URL: