“…Төр нь хүнээ хамгаална” гэж Үндсэн хуульд оруулъя

712-1654644285“...Төр-нь-хүнээ-хамгаална”-гэж-Үндсэн-хуульд-оруулъяМонголчууд хүнсний аюултай байдалд нэрвэгджээ. Ганцхан жишээ, сүүлийн сар шахмын турш химийн бодистой ч гэнэ үү, өмхийрсөн ч гэв үү, муухай махны талаар шуугилаа. Гэвч энэ нь сошиалд шуугиад өнгөрөх төдий сэдэв биш юм. Мах бол монгол хүний үндсэн хүнсний нэг. Тэр утгаараа махны бэлтгэх, нийлүүлэх явц хүний эрүүл мэндэд хор учруулахааргүй цэвэр байх ёстой.

Эмээлтээс “олдсон” химийн бодистой махыг “…Хятад руу гаргаж байсан” гээд төөрүүлэх гээд байх шиг байна. Үгүй л дээ. Бод доо, тэр махыг хятад эзэнтэй компани бэлдэж байсан. Хятад хүн тийм махыг Хятад руу гаргах уу. Тэр хятад хүн эх орноо боддоггүй юм гэхэд Хятад улс ийм зүйл хийж байгаа иргэнээ манайхаас дор нь л олно.
Олж аваачаад яаж цээрлүүлэхийг бид бараг гадарлана. Тэгэхээр тийм мах яагаад ч Хятад руу гарахгүй. Явсаар байгаад хэрэглэгч нь “70 сая малтай монголчууд” бид л болж таараад байгаа юм. Нөгөөтэйгүүр эд мөрийн баримт буюу бодистой гэх мах нь олдчихсон. Үйлдсэн эзэн буюу мах бэлтгэдэг компани нь тодорхой болчихсон, ийм хэргийг манай хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд бараг гурван долоо хонолоо. Хэн гэгч, ямар сэдлээр ийм хэрэг мандаасныг эцэслэж чадаагүй байна. Уг нь манай хууль хяналтынхан ийм хугацаанд энэ зэргийн хэргийг хэдэн арваар нь шалгаад тогтоочих чадалтай. Гэтэл энэ асуудал намдах тал руугаа явчихсан нь хэн нэгний нөлөө, яаж ийж байгаад орсон гэсэн үг. Харин өчигдрөөс нэр холбогдсон зарим нэг компанид нэгжлэг үзлэгийг хийж байгаа харагдав.
Ер нь махтай холбоотой асуудал зөвхөн Эмээлтийн хэдэн компаниар дуусахгүй. Энэ нь салбарын яамтай холбогдоно. Малчидтай ч холбоотой. ХХААХҮЯ, түүний харьяаны Мал эмнэлгийн ерөнхий газар гэж хариуцлага муутай алба бий. Өнгөрсөн жилээс малын гоц халдварт шүлхий өвчнийг алдсан.
Монгол нутаг тэр чигтээ шүлхий өвчтэй малаар дүүрсэн. Одоо тэр вакцин энэ тэрээ олж ирж тарьж эхэлсэн үү, үгүй юу. Малчдын хувьд малдаа элдэв өвчин эмгэгээс сэргийлэх вакцинд маш хариуцлагагүй ханддаг. Янз бүрийн вакцин тарингуутаа, тэрнийх нь хор гараагүй байхад л нядлаад ачаад ирдэг. Тэр нь нууц биш. Бас богино хугацаанд тарга авахуулах тариануудыг байнга хийдэг болсон байгаа юм. Зах зухаас нь халь мөлт л дурдаж байгаа шүү. Цаашаа ярих юм бол махтай холбоотой асуудал улам хүндэрнэ. Монгол байтугай хятад хүмүүс ч манай махнаас дайжиж эхэлж байна. Нэг өвөрмонгол гэр бүл хоёр улсын “Экспо”-гийн үеэр монгол хиам идэж үзээд, түүнээс хойш Монголоос хиам захиж аваачаад идээд байсан байгаа юм. Гэтэл гэр бүлээрээ хорт хавдар туссан байгаа юм. Яг энэ жишээг олон хүн мэдсэн, ярьж байна.
Махнаас гадна хүнсний ногоо гэж нэг аюул байна. Бид “…Эх орны үржил шимт хөрсөнд ургасан энгүй сайхан ногоо минь” гээд иддэг. “…Монгол” гэсэн бүх ногоог ямар ч тайлбаргүйгээр авдаг. Гэтэл манай ногоочид “урд”-аас ирдгээс ялгаагүйгээр химийн бордоог хэрэглэдэг нь бас л нуухааргүй болчихоод байна. Салбарын яам энэ тал дээр яаж ажилладаг нь бас л бүрхэг. Бас нэг сонин зүйл гэвэл өнгөрсөн жил COVID-19-ийн үеэр хил хаагдахад нөгөөх монгол ногоо маань үндсэндээ тасарчихсан. Төмс л үлдсэн.  Монгол ногоо гээд байсан маань “…Монгол мөн үү” гэсэн эргэлзээ төрүүлсэн.
Үүнээс гадна импортын хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухайд “…Аюултай” гэхэд багадна. Наад зах нь цагаан будаа байна. Монголд брэнд болтол таниулаад зарж байгаа орос, япон будаанууд цөм “урд”-аас орж ирдэг. Хүн байтугай хорхой хүртэл иддэггүй шахам хүнс гэж байгаа юм. Ийм олон мэдээлэл бий. Дээрээс нь бэлэн гоймон, чипс, төрөл бүрийн жимс… бүгд аюултай.
Ерөөс Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа алдчихаад байна уу гэмээр болчихсон. Энэ асуудлыг саяхнаас ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч хөндөөд эхэлсэн. Сайн хэрэг. Гэхдээ уриалга төдийхнөөр дуусгах уу. Эсвэл дорвитой арга хэмжээ авч үргэлжлүүлэх үү. Энэ  тодорхой бус. Ер нь бол бид хүнсний аюулгүй байдлаа хамгаалах гэвэл эхлээд хүнээ хамгаалалтад авах шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, монгол хүнийг төр хамгаалахыг Үндсэн хуулиар зааж өгөх учиртай. Хүнс бол хүний хэрэгцээ. Гэтэл эдгээр хүнсний нэг болох мал төрийн хамгаалалтад байгаад байдаг. Үндсэн хуулийн 5.5-д “…Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэчихсэн. Үүнийг маазруулаад янз бүрээр яриад байдаг юм. Нэг талаар логикийн зөрчилтэй зүйл заалт аж. Тэгсэн атлаа монгол хүний талаар Үндсэн хуульд эрх, эрх чөлөө талаас нь хамгаалдаг. Энэ мэдээж байх ёстой. Гэхдээ “…Монгол хүн төрийн хамгаалалтад байна” гэдгийг Үндсэн хуулиар тогтоож, бусад хууль тогтоомжоор түүнийг бий болгох учиртай юм байна. Суурь нь болох аж. Ингэж байж монгол хүний хүнсний аюулгүй байдал арай өөр хэлбэрээр хангагдах боломжтой. Хууль, эрх зүйн мэргэжилтнүүд ийм байр суурь илэрхийлж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлт өнөө маргаашгүй УИХ-аар яригдаж эхлэхээр болсон. Гишүүд зунжин хэлэлцээд Үндсэн хуулиа өөрчлөх нь тодорхой боллоо. Гэхдээ эрх баригчид, улс төрийн намууд төрийн байгуулалт тал дээр нэлээд анхаарч байна. Түүнээс чухал асуудал бол дээрх “…Монгол хүнийг төр нь хамгаалдаг” болох агуулга юм. “…Төр нь хүнээ хамгаална” гэж Үндсэн хуульд оруулъя. Эс тэгвээс хүнсний аюулгүй байдалд нэрвэгдсэн төрийн хамгаалалтгүй монгол хүний амь нас, эрүүл мэнд, цаашилбал монгол хүний удмын сан гээд асуудал хүндрэх нөхцөл нэгэнт үүсчээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: