Зөв хүрд рүү хийх шилжилтээс үүсэх хүндрэлүүд

fc065c4531ed6efe5733612be8a58858af732796Нийслэлээс буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,улмаар импортлохыг хориглох бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Монгол Улс баруун гарын дүрэмтэй учраас энэ алхмыг хэрэгжүүлэх гэж байгаад буруу зүйл үгүй. Япон машин замын хөдөлгөөнд оролцохгүй болсноор замын түгжрэл буурна, улсаас татаас авч амташсан нийтийн тээвэр ашигтай ажилладаг болно, цаг хугацаа ч хэмнэгдэнэ гээд гарах сайн тал их бий. Гэхдээ асуудал ч зөндөө. Зөв хүрдтэй тээврийн хэрэгсэлд шилжихэд тодорхой хүндрэлүүд гарна.

Чанартай автомашин ховордоно

Япон машины чанарыг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Япон машинаас татгалзаад солонгос, орос машин унах нь сүүтэй цай чанасан махнаас татгалзаад өвс идэж ус ууж байгаатай ялгаагүй. Манайхан энд нэг юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол бол автомашин үйлдвэрлэдэггүй. Харин Япон автомашины үйлдвэр олонтой, автомашинаар халгиж, цалгиж байгаа улс. Тэд таван жил яваад эвдрэх муу машин үйлдвэрлэвэл нэр хүнд нь навс унаж, борлуулалт хийж чадахгүйд хүрнэ.Гэтэл 10 жил явсан ч ажирдаггүй машин хийгээд байвал бас л борлуулалт хийж чадахгүй. Тэд нэгэнт гадаад улс орнуудыг “Шинэ машин ав” гэж шууд ятгаж чадахгүй. Харин дотооддоо бол чадна. Японд таваас илүү жил явсан автомашин хэрэглэхгүй байх журам байдаг. Энэ нь зүгээр л автомашин үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа хэрэг. Манайх ямаанд 30 тэрбум, ноос ноолуурын үйлдвэрлэлд 200 тэрбум төгрөг өгсөнтэй ялгаагүй гээд ойлгочиход болно. Япон харин манайхаас ялгаатай нь бэлэн мөнгө өгч тэнэгтдэггүй юм байна. Япон машин таван жил яваад муудчихдаг юм биш. Энэ бол буруу тайлбар.Утаа хорт хийтэй тэмцэх гэж байгаа бол автомашины үзлэгээ л шударга, чанартай хийгээд, шаардлага хангахгүй машиныг хасч байвал болно. Энэ арга журам одоо ч хэрэгжиж л байгаа шүү дээ.

Баян ядуугийн ялгааг дэвэргэнэ

Энэ шийдвэр гарвал иргэдийн сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлнө. Буруу талдаа жолоотой, муухан ч гэсэн машин унахын жаргал гэж нэг юм байна. Баялгийн хуваарилалт шог байгаа ч гэсэн, олж байгаа хэдэн төгрөгөндөө боломжийн машин олж уначихаад, өвлийн ид хүйтэн, өвчний дэгдэлттэй цагт нялх хүүхдээ хүний царай харалгүй эмнэлэг домнолого бараадуулаад явж байгаагаа ямар ч хүн амьдралын нэг үзүүлэлт болгож авч үздэг. Иргэдэд одоо юу хамгийн их хэрэгтэй байна вэ гэвэл, нэгдүгээрт орон сууц, дараа нь автомашин. “Мобиком” корпораци, “Номин” их дэлгүүр, “Хас банк” зэрэг манай урдаа барьдаг аж ахуйн нэгжүүд сугалаа, хонжвор зарлахаараа автомашин, байр л амалж байна. Тэд чинь тусдаа маркетингийн баг ажиллуулдаг учраас нийгэмд юу хамгийн их хэрэгтэй байна вэ гэдгийг мэдэж байгаа. Гэтэл манай төр засаг иргэдээ ядаж орон сууцаар хангаж чадсан бил үү. Авья гэсэн ч байр байхгүй, байр барья гэсэн ч эрчим хүч нь байхгүй салан задгай байдалтай л явж ирсэн. Тийм байтлаа одоо автомашиныг нь булаах гэж байна. Шуудхан хэлэхэд энэ бол дундаж орлоготой иргэдийн чанартай автомашин унах эрхийг хасч байгаа хэрэг. Хуучин машин Монголд орж ирэхийг татвараар хязгаарлачихсан. Одоо буруу талдаа жолоодлоготой автомашиныг оруулж ирэхээ больчихвол автомашин эзэмшигчдийн тоо мэдээж буурна. Тэгвэл монгол хүн хэзээ цалингаараа шинэ автомашин, орон сууц худалдаж авдаг болох вэ гэдэг асуултад хариулт өгөх хүн Монголд алга.

Монгол хуучин машин агуулдаг сав, хогийн цэг биш гэдэг нь мэдээж, гэхдээ бизнест амжилт олсон, төрд ажиллаж авлига авсан хэдхэн нөхдийн туйлах газар бас биш ээ. Солонгос хуучин машин, япон хуучин автомашин хоёрын аль нь сайн бэ гэхэд ихэнх нь эргэлзээгүй “японынх нь” гэж хариулна. Нийслэлийн замд явж байгаа автомашины 70 хувьд буруу талдаа жолоодлоготой байдаг нь өөрөө хариулт. “Баруун гарын дүрэмтэй мөртлөө буруу талдаа жолоодлоготой автомашин чөлөөтэй оруулдаг манайх шиг улс байхгүй” гэж хэлэх албан тушаалтнууд байгаа. Тэдэнд хэлэхэд, ОХУ ч ийм арга хэмжээ авах гээд чадаагүй.БНХАУ-д гэхэд гадаадын иргэн автомашин. Жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Улс улсын онцлог, нөхцөл өөр гэдгийн жишээ энэ.

Эмэгтэй жолооч нар “асуултын тэмдэг” болно

Зөв хүрдтэй тээврийн хэрэгсэлд бүрэн шилжих асуудал хэдэн жилийн өмнө нэг хөндөгдөхөд Замын цагдаагийн газраас дэмжиж, замын хөдөлгөөний хэрэг зөрчлийн 51 хувь нь буруу талдаа жолоодлоготой автомашинаас болж гардаг гэсэн баримт гаргаж өгч байсан удаатай. Сая ч гэсэн нийслэлээс гаргаж ирсэн үндэслэлүүдийн дотор байж байсан. Энэ асуудал дээр нэг юм хэлэхэд, япон машины бас нэг давуу тал нь автомат хурдны хайрцагтаа байдаг юм. Манайх эмэгтэй жолооч олонтой, хүйсийн тэгш эрх гэж их ярьдаг улс. Цаашдаа ч эмэгтэй жолоочийн тоо маш ихээр нэмэгдэж, эрчүүдийг ч давж гарахаар байгаа.Захын нэг жолооны дамжаанд ороод үзэхэд л мэдэгдэнэ. Эмэгтэй хүн машин муу барьдаг. Орон зай, хурд баримжаалах чадвар ч эрчүүдээс хамаагүй сул. Энэ бол батлагдсан үнэн. Тэгвэл эмэгтэй жолооч нар осол гаргачилгүй шиг гайгүй яваад байгаагийн гавьяа нь автомат хурдны хайрцаг. Хоёрхон педальтай, араа солино, хий тааруулна гэж зовдоггүй учраас л зам тээврийн осол одоо байгаа хэмжээндээ байгаа хэрэг. Зөв хүрдтэй автомашин автомат хурдны хайрцагтай байх нь байдаг ч одоо бол ихэнх нь л механик хурдны хайрцагтай байгаа. Хэрвээ манайхан бүгд механик хурдны хайрцагтай машин унадаг болоод эмэгтэй жолооч нарын тоо хэвээрээ байна гэж үзвэл юу болох бол.

Зөөлөн дулаан уур амьсгалтай /уур амьсгал хүн амын зан аашинд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл гэнэ/ Австрали улсын жолооч нарын дунд эрэгтэй, эмэгтэй жолооч нарын аль нь бүдүүлэг, зөрчил их гаргадагийг тогтоох судалгаа явуулж, 4000 жолоочийг хамруулжээ.Судалгааны багийн ахлагч Дэвид Скапинкер “Залуу эмэгтэйчүүд хөдөлгөөнд оролцохдоо наад захын дүрэм, журам баримталдаггүй, зай барьдаггүй, шаардлага тавихад хараал хэлж, хэрүүл шуугиан дэгдээдэг нь судалгаанаас тогтоогдсон.Ихэвчлэн суудлын тэрэгний жолооч нарыг судалгаанд хамруулахад 60 хувь нь эмэгтэй жолооч нар хамгийн бүдүүлэг байсан” гэжээ. Энэ судалгааны дүнг Монголын байдалтай ихэд дөхнө гэж бодно. Дүрэм зөрччихөөд замын цагдааг нөхөртэйгөө эндүүрэн “Ээ л дээ, уучилчих л даа” гэж эргүүтдэг, амьдрал дээр байдаг “Эх хүн, эмэгтэй хүнийг хүндлэх” ёс авто зам дээр бас хэрэгжиж байх ёстой юм шиг эмэгтэй жолооч нар зөндөө шүү дээ.

http://eagle.mn/r/102688


URL: