Р.Эмүжин: Гарал үүслийн гэрчилгээгээ чөтгөр рүү нь тонилго!
Жилдээ монголчууд 900 мянган тонн мах хүнсэндээ хэрэглэдэг гэсэн бүрэн бус мэдээлэл байдаг юм байна. Нийтдээ 30 орчим мянган тонн мах Хятад, Орос, Вьетнам зэрэг оронд экспортлодог. Дотоодын зах зээл болон гадагшаа мах, махан бүтээгдэхүүн гаргах тусгай зөвшөөрлийг ХХААХҮЯ магадлан итгэмжлэлээр олгодог. Энэ үйлдвэрүүдийн олонх нь Эмээлтэд байрладаг. Орон нутагт цөөн нь үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгэхээр монгол малын махны зах зээлийг атгах хүсэл шунал 900 мянган тонн махыг тойрон эргэлддэг байх нь. Үүний цаана ашиг болж ордог асар их мөнгийг атгаж, тусгай зөвшөөрлийг нь гуядаад авчихвал махны зах зээлд эзэн суулаа л гэсэн үг.
Махны ханшийг тогтоож, хүссэн үедээ тэнгэрт тултал өсгөж болно, хүсэхгүй бол махгүй хонуулж ч чадна. Эмээлтээс илэрсэн олон тонн муудсан мах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй агуулах савууд, үйлдвэр гэхээсээ илүү хогийн овоолгууд үнэндээ төрөөс малчид, малд, тэр байтугай хүнсний захын худалдаачдад тавьдаг олон хатуу шаардлагыг чөтгөр рүү нь тонилгочихлоо шүү дээ. ХХААҮЯ, МХЕГ-аас нь тусгай зөвшөөрөл авчихсан гэх үйлдвэрүүд ийм байдалтай байхад ганц хоёр мал мах хот руу оруулах гэсэн малчдаас гарал үүслийн гэрчилгээ нэхээд сууж байх эрх холбогдох байгууллагууд, байцаагчдад нь байхгүй боллоо. Ялзарч үмхийрсэн мах хяналтгүй оруулдаг байж ядарсан иргэд, малчдаа дарамтлаад байж таарахгүй. Төрөөс тавьдаг шаардлагаа нэг бол бүгдээрээ эрх тэгш мөрдөе, үгүй бол тэр гарал үүслийн гэрчилгээ энэ тэр гэсэн хаалт боолтоо хогийн савандаа чихэх болж дээ. Юу гээч, дүрэм журам бүгдэд тэгш үйлчлэх ёстой, төр түмэндээ хатуурхаад, түрийвчинд бөхөлздөг байж таарахгүй. Хамтран хуйвалдаж, хувалзлан шимэгчилдэг байж бүр ч болохгүй.
Эмээлтэд байрладаг махны үйлдвэрүүд нэртэй үнэр танар нь хэцүүдсэн хогийн овоолгуудаа цэгцэлж байж дараа нь тэр гарал үүслийн гэрчилгээ, хяналт шалгалт гэх шаардлагуудаа иргэд, малчид, худалдаачдад тавих хэрэгтэй. Өөр гарц харагдахгүй байна, өмдөө норгочихдог атлаа цамцаа индүүдэж өмсөөд байх шаардлага ерөөсөө ч байхгүй. Зүйрлэвэл энэ нь дүүрэн үмхий үнэртсэн амаараа дүрэм журам танилцуулаад байгаатай агаар нэг байна! Тэгээд юу гээч, төрийн хуулийг төр өөрөө гууль болгож байна. МХЕГ, ХХААХҮЯ, АТГ, ГЕГ-ын тэр олон зуун байцаагчийн хөөрхөн хос нүднүүдийн хаагуур нь шургалдаг хаа гуяны үмхий мах, хатааж ялзруулдаг химийн бодис вэээ, хэлээд өг дөө. Тэд яах гэж түмний татвараас, төрийн сангаас цалин аваад цанхайгаад сууж байдаг юм бээээ? Монгол 70 сая малтай, дэлхий мэдэж байгаа, харь гаригаас л хонь адуу нисээд ирчихсэн, малчид махыг нь зараад, мань мэт нь идээд байв гэж дээ, ядаргаатайн яасан
Р.Эмүжин
URL: