Леброн Жэймс тэрбумтан болжээ

61t9ve_lebron_billionaire_x974Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн од Леброн Жэймс тэрбумтан болсныг Форбс сэтгүүл өчигдөр зарлажээ.

Ингэснээр тэр спортын замнал нь дуусах болоогүй, идэвхтэй тоглож байгаа NBA-гийн тамирчдаас тэрбумтан болсон анхны хүн болж байна.

Форбс сэтгүүлийн тооцоолсноор Лос-Анжелес Лэйкерсийн одын татварын өмнөх орлого $1.2 тэрбумд хүрчээ.

Тэрбээр сүүлийн 19 жилийн хугацаанд NBA-гийн гурван багт тоглохдоо нийт $383 саяын цалин авсан байна. Үүнээс гадна зар сурталчилгаа, бизнесийн бусад орлого нь $900 саяд хүрчээ.

Леброн Жэймс нь Nike, AT&T, PepsiCo, Walmart зэрэг томоохон компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулснаас гадна эдгээр компаниудын хувьцааг давхар эзэмшдэг тухай Форбс мэдээлсэн байна.

NBA-гийн дөрвөн удаагийн аварга бас фитнесийн стартап Tonal, такси дуудлагын компани Lyft, нийтийн хоолны стартап Blaze Pizza компанид хөрөнгө оруулж байжээ.

Жэймсийн SpringHill Entertainment кино студид оруулсан хөрөнгө оруулалтыг Форбс $300 саяар үнэлсэн байна. Жэймс гол дүрд нь тоглосон тус студийн бүтээл “Space Jam: A New Legacy” кино дэлхийн кинотеатрын зах зээлээс $163 саяын орлого олж байжээ.

Леброн Жэймс тэрбумтан болох мөрөөдөлтэйгөө олон жилийн өмнөөс ярьж байсан юм. Тухайлбал 2014 онд тэр GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний хамгийн том зорилго” гэж хэлж байжээ.

Форбс сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан NBA-гийн өөр ганцхан од байдаг нь Майкл Жордан юм.

Гэхдээ тэр зодог тайлснаасаа хойш арав гаруй жилийн дараа 2014 онд л тэрбумтан болж байжээ.

Эх сурвалж: CNN


URL: