В.Зеленский: Украины газар нутгийн 20 хувь нь ОХУ-д эзлэгдээд байна

712-165422584962997df0758a4БРЮССЕЛЬ. /Anadolu/. ОХУ одоогийн байдлаар манай улсын газар нутгийн 20 орчим хувийг эзлээд байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Люксембургийн парламентад болон ард иргэдэд хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.

“Оросын цэргүүд хоёрдугаар сарын 24-ноос хойш Украины 3620 суурин руу орсон. Тэдгээрээс 1017-г нь чөлөөлж чадсан бол 2603-ыг нь чөлөөлөх шаардлагатай байна” гэж Украины Ерөнхийлөгч хэлсэн байна. “Өнөөдрийн байдлаар манай газар нутгийн 20 орчим хувь нь түрэмгийлэн эзэмшигчдийн хяналтад байгаа бөгөөд энэ нь 125 мянга шахам хавтгай дөрвөлжин километр юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Дайны улмаас 12 сая украинчууд дотооддоо, хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 5 сая гаруй хүн хилийн чанад руу дүрвэсэн гэж Украины Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна. “Хэрэв ОХУ энэ дайнд ялбал, бүх Европын хувьд хар бараан цаг ирнэ. Хэрэв бид энэ дайнд ялбал европчууд эрх чөлөөт амьдралаа үргэлжлүүлж чадна” гэж В.Зеленский мэдэгджээ. Дайн эхэлснээс хойших 99 хоногийн хугацаанд “хэдэн арван мянган хүн” амь үрэгдлээ гэж В.Зеленский тэмдэглээд дайныг зогсооход дэлхий нийтийн дэмжлэгийг хүсэж байна гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: