ВВС: Генералаас сайн дурынхан хүртэл буюу Оросын армийн хохирол
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн дэгдээснээс хойш 30 орчим мянган цэргээ алдсан гэж Украины тал мэдээлж байгаа бол ОХУ дайны хохирлынхоо талаар огт мэдээлэхгүй байгаа юм. Хамгийн сүүлд, гуравдугаар сард 1,5 мянга гаруй цэргээ алдсан гэж мэдээлснээс хойш энэ төрлийн мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнийгээ хуулиар “төрийн нууцад хамаарна” хэмээн тайлбарладаг. Харин хэвлэлүүд Оросын цэргийн хохирлыг өөр өөрсдийн эх сурвалж, нээлттэй мэдээлэл дээр тулгуурлан гаргасаар байна. Тэр дундаа Британийн ВВС агентлаг Оросын цэргийн хохирлыг хэвлэлүүдийн мэдээлэл болон баримт дээр тулгуурлан гаргадаг. Энэ удаад тэдний хийсэн эрэн сурвалжлах ажлын хүрээнд 3052 цэрэг амиа алдсан гэсэн тооцоо гарчээ.
ВВС агентлагийн Оросын редакц сайн дурынхны багтай хамтран Оросын бүс нутгуудын тэргүүн болон орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлэл дээр тулгуурлан хохирлын хэмжээг гаргасан бөгөөд хоёрдугаар сарын сүүлээс зургадугаар сарын эхэн хүртэлх хугацаанд 3052 цэрэг, офицер амиа алдсан гэсэн мэдээллийг баталгаажуулжээ.
ВВС агентлагийн онцолсноор, орон нутгийн эрх баригчид болон хэвлэл мэдээллийнхэн цэрэг амиа алдсан тохиолдол бүрийг мэдээлэхгүй байгаа тул 3052 гэсэн тоо нь эцэслэсэн тоо баримт болж чадахгүй байх магадлалтай гэнэ.
Энэ агентлагийн сэтгүүлчид Оросын зарим хотуудад байх Украинд амиа алдагсдын оршуулгыг нүдээр харсан бөгөөд нийтдээ найман хотын 11 оршуулгын газар очжээ. Оршуулгын газар бүр 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш амиа алдсан цэргүүдийн булш байсан гэнэ. Энд 18-45 насны цэрэг эрсийг оршуулжээ.
Их Британийн тагнуулын мэдээлснээр, тавдугаар сарын сүүл гэхэд Оросын арми 15 мянган хүнээ алдсан бол, Украины Зэвсэгт хүчин Оросын цэргийн хохирлыг 30 мянга давсан хэмээн мэдэгдэж байгаа юм.
Сүүлийн сард хэвлэлүүд болон албаны этгээдүүд “сайн дурын цэргүүд” амиа алдсан талаар их мэдээлэх болсон. ВВС агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүл гэхэд 81 сайн дурын цэрэг амиа алдсан нь батлагдсан аж. Амиа алдсан сайн дурынхны 30 хувь нь 40-ээс дээш насныхан байгаа бол 10 хүн нь 50-иас дээш настай байжээ.
Амиа алдсан цэргүүдийн харьяаллаар нь авч үзвэл, хамгийн их хүнээ алдсан нь Дагестан болж байна. ОХУ-ын бүрэлдэхүүнд байх энэ Бүгд Найрамдах Улсын харьяат 176 цэрэг Украинд амиа алджээ. Харин үүний араас Буриад улс орж байгаа юм. Энэ улсын эрх баригчдын мэдээлснээр, 136 цэрэг амиа алдсан байна.
Хамгийн их хүнээ алдсан бүс нутгуудын гуравдугаарт Волгоград муж бичигдэж байгаа юм. Энэ мужийн харьяат 109 хүн Украинд тулалдаж яваад амиа алдсан байна.
Мөн энэ мужид тавдугаар сарын дунд үеэс эхлэн байрны орц, нийтийн тээврүүдэд “тусгай цэргийн ажиллагаанд оролцохыг уриалсан” хуудсуудыг наах болжээ. Эрчүүд цалингаас нь болоод дайнд явах тохиолдол олонтаа гардаг гэнэ. Тусгай цэргийн ажиллагаанд оролцвол 300 мянган рублиэс дээш цалин амалж байгаа аж. Харин Волгоград хотод цалингийн хэмжээ найм дахин бага байдаг гэнэ.
Оросын олон бүс нутгийн хувьд амжиргааны төвшин нэн хүнд, ажил олдох боломж бага тул армид алба хаах нь мөнгө олох цорын ганц арга зам байх нь олонтаа байдаг талаар ВВС онцолсон байна.
Энэ дайнд цэрэг, сайн дурынхнаас гадна өндөр албан тушаалтнууд ч амиа алджээ. ВВС агентлагийн олж мэдсэнээр, Украин дайнд Оросын гурван генерал амиа алдсан байна. Украины тал Оросын долоон генерал амиа алдсан гэж мэдээлдэг ч энэ мэдээлэл батлагдаагүй, түүнчлэн амиа алдсан гэгдэж байсан хэд хэдэн генерал эсэн мэнд гэдэг нь батлагджээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/540877
URL: