Д.Лхагвасүрэн: Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй

283931536_5305974459463639_5584206055755714667_n
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн байдал, банкуудын IPO сэдвээр ярилцлаа.
- Гадаад, дотоод эдийн засгийн орчин тийм ч таатай бус байна. Энэ нѳхцѳлд арилжааны банкуудын IPO-г хойшлуулах асуудал яригдаж багагүй маргаан, шүүмжлэл дагуулж байна. Монголбанк мэргэжлийн байгууллагын хувьд ямар өнцгөөс харж байна вэ?
- Санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны хуулиар ногдсон үүрэг байдаг. Төв банк энэ өнцгөөс банкны салбарын тогтвортой байдлыг хангахыг зорин ажилладаг. Дотоодын томоохон банкууд хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг компани болж, хөрөнгийн зах дээр гарах нь энэ зорилгын хүрээнд хийгдэх чухал алхам болно. Олон улсын сайн жишиг хөгжлийн загвар нь ч ийм байгаа. Банкыг нээлттэй хувьцаат компани болгох, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах замаар илүү эрүүл, найдвартай, ил тод, олон нийтийн хяналттай банкны системтэй болгохоор зорин ажиллаж байна. “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр” болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зорилт, арга хэмжээнүүд маань ийм учиртай.
IPO хийх цаг хугацааг сунгах буюу амжилттай хэрэгжүүлэх дуусгах хугацааг сунгах нь санхүүгийн тогтвортой байдлын зорилттой салшгүй холбоотой. Системийн 5 том банк нэгэн зэрэг ирэх 6-р сарын 30-ны дотор хувьцаагаа олон нийтэд санал болгоод бүгд амжилттай болохгүй бол яах вэ? Олон улсын зах зээл дээр ч 2022 онд IPO-ийн тоо эрс цөөрч, нэгэнт хөрөнгийн зах дээр арилжаалагдаж буй хувьцааны үнэ эрчимтэй унаж байна шүү дээ. Дотоодын зах дээр ч он гарсаар хувьцааны индекс 20% уналттай, зарим том компани бонд гаргаад цаг хугацаандаа тооцсон санхүүжилтээ татан төвлөрүүлж чадалгүй хугацаагаа сунгах явдал гарч байна. Иймд банкны салбарын тогтвортой байдал талдаа ч, хөрөнгө оруулагчтаа ч эрсдэл үүсгэхгүйн тулд маш болгоомжтой хандах шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн бусад салбар, төлөөллийн хувьд хуулийн хугацаа, шахалтаар биш бэлтгэл ажлаа хангасны дараа өөрсдийн хүсэлтээр олон нийтэд хувьцаагаа санал болгож арилжаалдаг нийтлэг жишиг олон улсад мөрдөгдөж байгаа.
Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй, ухрахгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Гагцхүү эдийн засгийн өнөөгийн орчинд цаг хугацаанд шахагдаж хийснээр санхүүгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийхийн тулд л хэрэгжих хугацааг сунгах саналтай байгаа. Мэдээж эрт IPO хийх боломжтой банк нь зах зээл дээр түрүүлж гараад, хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид оролцож болно, оролцох нь ч хуулиар нээлттэй.

URL: