Галт зэвсэгийг хориглохыг америкчууд хүслээ
Хэргийг эргэн сануулвал 18 настай Салвадор Рамос хуулийн дагуу олж авсан AR-15 маркын автомат буугаар эхлээд эмээгээ дараа нь дөрөвдүгээр ангийн сурагчдыг буудан амь насанд нь халдсан хэрэг энэ сарын 24-нд гарсан юм.
Үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Увалде хотод ирж хохирогчдын гэр бүлийнхэн болон амьд үлдсэн хохирогчидтой ням гарагт уулзав. Тэрбээр тэргүүн хатагтай Жилл Байдены хамт Робб бага сургуульд болсон сурагчдад эмгэнэл илэрхийлэх арга хэмжээнд очжээ. Үүний дараагаар тэд католик сүмийн мөргөлд оролцов. Энэ үеэр хэсэг хүн сүмийн гадаа ирж “Ямар нэгэн зүйл хий” хэмээн хашгирахад ерөнхийлөгч “Бид арга хэмжээ авна” гэж хариулав. Тус улсад болсон энэ үйл явдал нь галт зэвсэг, буунд тавих хяналтаа сайжруулах дохиог эрх баригчдад өгсөн юм. Иргэдийн зүгээс Жо Байденд ийм шаардлага тавьжээ. Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрис галт зэвсэг хэрэглэхийг хориглох санал гаргав. Тэрбээр “Галт зэвсэг олон хүнийг хурдан хугацаанд хороох зорилгоор бүтээгдсэн. Энэ бол дайнд зориулагдсан. Иргэний ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйл” гэв.
Гэвч Бүгд найрамдах намын хэд хэдэн ахмад сенатч буу эзэмших журмыг хатуу болгох, хяналтыг чангатгах уриалгыг эсэргүүцэж байна гэж “BBC” мэдээлэв. Мөн экс ерөнхийлөгч Дональд Трамп зайлшгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэж ярьжээ. Харин Техас мужийн сенатч Тед Круз “Ардчилсан намынхан болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуулиар олгосон иргэний эрхийг хязгаарлахдаа Увалде хотод болсон буудлагыг улс төржүүлэх оролдлого хийж байна” хэмээн буруутгав.
АНУ-ын Хууль зүйн яам гэмт хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн өдрийн хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хариу арга хэмжээний талаар бие даасан тайлан гаргана. Мөн буудах гэмт хэрэгт үзүүлэх хариу арга хэмжээг сайжруулж, бэлтгэл ажлыг сайтар хангах, ийм гэмт хэргийн үеэр ямар арга хэмжээ авах нь хамгийн зохистой гэдгийг судална” гэв.
Иргэн Эдвардо Месса “Тамхи, архи шиг буунд яагаад насны хязгаарлалт тавиагүй юм бол. Энэ удаагийн аллага үнэхээр зүрх шимшрүүлж байна” гэв. Он гарснаас хойш АНУ-д 200 гаруй хүн олныг хамарсан буудлагын улмаас амиа алдаад байна.
URL: