Бүлэг

БүлэгС.УЯНГА

Даваа гарагт хоёр намын бүлэг хуралддаг. Энэ дагуу эрх баригч намын бүлэг тодорхой хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн бол сөрөг хүчин Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хөндлөө. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нарын байр суурийг хүргэе.

МАН: Төрийн албанд гэрээгээр ажиллуулахгүй

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн  төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлгээс завсарлага аваад байсан. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн тодорхой заалтуудыг өөрчилсөн байдлаар дэмжинэ  гэж үзлээ. Тодруулбал, хуулийн төслийн 34-р зүйлд заасан улс орны нийгэм, эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулах аргаар сонгох тухай заалт,  мөн  3.13-д  тусгасан УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлж байгаа бол энэхүү хуулийн төслийг дагаж мөрдөхгүй талаар тусгасан байдаг. Эдгээр  заалтуудыг  дэмжихгүй. Харин бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн байр суурь нэгдлээ. Тиймээс Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг гарч, дээрх заалтуудыг хасах саналыг тусгаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд, гишүүдийн зүгээс хоёр заалтад онцгой анхаарал хандуулж байна. Үүнд, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээний дагуу  ажиллуулах, мөн НҮБ, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэнийг төрийн албанд гэрээгээр ажиллаж болохыг дэмжсэн хуулийн заалтууд байсныг бүлгийн гишүүд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тухайлбал, Хөтөлийн цемент шохой ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.

АН:  Өр тооцох аргачлалаа өөрчлөх шаардлагатай

Гадаад өрийн асуудлыг УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Дэлхийн банк Монголын өр ноцтой түвшинд хүрсэн байна гээд байхад Монгол Улс санаа зовох хэмжээнд хүрээгүй гээд байгаа. Тиймээс өр тооцох аргачлалаа өөрчлөх шаардлагатай.

Хүн тус бүрийн тухайд авч үзвэл нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байна. Өнгөрсөн долоо хоногт Шри-Ланка улс дампуурлаа зарласан. Энэ жишээ Монголд ч давтагдах эрсдэлд хүрээд байна. Төр хувийн хэвшилд хариуцлага тооцож байгаа шигээ Хөгжлийн банкны зээлдэгч нараас өрөө авах ёстой. Өрийг ийм байдалд хүргэсэн эрх баригчид улсаас хөөгдөхдөө хүрээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болохгүй гэдэгт АН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа мэдэгдье. Бид өөрсдөө өрөө хүлээн зөвшөөрч, хэрхэн барагдуулах боломжтойг шийдэх хэрэгтэй. АН төрийн өмчит компанийг хувьчлах  боломжтой гэдгийг хэлж байгаа. Иргэд хувьцаа авах сонирхол өндөр байна. Хэрэв өрийн аргачлалыг шинэчлэхгүй бол эдийн засгийн том уналтад орно. Үүнээс харвал хувийн хэвшлийг төрөөс маш сайн дэмжих хэрэгтэй. Төрийн өмчит шаардлагагүй компаниудыг яаралтай хувьчлахгүй бол өрийн хавханд Монгол Улс байсаар байна. Улс мөнгөгүй үед хувийн хэвшлийг дэмжихээс өөр сонголтгүй.

Дараагийн нэг зүйл бол Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хульд хэд хэдэн заалтыг оруулж ирсэн. Хамгийн ноцтой заалт нь мөрдөгч. Тодруулбал, мөрдөгч шийдвэрлэх ажиллаганд оролцохдоо иргэнийг албадан болон дуудан ирүүлэх заалт оруулсан. Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний эрхэнд халдах энэ мэт оролдлого хийхгүй байхыг АН-аас хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: