Үндэсний их баяр наадмыг улс даяар нэг өдөр хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.
Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн төсөлд тусгаад байгаа бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй.
URL: