Хомсдсон нөөцийн махыг хоттой хониноосоо эрэх үү
-МАХНЫ ҮНЭ АРВАН МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРСЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ-
Цалингаас цалингийн хооронд шогшиж байдаг монголчуудын хувьд махны үнэ ханш тогтвортой байх нь улс төрөөс чухал. Зарим иргэдэд махны үнэ нэмэгдэнэ гэдэг багтай дээрэмчдэд буу тулгуулан түрийвчээ онгойлгохтой адил доромжлол байдаг бололтой. Энэ өвөл, хаврын тухайд монголчуудын гол хүнс болох махны үнэ савлаж иргэдийн дунд бухимдал үүсгээд байна. Малын махны үнэ нэмэгдэхэд иргэд бухимдана гэдгийг Засгийн газар эртнээс мэддэг болсон.
Тийм учраас Засгийн газар 2009 оноос эхлэн мах бэлтгэдэг компаниудад урамшуулал олгодог болсон аж. Тухайн үед махны үнэ өсөх тусам компаниудын ашиг орлого нэмэгддэг тогтолцоотой байсан юм. “Хүчит шонхор” зах дээр махны үнэ 2500 болоход нөөцийн мах бэлтгэдэг компани таван зуун төгрөгөөр дутуу борлуулна. Өөрөөр хэлбэл захын махны үнэ хичнээн төгрөгөөр өслөө ч компаниуд таван зуун төгрөгөөр л буулгана. Ингэж үнийг таван зуун төгрөгөөр буулгасан учир урамшуулал авдаг байлаа.
Одоогоос хоёр жилийн өмнө компаниуд нөөцийн мах бэлтгэх зориулалтаар хавар болгон банкнаас бага хүүтэй зээл авдаг байв. Тэгээд мах авахдаа малчдаас амьдын жингээр нь тооцож нэг кг-ыг нь 500 төгрөгөөр бодон авдаг байлаа. Хаврын туранхай мал намар гэхэд “өөхөн бөмбөөхөй” болдог байсан учраас компаниудад ихээхэн ашиг өгдөг. Тэгээд ч монгол малаас хаях зүйл гардаггүй билээ.
Үүнээс улбаалаад нөөцийн мах бэлтгэх ажилд компаниуд олноор орох хүсэлтээ ирүүлсэн тул сонгон шалгаруулалт явуулсан. 2011 оны сонгон шалгаруулалтад “Мах маркет”, “Жаст-Агро”, “Баатрууд тэнгэр”, “Мах экспорт”, “Багахангай”, “Тайж трейд”, “Баруун Монгол интернэйшнл”, “Соотон”, “Давшилт трейд”, “Саян-уул”, “Монгол мах экспо”, “Стандарт мах”, “Монгема”, “Сэргэн мандал” групп, “Тэс шим”, “Нэмэр их”, “Хүнс трейд”, “Капитал маркет”, “Хүнсний коллеж”, “Мик маркет”, “Эй энн ди эм” компаниуд тэнцсэн.
Эдгээр компаниуд өөрсдийн санхүүжилтээр мах бэлтгэн махны үнэ өсөх хаврын тарчиг цагт нийслэлчүүдийг махаар хангах гэрээ хэлцэл хийсэн. Нийтдээ 12 мянган тонн мах бэлтгэх бөгөөд үхрийн 1500 тонн, хонины 8000 тонн, ямааны 2500 тонн мах бэлдэхээр болсон. Энэ намраас эхлэн махны үнэ дорвитой бууралгүй байсаар цагаан сарын өмнөхөн үхрийн махны үнэ кг нь 7000 төгрөг хүрэв.
Тийм учраас махны компаниуд гэрээний дагуу нөөцийн үхрийн махаа нэг кг-ыг нь 3700, хонины махаа 3200, ямааны махаа 2600 төгрөгөөр зарахаар болсон. Гэтэл нөөцийн махны үзэсгэлэн худалдаа нь мартагдаад 20 жил болж байсан картын барааны дарааллыг бий болгосон. Үүгээр ч зогсохгүй захын хорооллын нэг дэлгүүрт гурван хонь, нэг ямааны мах очиж худалдан авагч нарыг бухимдуулсан юм.
МАХНЫ ХОМСДОЛД ХЭН БУРУУТАЙ БЭ
З8 сая малтай хэрнээ мах хомсдоод байгаагийн буруутнаар “Хүчин шонхор” захын ченжүүд, малаа хотын үнээр үнэлдэг болсон малчдыг тодруулдаг юм. Ингээд “Хүчит шонхор” захын ченжүүдтэй уулзлаа. Ченж Ш.Батаа “Сүүлийн жилүүдэд мал туувар гэдэг зүйл байхгүй болсонтой холбогдоод махны хомсдол үүсдэг юм. Хуучин цагт Засгийн газраас малыг туранхай үед авч зунжин намаржин таргалуулаад арванхоёрдугаар сард нядалдаг байлаа. Гэтэл одоо мал таргалуулдаг, туудаг хувь хүн, компани гэж байхгүй болсон. Махны чиглэлийн бизнес хийдэг компаниуд малыг амьдын жингээр авч туухаа больсон. Тэгээд муу нэртэй захын ченжүүдийн олж ирсэн махыг хямдаар худалдаад авчихдаг юм. Миний мэдэхээс энэ жил “Тэнгэр трейд” компани зах дээрээс нэлээд мах авсан. Махны ченжүүд мах ихээр авч хавар үнэ хүргэн зарах гээд байна гэвэл худлаа.
Одоо мах нэг кг нь 9000 төгрөг (Меркури зэрэг томоохон захуудад үхрийн цул мах арван мянган төгрөг хүрчээ) хол гарчихаад байна. Энэ үед л зарах ёстой байхгүй юу. Мань мэтэд мах олдохгүй болохоор дэмий хөзөр тоглоод л сууна. Манай захын хамгийн том ченж гурван зуун сая төгрөгөөр эргэлддэг юм. Тэр том компаниудын дэргэд юу болох юм бэ. Ихэнх ченжүүд намаржин томоохон компанийн бэлтгэн нийлүүлэгч болдог гэхэд болно. Саяын үзэсгэлэн худалдаа дээр манай захын ченжүүд жаахан махаа аваачиж зарлаа. Яахав дээ, компаниудын өмнөөс л нэр хааж байгаа хэрэг.
Ченжүүд малчдын махыг авч байна гэж шүүмжилдэг. Энэ үнэн л дээ. “Мах импекс” ч юм уу, “Мах маркет” компани Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хаваржиж байгаа Ядамын малыг авдаггүй л байхгүй юу. Бид халуунд халж, хүйтэнд нь даарч байж хэдэн мал цуглуулан хот руу зөөдөг. Махны жижиглэнгийн худалдааг ченжүүд хийдэг. Сүүлийн жилүүдэд ченжүүдийг устгах зорилгоор аймгийн төв болгон махны үйлдвэртэй болсон. Тэр үйлдвэрүүд нь малчидтай тохирч мал авч чаддаггүй. Авлаа гэж бодоход махаа Орос, Хятад руу зөөчихдөг юм. Ний нуугүй хэлэхэд махны компаниуд хавар мал авч туувар хийсэн харагдаагүй. Тэгэхээр нөөцийн мах гэж байгаа юм уу” гэж ярилаа.
Хүчит шонхор зах дээр цэнхэр тамгатай нөөцийн мах л зарагдаж байна. Өөрөөр хэлбэл Баянхошууны дэлгүүрт 3700 төгрөгөөр зарагдах мах зах дээр 9800 төгрөгөөр борлогдож байгаа үзэгдэв. Махны хомсдолд Хятад улсыг бас буруутгадаг юм. Өнгөрсөн жил хятадууд нэг кг ямааны шулсан махыг 2500 төгрөгөөр авч байсан. Үүнээс үүдээд махны хомсдол үүсэхэд Засгийн газраас мах хилээр гаргахгүй байх шийдвэр гаргасан.
Тэр шийдвэр гарангуут махны үнэ навс унаж байсан аж. Гэтэл энэ жил Хятад иргэд мах гээд сүртэй зүйл авсангүй. Нэг тэрбум 300 сая хүнтэй хятадын хүн амыг Монгол Улс малын махаар хангана гэвэл З8 сая малаа долоохон хоногт идүүлчих тооцоо байдаг юм билээ. Харин Монгол Улс хэдий хэрийн нөөцийн махтай байж жилийг өлсөхгүй давах бэ. Эдийн засагчдын тооцоогоор нийт 720 мянган өрх айл өдөр 500 грамм хэрэглээд 320 хоног (Бусад хоногт нь цагаан хоол идэх хэрэгтэй гэж үзсэн бололтой) болоход 115,200 тонн мах болох гэнэ.
Тэгэхээр нөөцийн мах хаанаа ч үгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр 12 мянган тонн махыг богийн тоонд шилжүүлэхэд ердөө 600 мянган толгой (Нэг хониноос 20 кг мах гарна гэж тооцоход) болж байгаа юм. Харин зүй бус хорогдол нь зудтай жилд 8-9 саяар тоологддог болжээ. Эндээс харахад махны чиглэлийн компаниуд нэг их олон мал авч нөөцийн махад нядлаад байдаггүй юм байна.
Ямар ч байсан энэ жил хятадууд, махны ченжүүд махны хомсдолд буруугүй мэт санагдаад явчихлаа. Харин малчид махаа худалдсан болов уу. Жилдээ Монгол Улс 8-11 сая төл хүлээн авдаг юм билээ. Энэ тооноос үзэх бол малын тоо аль хэдийнэ дөч, тавин саяар өсөөд явчих нь ойлгомжтой. Жилийн эцэст малын тоо арван хувиар өссөн тооцоо гардаг аж. Малчид “Жил ирэх тусам хэрэглээ өсөөд цалингүй малчид нэг хониороо гар утас авдаг болсон” гэдэг юм билээ.
Харин махын чиглэлээр бизнес хийдэг компаниудын эзэд “Малчид нэг кг ноолуураа 90, ямааны арьсаа 25, адууны ширээ 45 мянган төгрөгөөр зарчихаж байна. Дээр нь ноосны урамшуулал гээд сая саяар нь мөнгө төгрөг авлаа. Тэгэхээр төр засгийн төрөл бүрийн хайр энхрийлэлд умбасан малчид бидэнд юу гэж малаа зарах бэ дээ. Эр хонио 160, үхрээ 600 мянган төгрөгөөр үнэлчихээд байна. Малчдаас болоод мах хомсдсон” гэх тайлбарыг хийлээ.
Нөөцийн мах хомсдолтой байгаад Нийслэлийн Захирагчийн албыг буруутгадаг. Харин хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нөөцийн мах хангалттай бий. Хэрвээ 12 мянган тонн мах хүрэлцээгүй гэж үзвэл хөдөө орон нутгаас ч татна” гэж ярих юм. Өдийд лав мал нядалдаг малчин гэж байхгүй. Харин махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашиг хүсч буй томоохон компаниудын зоориос л эрэх хэрэгтэй юм.
Үргэлжлэл бий.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: