Монголын хөдөө тал хогоор дүүрсэн гэдгийг жуулчдад харуулах болж байна уу даа

  7e1fb01e985edf54016d35a574a9999a-МОНГОЛЫН АЯЛАЛ НҮХЭН ЖОРЛОН, ХОГИЙН ЦЭГГҮЙ ГЭДГИЙГ МЭДВЭЛ ЖУУЛЧИД ИЧЭЭД ИРЭХГҮЙ-

         Зуны сар гарахтай зэрэгцээд Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Архангай, Завхан аймаг олны хөлд дарагддаг боллоо. Өнөө цагт зугаалдаггүй хүн ч гэж алга. Бүгд л хамаатан садан, найз нөхөд, хамт олноороо нийлж, хэд хэдэн автомашинд хуваагдаж суугаад Буйр, Хөвсгөл, Хяргас, Тэрхийн цагаан нуур, Улаагчин хар нуурын эрэгт очиж хэвтэхээр, амрахаар давхилддаг. Харин амрагчид гялгар уут, ундаа, архи, пивоны саваар байгалиа навсайтал дарчихаад, ямар ч хог “тариагүй” юм шиг бусдын “тарьсан” хогийг ярьж, халагладаг. Хол замд аялахаар гарч буй нийслэлчүүд үрийн гэгээтэй уралдаад хотоос гарна. 22-ын товчоо өнгөрөөд замын гуанз хэсэгтээ тасрахгүй. “Зоогийн газар” гэгдэх нэвсийж, навсайсан хэдэн бор гэр, байшин хойшоо, урагшаа хараад янз янзаараа хөглөрдөг. Гэвч цайлчихаар газар тун цөөн. Нар, салхинд гандаж, хууларсан хаягаа шинэчилж чадаагүй юм чинь юун хоол, цай, халбага, сэрээнд анхаарах байлгүй. Ялангуяа гаднын жуулчдад “зоогийн газар” гэж тайлбарлахад ч бэрх, ой гутмаар газрууд бий.

     Холд замд явж, өлссөн хүмүүс гайгүй цайны газар хайж, хайж “Арай дээр юм уу” гэсэндээ орчихоор ер нь ялгарах юмгүй. Замын гауанз бол замын гаунз л байдаг. Ширээ, сандал, хоолны цэс, үйлчлэгчийн хормогчийн халтараас эхлээд таалагдах юм ер үгүй. Өгч байгаа хоол, цай, халбага, сэрээг нь бүр ч ярилтгүй. Муу дээр муу, муухай дээр улцан гэдэг шиг  л. Замын гуанзанд гаднын жуулчдыг оруулах юм бол ёстой юунд оруулж ирээд, юу өгөөд байгаа юм бэ гэж уурлахаар. Эсвэл ийм зоогийн газар гэж байдгаа хэмээн гайхаж өрөвдмөөр гутамшигтай. Монголчууд барагтай бол замын гуанзанд орохгүй, голдог.

     Дагуулж яваа гаднын жуулчиддаа монголын бүх соёлыг үзүүлж, сэтгэл хангалуун буцаах зорилготой малчин айд хүртэл зорьж очоод хонодог. Мөн л нөгөө замын гуанзнаас ялгарах зүйлгүй. Гэрийн эзэн нь хумсныхаа хирийг ч арилгалгүй мал, махаа төхөөрч, эзэгтэй нь хэчнээн хоног угаагаагүй тос, хөө даасан хар алчуураар тогоогоо арчсан болоод цай, хоолоо үүнэ. Тэгээд болоогүй орж ирсэн хүнд ямар ч хамаагүй аяга шүүрч авч, арчсан болоод цай хийж өгдөг. Монголчуудын энэ байдлаас жуулчин дагуулж яваа монголчуудын санаа зовж, айлаар, зоогийн газраар дагуулж явахаас халагдаг гэдэг. Юун соёл үзүүлэх манатай жуулчдаа ярвайчих вий гэж зүрхшээсээр, тэдний өмнөөс зүгээр, зүгээр гэж нэрлэхдэг юм билээ.

     Энэ мэтчилэн Улаанбаатараас гарсан аялалын баг бүр Элсэн тасархайгаар ороод л цааш явж өгнө дөө. Бас болоогүй ингэж салхи татуулан зугаалж, цэнгэж явахад урд хөндий, хойд дэнжээр дүүрэн өнгө өнгийн гялгар толгой дээгүүр эргэлдэж, дэрс, бутаар нэг ариун цэврийн цаас хөглөрч, зам дагуу хормойгоо барьж гүйсэн хүмүүс, архи, пивоны шил, түнтийсэн түнтийсэн ууттай хог энд тэндгүй пүд пүд “үсэрчихсэн” байх. Энэ дүр зураг монголын аялагчид, үе үеийн удирдлагуудын зохион байгуулалтгүй, сэтгэлгүй байдлыг тодоос тод илтгэдэг.

     Тухайлбал, орон нутаг, аялал, зугаалгын төв газруудад төвлөрсөн хогийн цэг байдаггүй гээд л бод. Өнгөрсөн онд орон нутаг руу амралтаар явсан хүмүүс өдөрт  2000 тонн хаягдал гаргаж, байгаль эхийг “яргалдаг” судалгаа гарч байв. Нөгөө аялалынхан хог хаях цэггүй гээд  хаа таарсан газраа хийсгэдэг нь элбэг. Харин цөөн хэд нь “Хөөе, чи наадахаа хогийн саванд хий” гэхэд нь өөдөөс нь “Чамд хамаагүй” гээд  барьж явсан ундааны саваа хэнэг ч үгүй чулуудчихаад хэрэлдэх гэж дайрдаг. Ийм үзэл, сэтгэлтэй хүмүүсийн ундааны саваар дүүрсэн авто замын хажуугийн жалга хогийн сав болоод л дуусдаг.  Ухамсартай гэж болохоор зарим нь  хогоо зориулалтын газар хаячих санаатай автомашиндаа илжиртэл нь хадгалдаг боловч, хогийн сав таарахгүй байсаар муудсан хогоо тэсэлгүй хаяахаас өөр аргагүйд хүрдэг гээд асуудал их.

-АЯЛАЛЫН БҮС НУТГИЙГ ХОГИЙН САВ, АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨР ТОХИЖУУЛЪЯ-

          16 километр урт, 10 километр өргөн гэгддэг Тэрхийн цагаан нуур орчимд хогийн цэг байдаггүй. Харин арай гэж ганц нүхэн жорлон байдаг юм билээ. Энэ тухай сонссон аялагчид “Ядаж нүхэн жорлон байгаа нь их юм даа” гээд халаглах. Гэвч үнэн хэрэгтээ өнөө нүхэн жорлон нь хэдийн дүүрчихсэн орохын эцэсгүй. Тиймээс аялагчид бусдын нүдийг “хариулж” байгаад мод, хадны ард орж л өөрсдийгөө болгохоос аргагүй болдог гэнэ. Харин монголчуудын хамгийн очих дуртай газар болох  Хөвсгөл нуурын эрэг орчимд  дүүрчихсэн жорлон битгий хэл хогийн цэг ч байдаггүй юм билээ.

    Эрэг орчимд нь майхнаа зоосон аялагчид хогоо  сууцныхаа дэргэд торонд хийгээд амьхандаа нямбайлдаг. Гэвч жаахан салхи гарлаа л бол тор нь ч задарч, хуванцар сав, нойлын цаас энд тэндгүй тарж, хийсэх нь хийсэж, нуур руу орох нь орно. Ариун цэврийн өрөөгүй далайн эргээр хүмүүс автомашинаа хөлөглөж бие засдаг юм билээ. Тэгэхдээ нэг их холдохгүй. 100-200 метр зайтай очиж, автомашинаараа халхалж байгаад л бие засчихдаг. Энэ мэт байгалийн сайхныг бишрэх гэж очихдоо байгалиа бохирдуулаад хаячихдаг хүмүүс олон байна.

          Дотоодын аяллын томоохон газар, байгалийн цогцолбор газар руу ороход аялагчид тодорхой хэмжээний мөнгө төлнө. Уг нь тухайн мөнгө нь аялагчдыг зөв, боловсон аялах нөхцөлийг бүрдүүлэхэд ашиглах ёстой. Гэтэл аялагчдын ихэвчлэн зорьж, үзэхийг хүсдэг газрууд боловсон оо, томоохон хогийн цэггүй. Хаа нэг таарсан зохицуулах ажилтнууд “Жорлон, хогийн цэг байхгүй. Өөрсдийгөө болгоорой” гэж ширүүхэн дугарчихаад зөв зохистой, боловсон аялахыг шаардах юм. Нүдэнд харагдах газарт нь эко 00, томоохон хогийн цэг байгуулчихвал хүмүүс харсаар байтал ил бие засаж, байгальд хогоо хаяхгүй л байх. Хэрэв энэ хэвээрээ дотоодын аялалын үргэлжилсээр байвал бүр гаднын аялагчдыг ч мөрөөдөөд дэмий биз. Төсвөө гаргаж, төлөвлөхдөө хаана оо барьж, хэдэн хогийн сав нэмэ вэ гэдгийг тодорхой болгож дотоодын  аяллаа хөгжүүлэх цаг нь болжээ. Мянга мянган аялагчдын хураалгасан мөнгөөр нэг ч болтугай оо барьсан болов уу. Хэрвээ аялагчдаас хураасан мөнгөө зөв ашиглаж чадвал ядах нь ээ нүхэн жорлон, томоохон хогийн цэгтэй болчихвол 40 жуулчин хүлээж авахад нүүргүй улайхааргүй болох нь ээ.

https://ergelt.mn/news/21/single/21265


URL:

Tags: