Салбараа “андуурсад” буюу бусдын ажлыг “булаагсад”

Нэг нэгнийхээ ажлыг “булаадаг”, санаатай ба санамсаргүйгээр салбараа “андуурдаг” үзэгдэл хавтгайрав, манай төрд. Халдварт тахал хумигдаж, хэвтсэн эдийн засгаа хөл дээр нь босгох ажилд хэн хүнгүй ханцуй шуун орсон нь сайн хэрэг. Гэхдээ хэн дуртай нь хүссэн салбар руугаа үсчиж, хамааралгүй салбарынхаа сайдын ажлыг “булаадаг” болсон нь төрийг зохион байгуулалтгүй, хөл толгойгүй харагдуулах боллоо. Хууль зүйн сайд Х.Нямбаатар авто зам нээгээд явж ч байх шиг. Чухамдаа “Будаач будаач гээд сахлаа будав” гэгч л болж байна. 


Тэгвэл салбараа “андуурсан” буюу бусдын ажлыг нь “булаасан” хэд хэдэн жишээ дурдъя. 
ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН НЬ
     Саяны өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллав. Ерөнхий сайд байх үеийнх нь ардаа арав илүү хүн дагуулдаг дүр зураг дахин тодорч, ерөөс өөрчлөгдөөгүй харагдав. Гэхдээ Ерөнхийлөгч болчихсон атлаа Ерөнхий сайдынхаа өмнүүр орж, ажлыг нь “булаах” шаардлагагүй байв. Яах вэ, Төрийн тэргүүний хувиар түмнийхээ хүнсний аюулгүй байдал ярьж яваа нь зөв, гэхдээ хаврын тариалалт шалгаж, тариаланчдад тулгамдаж буй асуудал, зовлон жаргалыг Ерөнхийлөгч гэхээсээ Ерөнхий сайд сонсох нь илүү зөв байв. Ядаж л ямар асуудал тулгамдаж буйг нь Ерөнхийлөгч сонсоод юу хийж чадах вэ, Ерөнхий сайд сонсоод юу хийж чадах вэ гэж харьцуулбал ажлын чиг үүргийн дагуу Ерөнхий сайдад илүү хамаарах асуудал. Тариаланчдын зовлонг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд нимгэлэх эрх мэдэлтэй гэсэн үг л дээ.
       Л.ХАЛТАРЫН ЯАМЫГ Х.НЯМБААТАРТ ХАРИУЦУУЛЪЯ
       Л.Халтарыг Х.Нямбаатар орлодог, ажилд нь оролцдог болоод удлаа. Эхлээд Л.Халтарын хариуцах ёстой хил гааль, ачаа тээврийн асуудалд Х.Нямбаатар оролцдог, орлодог байсан бол сүүлдээ “халуураад” авто зам хүртэл нээдэг болов. Харин Л.Халтар сайд аанай л ард нь хоцордог хэвээрээ. Саяхан даа, Х.Нямбаатар Хөвсгөлд онгоцоор заларч, 1.1 км хатуу хучилттай авто замын шав тавьсан. Хаа хамаагүй Хууль зүйн салбарынх атлаа авто зам нээсэнд нь, ингэхдээ онгоцоор очсоныг нь иргэд шүүмжилсэн ч “Ц.Элбэгдорж шиг шалдан хүүхдүүдтэй зугаалж, ан хийж яваагүй” гэж зад загнаад, ам таглана лээ.
Түүнээс өмнөхөн, өнгөрсөн сарын дундуур Х.Нямбаатар хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцаж явсан. Зорилго нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Шивээхүрэн-Сэхээ боомтыг хэвийн ажиллагаанд оруулах гэх. Уг нь нүүрсний экспорт Хууль зүйн сайдын биш харин Х.Халтар гэх Зам, тээврийн сайдын асуудал биз дээ. Түүнчлэн, оны эхэнд үүссэн чингэлэг тээврийн асуудлыг мөн л Х.Нямбаатар хариуцаж, Л.Халтар харин хэл чимээгүй суусаар асуудлын ард гарсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь зам нээгээд, хил гааль, боомтуудаар явж нүүрсний экспортоо санаа тавьж болдог юм бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэнд хэрэгтэй юм бэ, түүний хэрэг байна уу.
      Дээрээс нь, Л.Халтар Дархан-Улаанбаатар чиглэлийн 200 км замын ажлыг өөрийнхөө үүрч байгаа үйл лай хэмээн хэвлэлээр гомдоллож, тэгэх мөртөө дэд сайд Ж.Бат-Эрдэнийгээ тийш нь “цөлчихсөн”. Угаас уулгамч Л.Оюун-эрдэнэ “Дарханы замыг ашиглалтад оруулахаас нааш наашаа битгий ирээрэй” гэх хатуу үүрэг өгсөн гэнэ лээ.
ТОЙРГОО ТОЙГЛОХДОО САЛБАРЫН САЙДЫГ НЬ МАРТАХГҮЙ БАЙЯ
       Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Чинзориг орон нутагт ажиллаж, сумын эмнэлгүүдэд түргэний автомашин гардуулжээ. Түргэний тэрэг тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн, гэхдээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод салбарын сайдын хувиар огтхон ч оролцоо байсангүй. Уг нь “түргэний” гэх үгний цаана эрүүл мэндийн салбар хамаарч буй тул С.Энхболдын оролцоо их ч, бага ч байх л ёстой байв. Гэтэл зураг нь байтугай нэр ч сонсогдохгүй байна билээ. Юу гэх гээд байна вэ гэхээр, УИХ-ын гишүүд тойргоо тойглохдоо тухайн тусламж нь аль салбарт хамаарч байгаагаас шалгаалж, салбарын сайдад нь хариуцуулдаг байя. “С.Чинзоригийн бэлэглэсэн түргэний тэрэг” гээд С.Энхболдын удирдаж буй Эрүүл мэндийн салбараас тусдаа үйлчилгээ үзүүлэхгүй биз дээ. Өөрөөр бол, Засгийн газар ба УИХ-ын гишүүд нь уялдаа холбоогүй ажилладаг жишээ энэ мэт олон бий.
Б.БАТЦЭЦЭГИЙГ Б.БАТ-ЭРДЭНЭЭР СОЛЬЁ
      БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн үед Гадаад харилцааны сайд болчихсон аятай л байгаа. БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчдог болох асуудлыг ярьж явах болсон. Гэхдээ зорилго нь л аялал жуулчлалтай холбогдож байгаагаас бус визний асуудлыг Гадаад харилцааны сайд хариуцах ёстой биш бил үү. Сүүлийн өдрүүдэд мөн л Японд оччихсон явна лээ. Визний асуудал зөвхөн аялал жуулчлалтай л холбогддог юм бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Гадаад харилцаан яамтай нэгтгэчихвэл яасан юм бэ. Эсвэл Б.Бат-Эрдэнэ толгой мэдэн виз олгодог болчихвол Б.Батцэцэгийн ажил хөнгөрөх юм биш үү.
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН Х.НЯМБААТАРЫН АЖЛЫГ ХИЙЖ, Х.НЯМБААТАР Л.ХАЛТАРЫН АЖЛЫГ ХИЙСЭЭР БАЙХ УУ
Шадар сайд С.Амарсайхан сүүлийн саруй хугацаанд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгтэй “тэмцэх” л ажил хийж байна. Орон нутагт гарч буй ой хээрийн түймрээс эхлээд хариуцах ажил түүнд олон бий. Гэвч С.Амарсайхан зөвхөн “МИК”-ийг л ярьж явдаг боллоо. “МИК” ипотекийн зээл олголтоос мөнгө завшиж байсан л гэнэ, орон сууцанд орсон иргэд хохирсон л гэнэ. Тэр ер нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ажлыг хийгээд байна уу, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын ажлыг хийгээд байна уу, ойлгогдохоо болилоо. “МИК” үнэхээр л хууль зөрчиж, ипотекийн зээл олголтоос мөнгө завшиж байсан юм бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцвал илүү ойр юм бишүү гэж бодогдох. С.Амарсайхан нь ингэж Х.Нямбаатарын ажлыг хийж явахад, Х.Нямбаатар нь харин Л.Халтарын ажлыг хийж явах.
      Уг нь уралдаад, булааж, андуураад ч болов ажлаа хийцгээж буй нь сайн хэрэг ч улс удирдахад зохион байгуулалт хэрэгтэй. Ер нь бол, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайд нь Ерөнхий сайдаа, салбарын сайдууд нь салбарынхаа ажлыг хариуцах нь ёстой, тэгэх л гэж салбарын бүрийн толгойд яам, шат шатанд дарга байгаа биз дээ. Тэгээд ч “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэж үгтэй юм. Хэн дуртай нь хүссэн хүнийхээ ажлыг өмнөөс нь хийгээд, хэн хүссэн нь хаа хамаагүй, хариуцдаггүй салбарынхаа сайдын ажлыг өмнөөс нь хийгээд байвал төрд энэ олон яам, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн гэж байхын хэрэг байна уу. Х.Нямбаатар тэргүүний хүний ажилд оролцох дуртай хэдхэн хүн байхад улс орныг удирдчих юм биш үү гэж бодогдох болов.
https://ergelt.mn/news/44/single/21199

URL: