А.Ариунзаяагийн удирдаж буй авлигад идэгдсэн салбар сүйрлээ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай сайдын зээ охин А.Ариунзаяа хоёр жилийн өмнө Төрийн сайд болж, өвөөгийнхөө үйл хэрэг, ураг удмын түүхийг гүйцэлдүүлэхээр Саарал ордонд заларч байлаа. Тэр хоёр ч Засгийн газарт сайдаар ажиллаж, хамт бүрдүүлсэн Засгийн газар нь унаж байхад ч үлдэж чадсан “том артай” сайд. Угтаа тэр сайн ажиллаад, сайдын суудалдаа үлдсэн үү гэвэл бас л эргэлзээтэй. П.Жасрай сайдын зээ охин гэх “автор”-той, Үндэсний статискийн хорооны дарга байсан гэх ажлын нимгэн намтартай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хариуцаж байгаа салбар яамаа өндийлгөх бус уруулдуулсаар өдийг хүрлээ гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. “Төрийн сайдын алба хаших нь статискийн хороог удирдахаас, өөрийнхөө тухай фэйсбүүкдээ гоё ганган үгсийг толгой сүүл холбож бичихээс, инээмсэглэсэн зургаа нийтлэхээс, өөрийгөө өмөөрүүлж, элдэв зүйл бичүүлэхээс, сайн хүмүүний сайн зээ охин байхаас тэс өөр” гэх нийтийн шүүмжлэл түүнийг “нүдсээр” хоёр дахь хавартайгаа золгож байна. Энэ нь ч үнэний ортой юм, гарцаагүй гэрчлэх баримтууд ч бий.
Ердөө ганцхан жишээ дурдахад, УИХ-ын ээлжит намрын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан С.Чинзориг энэ бүгдийг үнэнээр нь, ил тодоор Чуулганы индэрээс хэлж байлаа.
Тэр “А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа хатуухан үг хэлээгүй. Залуу хүн сураг гээд нэлээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажил, орлоготой болгох асар олон ажил бий. 150 мянган ажлын байр бий болгох, ядуурлыг хоёр дахин бууруулах гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Энэ рүүгээ одоо ормоор байна. Бодит ажил руугаа ормоор байна. Зургаан сар би таныг ажиглалаа. Төрийн албан хаагчдыг халж, солино гээд бужигнуулаад байдгаа болимоор байна. Энэнээс өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл цаашдаа хатуу шаардлага тавина. Хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавина гэдгийг хатуу анхаарч ажилламаар байна” гэж байсан удаатай.
“Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан” гэж тодорхойлж болохуйц, уг яамыг хөл дээр нь босгохын тулд дөрвөн жил олны хэл амны дунд “амьдарсан” С.Чинзориг сайд асны бухимдал, үг буруу биш байсан гэдгийг тухайн үедээ олон хүн гэрчилж, түүний шүүмжлэлийг дэмжиж, салбар хариуцаж байгаа сайдыгаа сайн ажиллахыг, сошиалаар ажлаа хийхгүй байхыг сануулж байлаа. Гэвч илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдгийн адилаар А.Ариунзаяа сайдад өөрчлөгдсөн, өөдлөн дэвшсэн ажил гэж алга. С.Чинзориг гишүүний нэхсэн амлалт, хатуу шаардлага, хариуцлага тооцох асуудал ч талаар болж, “нэг саванд” оржээ.
Угтаа Хөдөлмөр нийгэмийн хамгааллын яам хүмүүсийн сайн сайхны төлөө, элдэв аргачлал хайж боловсруулаад, ухаан зарцуулаад, хүүхдүүдийн төлөө алив бүхнийг эрэлхийлээд Засгийн газрын тэргүүн эгнээд дөрвөн мөчөөрөө, бүрэн бүрэлдэхүүнээрээ алдаа мадаггүй ажиллаж байх ёстой салбар. Гэтэл уг яамнаас гарахгүй хэрэг, байцаагдахгүй хүн гэж алга боллоо. Нэг үгээр бол, А.Ариунзаяа сайдын хариуцаж байгаа яам авлигалд идэгдсэн яам болж хувирлаа. Сайд нь өөрийгөө өмөөрөөд, өөрийнхөө хийсэн “өчүүхэн” ажлыг рекламдаад, дөвийлгөөд, дөвчигнөөд байдаг. Харин албатууд нь авлигын хэргээр саатуулагдаад, төрийн өмчийг хувьдаа завшаад, хүүхдийн төлөө байгууллагын дарга нар нь хүчирхийлэгч болчихоор юу ч хүлээх вэ дээ, энэ яамнаас. Шуудхан хэлэхэд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг шавартай хутгаж, хагархай шавар ваар болгож орхилоо, тэр, түүний албатууд.
Түүнийг сайд болсноос хойш Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хэрхэн авлигалд идэгдэж, хар бараан түүхээр өөрсдийгөө зузаатгаж байгааг хэдхэн жишээгээр хүргэе.
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИРХИЙЛЭГ, АВЛИГА АВСАН ДАРГЫГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛСАН АНХНЫ САЙД
Түүний удирдлага доорх газар, хэлтсийн дарга, түшмэлүүд дураараа дургиж, төрийн албыг хувийн компани шигээ үзэж байгаа явдал гаарсныг тэр мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг юм билээ. Үүний ганцхан жишээг сугалахад, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, ажилтнуудаас хүний санаанд багтахааргүй ёс бус үйлдлүүд, ааш авир гарсаар удаж байгаа. Хүүхэд, залуусын эрхийг хамгаалах ёстой, эрх нь зөрчигдөж байгаа ард иргэдийн өмөг түшиг болох ёстой газар өөрөө хүчирхийлэл, гэмт хэргийн үүр, авлига хээл хахууль цэцэглүүлэгч, албан тушаалын дарамт, шахалтын шилдэг жишээ болчихсон байгаа талаарх ноцтой баримт дэлгэгдсэн ч тэр тоогоогүй өнөөдрийг хүрсэн. Тодруулбал, төрийн байгууллагад үр бүтээлтэй, санаачилга, идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчид улирал, хагас жил тутамд ур чадварын, үр дүнгийн урамшуулал гэж үндсэн цалингийнх нь 15-40 хүртэл хувийн урамшуулал олгодог. Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХ-ийн ажилтнууд ч энэ урамшууллыг тухай бүрд хүртдэг ч урамшууллын мөнгө ажилтанд бус тус хэлтсийн дарга Н.Уранчимэгийн халаасанд ордог. Цалин буух өдөр Н.Уранчимэг нийтийн хурал хийж, үр дүнгийн урамшууллын нэмэгдэл цалинг нь бэлнээр болон хувийн дансаар хурааж авдаг байсан. Ингэхдээ нярав Б.Батцэцэгийн дугаар тоот данс болон н.Нарангэрэл гэх хүний данс руу мөнгөө шилжүүлэхийг шаардаж, эсэргүүцбэл “Ажлаас чинь хална” гэх мэтээр дарамталдаг гэдгийг эх сурвалж батлан ярьсан байдаг. Ийм замаар Н.Уранчимэг дарга зөвхөн нэг ажилтныхаа үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл цалинг авсаар 4.9 сая төгрөг болсон баримт ил болсон билээ. Мөн үүгээр ч зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст улсаас жил бүр 70-80 сая төгрөг төсөвлөдөг ч энэ төсвийн тодорхой хувь зориулалт бусаар зарцуулагдаж, даргын тансаглал болдгийг эх сурвалж гэрчилсэн байдаг. Түүнчлэн Н.Уранчимэг нь ажилчдадаа ажлын байрны дарамт үзүүлж, урамшууллыг нь буцаан авахаас гадна цалингийн зээл авахуулж, мөнгийг нь авсан тохиолдол ч бий. Мөн тэрбээр хүүхдийн байгууллагын дарга мөртлөө ажилтнаа биеэ удирдах чадваргүй байхад нь бусдаар түшүүлж байгаад жирэмсний тестээр жирэмсэлсэн эсэхийг нь шалгасан, бусдын хүчирхийлэлд автсан бага насны охин болоод эцэг, эхийнхээ хараа хяналтад байх боломжгүй, тусламж, аврал ирж ирсэн бас нэгэн нялх охины асуудлыг хэрхэн зүй бусаар шийдвэрлэсэн, тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн баримт хүртэл бий.
Гэсэн ч тэр хэлтсийн даргаа, албатаа “өмөөрөөд” өнөөдрийг хүртэл бүлх залгисан хэвээр байгаа. Харин өнөөх дарга нь хүчирхийллээ өргөжүүлээд, өргөжин тэлээд, зөөлөн сэнтийдээ бат бах гэгч нь шигдсээр байна. Харамсалтай нь, хүчирхийлэлд өртсөн албатууд нь сайн дураараа ажлаа өгч, явсаар байгаа гэх юм билээ.
МӨНГӨН УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ А.АРИУНЗАЯА САЙДЫН АЛБАТЫН ӨРӨӨНД ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн байдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид мөнгө олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн албанаас тус газарт таван хоногийн өмнө нэгжлэг хийж, ноцтой хэд хэдэн бичиг баримтыг нотлох баримтаар хураан аваад байгаа гэх юм билээ. Бүр тодруулбал, Л.Дашдэмбэрэл даргын болон түүний албатуудын өрөөнөөс хураан авсан санхүүгийн баримт, зарим эд зүйлийг лацадсан гэдэг. Харин нэр холбогдсон хүмүүсийг саатуулаагүй бөгөөд гадуур байцааж, шалгаж байгаа гэх. Хамгийн ноцтой нь, А.Ариунзаяа сайдын албат Л.Дашдэмбэрэлийн бүлэглэл нь өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү нийт 600 сая төгрөг шилжүүлээд, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа аж.
Энэ бол ердөө л жишээ болгож хүргэсэн ил баримт. Үүний цаана түүний удирдаж байгаа салбар авлигалд идэгдэж байгааг гэрчлэх ноцтой баримт тоймгүй. Бусдын сайн сайхны төлөө ажиллаж байгаа дүр эсгэж байгаа А.Ариунзаяа сайдын удирдаж буй салбар яамны байгаа төрх ердөө л энэ. Ийм л байдалтай салбар удирдаж байна шүү дээ, хэн нэгний цээжээрээ хамгаалж үлдээсэн, төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэх хүртэл үнэгүйдүүлсэн А.Ариунзаяа сайд.
Угтаа тэр С.Чинзориг гишүүний хэлснээр хөрсөн дээрээ буугаад, амьдралд ойрхон ажиллах гээд улайрч байх ёстой сайд. Гэтэл тэгсэнгүй, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд. Тэгэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. А.Ариунзаяа сайдаа, фэйсбүүктээ попрох яах вэ таны удирдаж байгаа салбар яам авлигад идэгдэж дууслаа, сүйрлээ. Албатууд чинь авлигын талбар болгож орхилоо.
https://ergelt.mn/news/44/single/21118
URL: