В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна

712-1652407008712-16499190056257cae604b60Анкара хотод албан ёсны айлчлал хийсэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх шинэ гэрээг Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай байгууллаа. Энэ үеэр хоёр улсын хооронд нийт 14 гэрээ байгуулагдсаны нэг нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байв.

Эрдоган Казахстаныг “бүх Түрэг угсаатны түүхэн газар шороо” хэмээн нэрлэсэн бол Токаев Турк улсыг “Казахстаны иргэдийн хоёр дахь эх орон” гэж нэрлэжээ. Үнэхээр ч энэ хоёр улс Монголын эзэнт гүрний суурин дээр бий болсон гурван том гүрний нэг Османы эзэнт гүрэнд багтаж байсан билээ.
Турк улс нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задран унасны дараа хамгийн түрүүнд Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв. Мөн 1992 онд гадаад улсуудаас хамгийн түрүүнд Элчин сайдын яамаа Казахстанд нээж байсан юм. Казахстан улс ОХУ-ын ойрын түншийнхээ хувьд Украинд явуулж буй дайныг нь албан ёсоор буруутгаагүй, эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа. Гэхдээ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү уулзалтын дараа Эрдоган “Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх дээр бид ижил байр суурьтай байна” гэж мэдэгджээ.
Энэ бол Путины толгой дундуур татаад авснаас ялгаагүй зүйл болж буй хэрэг юм. Учир нь энэ хоёр улс нэгдсэнээр Оросоос Сири төдийгүй ерөөс Арабын улсууд руу гардаг гарц бүрэн хаагдаж байна гэсэн үг. Казахстаны Ерөнхийлөгч Токаев уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Хятадыг Европтой холбох Транс Каспийн Олон Улсын Тээврийн Замын боломжийг бүрэн ашиглах нь хоёр улсын хувьд маш чухал гэж мэдэгджээ. Энэхүү зам нь Хятадыг Оросоор дамжуулалгүйгээр Европын Холбооны зах зээлтэй холбох төмөр болон усан замын шинэ маршрут юм. 2017 онд анх байгуулагдсан энэхүү зам нь Каспийн тэнгис, Хар тэнгисийн усан замыг Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Турк, Украин, Польшийн нутгийг дамнасан төмөр замтай холбож байгаа билээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээр байгуулж, гадны халдлагад өртөх тохиолдолд энэ хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээр болов.
Их Британийн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд шинэ алхам болсон өөрчлөлт” гэж тодорхойлогдсон уг хэлэлцээр нь аль нэг улс NATO-д элсэхээр шийдсэн тохиолдолд Оросын заналхийллийг давахад туслах юм. Жонсон Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсаныхаа дараа “Бидний хэлж байгаа зүйл бол Шведэд гамшиг тохиолдох юмуу халдлага болсон үед тус улсын хүсэлтийн дагуу Их Британи шууд тусламж үзүүлэх болно” гэж онцлов. Орос улс Украин руу довтолсон нь Швед болон хөрш Финлянд улс үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дахин бодоход хүргээд байгаа юм. Тус хоёр улс NАТО-д элсэх төлөвтэй байгаа ч өргөдлөө боловсруулах явцад нэг жил хүртэл хугацаа шаардагдах тул тэд аюултай байдалд орно гэж санаа зовцгоож байгаа билээ. Энэ явдал Оросын бөөрөнд NАТО тулж ирж буйг баталгаажуулав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. Энэ үеэр Ши Жиньпин “Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй байна” гэж хэлжээ.
Хоёр улсын удирдагч дайн болон түүнээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралын талаар ярилцаж, яаралтай гал зогсоохыг уриалсан тухай Францын Ерөнхийлөгчийн албаныхан Елисейн ордноос мэдээлэв.
Хамгийн гол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Си Жиньпин болон Макрон нар хамтран илэрхийлсэн байна. Франц улс Европын холбоог тэргүүлж байгаа. Тиймээс Хятад ба Европын холбооны хоорондын харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэж хэлснийг Хятадын төв телевиз мэдээлэв. Энэ нь Путины гол найдвар Ши Жиньпин түүнээс нүүрээ буруулахад хагас алхам л үлджээ гэсэн үг. Энэ бүхэн В.Путин гон бие, гозон толгой болно гэсэн үг юм.
Г.АМАРСАНАА
https://www.sonin.mn/news/enews/130174


URL: