Тэр үндсэн хуулийг өөрчлөх асуудлаас айж байна уу, ашигтай тохиролцоог хүлээж байна уу
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа жил тойрч “дуншив”. Энэ яриа У.Хүрэлсүх “угсаа залгамжлагч”-аараа Л.Оюун-Эрдэнийг томилсон цагаас эхтэй. Ах нарын тавиулууд, “арын хаалга”-ныхан, Ардын намаас албан тушаалын авлагатай хүмүүсээр дүүрсэн гэх шүүмжлэлтэй байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг удахгүй огцруулна гэх яриа, Ардын нам Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриатай хамт гарч ирсэн. Өөрөөр бол, “Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдаж, улмаар шинээр байгуулах Засгийн газрын гишүүддээ давхар дээлтэй нөмрүүлэх замаар өөрийгөө ч, танхимаа ч хүчирхэгжүүлэх сонирхолтой” гэж яриа Үндсэн хуульд дахиад гар хүрэх ярианы оршил болж гарч ирсэн гэсэн үг. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах яриа яриа төдий байсаар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдууд ч үлгэн салган албан тушаалаа хадгалсаар өдий хүрэв.
Уг нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг энэ хаврын чуулганаар яаралтай оруулж ирнэ” гэх хүлээлт байсан. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу. Нийгмийн кластерийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойг сонгон хэрэглэх нь парламентын төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон” гэж хэлсэн. Г.Занданшатарын энэ үгнээс үүдэж, хаврын чуулган эхэлмэгц л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхлэх хүлээлт байсан ч тэгсэнгүй, таг чиг сууцгаасаар.
Саяхнаас наадмын найруулагчийн тухай ярьж эхэллээ, намар ойртож буйг сануулж байна. Зуслан, зугаалга гэсээр намартай, нэг мэдэхэд сонгуулийн өмнөх жилтэй золгоно. Үндсэндээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа тун бага үлдэж байна гэсэн үг. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яагаад ахицгүй өдийг хүрэв ээ. Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ эл асуудлаас айж байна уу, ашигтай тохиролцоог хүлээж байна уу. Бодоод үзье.
Ардын намынхан анхнаасаа “Нэмэлт өөрчлөлтийг хоёр агуулгаар хийх юм гэнэ” гэх ойлголтийг нийгэмд бий болгосон. Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүдийн дан ба давхар дээлийн асуудал, хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог хүн амын өсөлттэй уялдуулж нэмэх эсэх асуудал гэж. Гэхдээ “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг, “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсдөг ард түмний эцэг хуулийг Ардын намынхан хүссэн үедээ дур зоргоороо өөрчлөөд байх боломжгүй. Анхны боломжоо 2019 онд ашигласан, тэр үед багтааж чадаагүй өөрсдөдөө ашигтай хувилбаруудаа одоо багтаахаар оролдох нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал орж ирэхтэй зэрэгцээд олон талын ашиг сонирхол хамт орж ирэх магадлал өндөр гэсэн үг. Ингэж харвал, одоогоор МАН-ын дарга гэх нэртэй ч нам доторх байр сууриа бэхжүүлж амжаагүй байгаа Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаравчлуулж, оруулж ирэх нь өөрт нь өндөр эрсдэлтэй.
Яагаад гэхээр, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатартай тохиролцож чадахгүй, толхилцох болсон нь сүүлийн үеийн олон жишээгээр харагдаж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд, хямралын үед хэмнэлт хийхийг залуучууд шаардаж, улмаар Засгийн газраас төсөвт төрийн зүгээс хийх хэмнэлтийн тухай заалтуудыг УИХ-д оруулж ирсэн ч, УИХ унагаж, улсын төсвөө урьдын зарлагатайгаар нь шахуу баталсан. Үндсэндээ Засгийн газар УИХ-тайгаа хоёр талдаа байгааг харуулсан нэг жишээ бол энэ. Тэгэхээр, Л.Оюун-Эрдэнэ нам доторх тохироогоогоо нэг мөр баттай хийж байж л Үндсэн хуулийн асуудалд хөдлөхгүй бол УИХ хүссэнээр нь шийдвэр гаргахгүй байх магадлал өндөр.
Дээрээс нь, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ардын намын шинэ цагийнхан Хөгжлийн банкны асуудлыг дэлгэж тавьснаараа хууччуулынхаа араанд зуугдаж, намаа “галдах” шахаад буй. Хөгжлийн банкны хэргээр хулгайчаараа цоллогдсон түшээд, тэдний цаад “эзэд” Л.Оюун-Эрдэнийн өөдөөс ноцож таарна. Тэгэхээр тэр илүү олон дайсантай болж байна гэсэн үг. Нэмээд, тэр “Эрдэнэс Монгол”-д эзэн суусан бүлэглэл, Төрийн банкийг тонодог бүлэглэлтэй тэмцэнэ гэж ах нарынхаа өөдөөс аман сүрдүүлэг хийсэн. Энэ бол, Ардын нам доторх ашиг сонирхол өөр бүлгүүдэд унавал хамт унах буюу нэг олсны үзүүрээс зүүгдэж байгаагаа сануулсан үг. Ухаандаа, Л.Оюун-Эрдэнийг унагах сонирхолтой хүмүүс нам дотор нь олон байгаад, тэр албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд өөдөөс нь тэрслэгсэд буюу “ах нараа” аман сүрдүүлэгээр барьцаалж байна гэсэн үг.
Ингэж харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатараар төлөөлүүлсэн хууччуултай, цаашлаад УИХ-ын гишүүдтэй эв түнжингүй байгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаравчлахгүй байгаа гэж харагдана. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намыг даргын хувиар яаравчлуулаад УИХ-д оруулах болтол УИХ-ын гишүүд түүнээс гэнэт “урваж”, урьдаас тооцоолоогүй агуулгаар төслөө боловсруулж, Үндсэн хуулийг өөрчлөх эрсдэлтэй. Урьдаас тооцоолоогүй гэдэгт Л.Оюун-Эрдэнийн эдэлж буй эрх мэдлийг багасгах, цаашлаад “зайлуулах” асуудал ч багтана гэсэн үг. Ийм байхад, Л.Оюун-Эрдэнэ зөвхөн давхар дээл төдийхөн асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт асуудлыг оруулж ирнэ гэж үү. Тэгээд ч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, давхар дээлийн квотыг чөлөөллөө гэхэд намраас хойш тооцвол Л.Оюун-Эрдэнэ ашигтай засаглах ганц бүтэн жилийн хугацаа л үлдчихээд байна. Ийм байхад, тэр Үндсэн хуулиар олгогдсон хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхий сайд” гэх өргөмжлөлөө эрсдэлд оруулахыг хүснэ гэж үү.
https://ergelt.mn/news/1/single/21041
URL: