Шанхай хотын эрх баригчид зарим дүүрэгт хөл хориог сулруулжээ

627896765a964

Сар гаруйн хугацаанд “COVID-19”-ийн тархалтыг дарж авах чанга хатуу арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа Шанхай хотын эрх баригчид зарим дүүрэгт, тэр дундаа хотын захад хорио цээрийн дэглэмийг аажмаар сулруулж эхэлжээ. Гэсэн хэдий ч хотод хугацаагүй хөл хорио үргэлжилсэн хэвээр байна. ТАСС-ын сурвалжлагчийн дүн шинжилгээ хийсэн хамгийн сүүлийн албан ёсны статистик мэдээллээс харахад Шанхай хотын оршин суугчдын дийлэнх нь оршин суугаа нутаг дэвсгэрээсээ гарч чадахгүй хэвээр байна. Тэд хөл хорионд орсон хэвээр байна. Гуравдугаар сарын дунд үеэс орон сууцны цогцолборуудыг олноор нь хааж, хүн амыг коронавирусний шинжилгээнд хамруулж эхэлснээс хойш хотын амьдрал үндсэндээ хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. Гуравдугаар сарын эцэс гэхэд бүх оршин суугч коронавирусний шинжилгээнд хамрагдаж, хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн туршид хөл хорионд орсон байна. “COVID-19”-ийн тохиолдол илэрсэн орон сууцны цогцолборуудын оршин суугчдыг гэрийн тусгаарлалтад оруулж байв. Харин хотын зүүн хэсгийг гуравдугаар сарын 28-наас бүрэн хөл хорионд шилжүүлсэн бол 25 сая орчим хүн амтай хотын бусад бүх дүүргийг дөрөвдүгээр сарын 1-нээс шилжүүлжээ.

Нэг сар хагасын дараа хотын удирдлагууд вирусний тархалттай хийж буй тэмцэлд ихээхэн амжилтад хүрсэн талаараа иргэдэд мэдээлж, нөхцөл байдал хяналтад байгааг мэдэгдсэн байна. Гол амжилтуудаар тэд хотын зарим дүүрэгт ковидын тархал тэг болсныг төдийгүй үүний үр дүнд хүн амд тогтоосон хөл хориог бага зэрэг сулруулсныг нэрлэжээ. Тодруулбал, хотын 16 дүүргээс Фэншянь, Жиньшань, Чунмин, Чинпу, Сунжян, Путуо, Жядин гэсэн долоон дүүрэгт хөл хориог сулруулсан байна. Түүнчлэн шинэ Пудун дүүргийн зарим гудамжинд хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлжээ. Тогтоосон журмын дагуу одоогийн байдлаар зөвхөн хотын дээрх долоон дүүрэгт урьдчилан сэргийлэх бүсэд оршин суугаа иргэд л орон сууц, офисын хорооллын нутаг дэвсгэрээс гарч болно. Харин үлдсэн дүүргүүдийн иргэдэд урьдчилан сэргийлэх ангилалд хамаарах байсан ч коронавирусний тархалт тэг динамикт хүрэх хүртэл хорио цээрийн дэглэм хүчинтэй хэвээр байна.


URL: