Төрийн ордонд төвхнөсөн “гэмт хэрэгтэн”-үүдийг МАН цээжээрээ хамгаалсаар байх уу

 ГИШҮҮДДЭЭ ТООЦОЖ ЧАДААГҮЙ ХАРИУЦЛАГАА НАМААРАА ХҮЛЭЭ

             МАН-ынхан асуудалтай гишүүдийнхээ хэнд ч, хэзээ ч хариуцлага тооцохгүй, ямар ч гэмт хэргийг хамгаалаад өнгөрч чаддаг гэдгээ өнгөрсөн долоо хоногт харууллаа. УИХ-ын гишүүдэд хууль, шүүх, прокурорын байгууллага нь цаас төдийнхөөр яригддаг болж. Ардын намынхан ЖДҮ-чин, тендерчин, авлигын гэмт хэрэгтнүүд, олигархууд, хулгайч нараа ханцуйлаад ч болтугай авч үлддэг хүчтэй гэдгээрээ хэзээнээсээ алдартай Тэд хууль, шүүхээр хэрэгт холбогдсон нэгнийгээ шалгуулж, яллаж, хариуцлага тооцохоос илүү иргэдийнхээ өмнө “шалгуулна” гэж хэлээд өнгөрдөг, бусдыг хуурдаг хэрэгсэл болжээ гэвэл буруудахгүй болов уу. Үүнийг батлах хамгийн сүүлийн үеийн жишээг дурдъя.

              Цагаан сарын баяр дамнуулаад Хөгжлийн банкны удирдлагууд чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчдийг зарлаж, энэ талаар Засгийн газар, эрх баригч Ардын нам залгуулаад хүчтэй дуугарч, олны анхаарлын төвд гаргаж ирсэн. Тодруулбал, нэгдүгээр сарын 28-нд Ардын намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргахдаа “Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээд байгууллагуудад зээл авахад нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам, засгийн эрх барьж байсан, аль намд эрх барьж байгаагаас нь үл хамааран хатуу тэмцэх болно. Бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Ардын нам дэмжихгүй, хариулцлага тооцно” гэдгээ уламжилсан байдаг. Гэвч тэрбээр сүүлийн үед энэ талаар ам нээхээ больж, Хөгжлийн банкны асуудал улстөрчдийн шоуны талбар болоод дуусаж байна.

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ, ЯМАР Ч БУЛАЙ, ЛУЙВРЫГ НЬ  ХАМГААЛААД ӨНГӨРӨХӨД БЭЛЭН

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ордон дотор би хүчин мөхөствөл ард түмэнтэйгээ нэгдэнэ. Ардын намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд нам харгалзахгүй хариуцлага тооцно, шалгуулна” гэж хууль, шүүхийн нэр барин ярьж байсан нь худлаа байжээ. Үнэн чанартаа хэрэгт холбогдсон гишүүдийг нь хуулийн байгууллагаас шалгаж, Улсын Ерөнхий прокурор Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруултал дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуралдаан хаалттай болж, нууц хуралд оролцсон гишүүдийн ихэнх нь гишүүдийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. Мөн прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг заавал түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзээд дөрвөн гишүүнээ авч үлдлээ.

       МАН-ынхан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хайртайдаа гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлээгүй нь лавтай. Иргэд тэднийг бүлгээрээ, намаараа олны өмнө ил болсон, болоогүй булхайд гар дүрчихсэн юм байна хэмээн хардсаар ирсэн. Гэвч иргэдийн хардлага, таамаг Хөгжлийн банктай холбоотой дээрх хэргийн жишээгээр ил боллоо гэхэд болмоор. Ийнхүү хүчээ авсан Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр МАН-ынхан хариуцлага тооцож, намынхаа гишүүдийг хуулийн хүрээнд шалгуулж чадахгүй юм бол дараагийн сонгуульд хэрхэн, яаж хүч үзэх юм бол. Дахиад л ЖДҮ, 60 тэрбум, Хөгжлийн банкны хочтойгоо баруун, солгойгүй дайрсаар хулгайчдаа дахин нэр дэвшүүлж, ард түмнийг доромжлох уу.

       МАН-ынхан бүх шатандаа авлига, албан тушаал, ЖДҮ, концесс, тендерийн хэрэгт нэр холбогдож, цаашилбал, хар тамхи, хил дамнасан бохир мөнгө, казино, Хөгжлийн банкны хулгайгаар намтраа зузаалсаар байна.

https://ergelt.mn/news/1/single/20689


URL:

Tags: