Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд ЗГ-ыг унагах гэж байна !!!
Ардын намд “олгой хагараад” уджээ. Удахгүй “тогоо”-ноосоо халих бололтой. Учир нь энэ намаас нэр дэвшээд УИХ-д сууж буй хэд хэдэн хүн Хөгжлийн банкны хэргээр явчих шахаад байгаа юм. Ерөнхий прокурор эхний ээлжинд УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. Гэвч тэднийг бусад гишүүн явуулсангүй. Авч үлдэв. Гэхдээ “Ерөнхий прокурор энэ саналаа хэд хоногоос дахин гаргана” гэх мэдээлэл яригдаж байна. Ингэхдээ танилцуулах материалд нууцын тамга даралгүй илгээх аж. Өмнөх дээр нууцын тэмдэг дарсан учраас УИХ хаалттай хэлэлцсэн.
Тэгэхээр Ерөнхий прокурор нууц гэсэн тэмдэггүй илгээвэл УИХ хэрэг явдлыг ил хэлэлцэх юм байна. Ингэхгүй бол “УИХ-ын гишүүдийн хэргийг шалгах гэхээр бүрэн эрх нь саад болж байна” гэдгийг АТГ-ын мөрдөгчид ч хэлж байна. Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож буй компанийн захирлууд, Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй холбоотой маш ноцтой мэдүүлгүүдийг өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, УИХ- ын гишүүдийн авлига, албан тушаалын үйлдлүүд нэгэнт ил болсон гэсэн үг. Тиймээс Ерөнхий прокуророос хэд хоногийн дараа ирж магадгүй гээд байгаа түдгэлзүүлэх саналд дахин 3-4 гишүүн нэмэгдэж болзошгүй болжээ. Түүнээс ч олон гишүүн болох магадлал бий гэнэ. Тэгэхээр эдгээр гишүүний тухайд амиа авч гарах шаардлага үүсээд байгаа хэрэг.
Тэгтэл Ерөнхий сайд, Ардын намынх нь дарга Л.Оюун-Эрдэнэ “Хамгаалахгүй” гээд байдаг. Тэр ч байтугай “Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ олон нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Засгийн газрын хуралдаан дээр, УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр, намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр ч илэрхийлсээр ирсэн байдаг.
Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 15-нд болсон Ардын намын Удирдах зөвлөлийн хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгсөн байдаг. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Ажлаа хий” жагсаалд оролцож буй залуусай уулзахдаа “Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий улстөрчид гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах ёстой. Хэрэв буруутай бол ялаа авах ёстой. Хэрэв буруугүй бол шалгуулчихаад үнэнээ хэлэх ёстой.
Бүх хүн хуулийн дагуу эрх тэгш байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 40 жилийн хугацааны авлигын гинжийг тасална. Үүнд залуус та бүхэн хамт байгаарай. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ олон авлига, хүнд сурталтай холбоотой асуудалд хамтдаа тэмцэнэ. Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан.
Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Ерөнхий прокурор цаг алдалгүй нэр бүхий түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг хэдүүлээ хамтдаа шаардъя” гэсэн. Тиймээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсч хэсэг гүйлдсэн. Тэгээд тусыг эс олсон бололтой. Өөр арга зам хайж эхэлсэн байна. Тэд “Засгийн газрыг унагах нь зөв юм байна” гэсэн шийдэлд хүрсэн бололтой.
Ойрын өдрүүдэд энд тэнд уулзалдаж, “засаг унагах төлөвлөгөө”-гөө шивэр авир ярих болжээ. Хэд хоногийн өмнө Архангайн хоёр гишүүн, бас МҮОНТВ-д удирдах алба хашиж явсан нөхөр зэрэг хүмүүс хотын төвийн нэгэн VIP өрөөнд уулзаж, Засгийн газрыг унагах “нарийвчилсан төлөвлөгөө” ярьсан байгаа юм. “Жу ахтай нийлье” гэсэн зэрэг нь задарч ордноор нэг яриа хөөрөө болоод байна.
Тэдэн дээр удахгүй ил болох Тавантолгойн нүүрсний хэрэгтэй холбоотой гишүүд нэмэгдэж байгаа юм байна.
Мөн уржигдраас “Дараагийн Ерөнхий сайд болох хүн” гээд Сангийн сайд асан нэг нөхрийн зургийг тараагаад эхэлсэн байна. Гэхдээ тэр нь Сангийн сайд байхдаа Япон улс руу “Нэр бүхий банкинд эзэмшиж буй хувьцаагаа зөвхөн хувьцааг нь хамтран эзэмшиж байсан Монголын нэр бүхий компанид худалдах ёстой шүү” гэсэн бичиг явуулчихжээ. Тэр нь асуудал болоод АТГ дээр шалгуулж байгаа юм байна. Хэрэг нь удахгүй шүүхэд шилжинэ.
Магадгүй, мөдхөн Ерөнхий прокурор УИХ-ын даргад түдгэлзүүлэх санал явуулж мэдэх юм. Тэр нөхөр тэгж Монгол Улсын Сангийн сайдын нэрийн өмнөөс Япон руу явуулсан бичиг нь одоо олдохгүй байгаа аж. Япончууд болохоор хүлээгээд авчихсан. Ийм бичиг ирсэн гэж харуулаад байдаг. Тэр дугаараар нь хайгаад үзэхээр шал өөр бичиг гарч ирээд байдаг. Ийм эрх ашгийн ноцтой зөрчил үүссэн байгаа юм.
Энэ мэтээр Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг, өөр бусад асуудалд холбогдож хуулийн шахаанд орсон гишүүд Засгийн газрыг унагаж, Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад амар сайхандаа жаргах хувилбар дээр нэгдэж эхэллээ. Харин хэн гэдэг гишүүний бланк дээр гарын үсэг зурагдах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Тулгат
http://tatap.mn/20905.html
URL: