Бид хэзээ ч ухрахгүй, ДAЙHЫ шинэ үе эхэлсэн тул ДAЙCHAA дaрж урагш дaвшинa !!!

55-780x470Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгснөөр Украинд дайн дэгдэж, хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.

Оростой хийж буй дайны тухайд Украин улс шинэ шатанд гарсан, зарим нутаг дэвсгэрт цэргүүд нь байршлаа хамгаалж байгаа бол нөгөө хэсэгт урагш давшиж байгаа гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Wall Street Journal сонины зохион байгуулсан CEO Council Summit уулзалтад цахимаар оролцох үеэрээ мэдэгджээ.

“Бид хэзээ ч ухрахгүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар дайны шинэ үе эхлээд байна. Зарим нутаг дэвсгэрт бид Оросын цэрэг, техникээр бүслэгдсэн хэсэгт байна. Тэнд бид хэрэгцээтэй техникээ авснаар дайсныг дарж, урагш давших боломжтой. Харин зарим газарт бид давшиж байгаа” хэмээн Зеленский мэдэгджээ.

Түүний өгүүлснээр Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг шахах нь нэн тэргүүний зорилт, харин олон улсын зорилт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх явдал гэнэ. Өнөөгийн дайны эхний шат нь Оросын армийг зогсоож, цааш давших явдал байсан гэж Зеленский онцолсон байна.

“Хоёр дахь шатны тухайд Оросыг манай нутаг дэвсгэрээс аль болох хол шахах зорилготой. Гурав дахь шат нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээх явдал юм” хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.

Зеленскийн онцолсноор, Украины хүмүүс, Украины зэвсэгт хүчинд итгэх итгэл нь ялалтын гол суурь гэнэ.

Харин Путинтэй хийж магадгүй уулзалтын талаар тэрбээр ярихдаа “энэ үед гал зогсоно. Учир нь гал зогсоохгүй бол уулзалт болохгүй” хэмээн онцолжээ.

Оросын хоёр дахь шат

Украины хувьд дайны хоёр дахь шат нь Оросын цэргүүдийг шахахад оршиж байгаа бол Оросын хувьд хоёр дахь шатыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

Оросын “тусгай ажиллагааны дараагийн шат” эхэлсэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров India Today сонинд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж байв.

“Украины дорнод хэсэг дэх ажиллагаа нь анх зарлаж байсанчлан Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг бүрэн чөлөөлөхөд чиглэгдсэн. Энэ ажиллагааны дараагийн шат одоо эхэлж байна” хэмээн Лавров мэдэгдэж байлаа.

Оросын тал өнгөрсөн сарын сүүлээр Мариуполь хотын Азовсталь үйлдвэр рүү давшихаа зогсоосон ч тавдугаар сарын эхээр дахин дайрч эхэлсэн юм.

“Үйлдвэр рүү дайрах гэсэн оролдлого хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Оросын цэргүүд үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр байгаа” хэмээн Украины парламентын гишүүн Давид Арахамия тавдугаар сарын дөрөвний өдөр мэдэгдэж байв.

Энэ үйлдвэрийг Украины бусад цэргүүдийн хамт “Азов” хороо хамгаалж байгаа бөгөөд Оросын цэргүүд дайрсныг энэ хороо баталсны дээр үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр байгаа энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг олон улсад хандан уриалсан юм.

Украин, Оросын дайн хоёрдугаар сарын 24-нөөс хойш үргэлжилж байна. Украины талын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Оросын арми бараг бүхий л чиглэлээр дайралтаа эрчимжүүлж байгаа аж. Түүнчлэн Донбассд хяналтаа тогтоох, Крымтэй холбогдох хуурай замын хүзүүвчтэй болохын тулд дорнод чиглэлд давшилтаа зогсоохгүй байгаа гэж Украины Зэвсэгт хүчин мэдэгджээ.

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаас хойш 3238 энгийн иргэн амиа алдаж, 5,5 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна.

Эх сурвалж : Өдрийн сонин


URL: