Увс аймаг хуучин театраа “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ОРДОН” болгоно

279692193_4957517547699473_6986073130024407903_n

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг ГБХЗХГ-аас санаачлан Монголын Залуучуудын Холбоотой хамтран ХНХЯ, Соёлын яам, ЗГХА ХХҮЕГ, СУГ, БЕГ, Монголын үндэсний музей, СУИС, Отгонтэнгэр их сургуулийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт “New Story” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд багийн гишүүд өчигдөр Увс аймагт ажиллажээ. Тэд аймаг, сумдад байгуулагдсан залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах үйл ажиллагаагааг зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ч.Чимэд биечлэн оролцож залуучуудынхаа санал, хүсэлтийг сонсч нээлттэй ярилцаж оролцлоо.
Үйл ажиллагааны үеэр “New Story” хөгжлийн хөтөлбөрийн багийнхан аймгийн удирдлагуудад хандаж өсвөр үе, залуучуудад зориулсан хөгжлийн төв, ордон байгуулахад анхаарч ажиллах хүсэлтийг илэрхийлсэн байна. Уг асуудлыг аймгийн Засаг дарга газар дээр нь шийдвэрлэж аймгийн театрын хуучин барилгыг “Залуучуудын хөгжлийн ордон” болгох шийдвэрийг гаргаж байгаагаа танилцуулжээ.
Түүнчлэн аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Туул, СУГ-ын дарга А.Баярмагнай нар Засаг даргын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж театрын шинэ, хуучин барилгуудыг “New Story” хөтөлбөрийн гишүүдэд танилцуулжээ.
Ингээд 2023 онд аймгийн театр шинэ барилгадаа нүүж орсон даруйд хуучин барилгад их засвар хийгдэж өсвөр үе, залуучуудад зориулсан олон төрлийн үйлчилгээтэй ордон болох түүхэн шийдвэр гарлаа.
Энэ дашрамд аймгийнхаа өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж, аймгийн театрын хуучин барилгыг “Залуучуудын хөгжлийн ордон” болгох шийдвэрийг гаргасан Ч.Чимэд даргад болон аймгийн ГБХЗХГ, СУГ, БШУГ, ХХҮГ-ын удирдлагууд, хамт олонд нь талархал илэрхийлье.
    


URL: