Хянан шалгах түр хороод ямар үр дүн авчрах вэ?

712-1651619249ГишүүдХөгжлийн банкны өрийг цуглуулах ажилд улсаараа “мордоод” хэдэн сарын ард гарлаа. Үүний хүчинд чамлахааргүй үр дүн гарав. Хууль хүчнийнхэн ч хүчин чармайлт гаргаж байгаа харагдана. Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн Засгийн газар, Монголбанк болон аудитын байгууллагын дүгнэлтийг уншиж танилцсан Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд маш ноцтой асуудал үүссэнийг сүр дуулиантай мэдэгдэв.Ноцтой асуудал үүссэн нь үүнээс өмнө ч ил болж байлаа. Б.Пүрэвдорж гишүүн “Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа.

Хөгжлийн банкинд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь ААН-ийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй. ААН-ийн захирал, Хөгжлийн Банкны дарга нарыг дуудаад зээл авсан компаниудад хэн нөлөөлсөн бэ гэдгийг шалган мөрдөх эрх байхгүй.
Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно” хэмээн мэдэгдсэний дагуу Хөгжлийн банкны хэдэн их наяд төгрөгийн өрийг төлүүлж, хүмүүст хариуцлага тооцох Хянан шалгах түр хороог байгуулаад буй. Дөрөвдүгээр сарын 14-нд байгуулагдсан 11 гишүүнтэй түр хороог Ж.Сүхбаатар гишүүн ахалж байна. Хамгийн гол нь  УИХ-ын дэргэдэх Хянан шалгах түр хороо ямар эрхтэй вэ гэдэг нь анхаарал татаж буй. Б.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн түр хорооны гишүүд мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй. Мөн аж ахуйн нэгжийн дансны гүйлгээг шалгаж, зээл авсан байгууллага болон Хөгжлийн банкны даргыг дуудааж хэн нөлөөлөв гэдгийг мөрдөж, шинжээч томилох бүрэн эрх бий боллоо гэвэл хууль хяналтын байгууллагад хийх ажил үлдэх үү. Гишүүд нь өрөөндөө гэрч дуудаад байцаагаад, нотлох баримтын араас хөөцөлдөж, шинжээч ажиллуулах юм бол мөрдөгч, прокурорын хэрэг байна уу.
Ийнхүү өмнөх түр хорооны үр дүн, ажлын тайлан гараагүй байтал дараагийн түр хороог байгуулах санал гарлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүн эмэнд тавих хяналтаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн мэдүүллээ. Үндэслэлээ тайлбарлахдаа “Аудитаар 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ын шаардлагыг хангаагүй.
Мөн стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул даатгалын сангаас хөнгөлөлттэйгээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй” гэж байв. Хэрэв асуудалтай салбар, сэдэв болгоныг гишүүд шүүрч аваад хянаж шалгана, бид өөрсдөө мөрдөж байцаана гэвэл Монголын нийгэмд барагдахгүй их гажуудал бий. 76 гишүүн ч хүрэлцэж ажиллах боломжгүй. Эсвэл гишүүд хууль тогтоох ажлаа хянаж цагдах, байцааж шийтгэх эрх мэдлээр солих юм уу. Энэ янзаар Төрийн ордон мэдүүлэг өгч, байцаадаг газар болон хувирч гэмт хэрэгтнээр дүүрэх нь. Тэгээд гишүүдийн гарын үсэгтэй хавтаст хэргийг шүүх дэнслэх вий. Угтаа хэдэн гишүүний хийрхлээс болж хууль шүүхийн систем, мэргэжлийн ажиллагаа утгаа алдах эрсдэлтэй. Тиймээс УИХ дэргэдээ хянан шалгах нэрээр хүний эрхийг зөрчиж мэдэх түр хороо “төрүүлэх”-ээ больё. Өөрт оногдсон ажлаа л хийцгээе.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: