Б.Жавхлан, С.Мөнгөнчимэг тэргүүтэй сайд дарга нар 30 саяар Дубай болон ОХУ-д айлчилж, 49 саяар Их тэнгэр цогцолбороос үйлчилгээ авчээ

Б.Жавхлан Мөнгөнчимэг тэргүүтэй сайд дарга нар 30 саяар Дубай болон ОХУ-д айлчилж 49 саяар Их тэнгэр цогцолбороос үйлчилгээ авчээУИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй Сангийн яамны өндөр албан тушаалтнууд төсвийн хэмнэлтийн хуулийг удаа дараалан зөрчиж, улсын төсвийн хөрөнгөөр гадаад орнуудад томилолт нэрийн дор “аялж, зугаалсан” байж болзошгүй баримтыг цувралаар танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, Дэд сайд С.Мөнгөнчимэг, Ч.Чимидсүрэн тэргүүтэй сайд, дарга нар 30 саяар Дубай болон ОХУ-д айлчилжээ!

Төсвийн хэмнэлтийг бусдадаа үлгэрлэх учиртай Сангийн яамны сайд, дарга нар үр ашиггүй зардал гаргаж томилолт нэрээр гадаад улсад “аялаж зугаалах” нь сүүлийн үед хэрээс хэтэрчээ.

Үүнийг нотлох хэд, хэдэн баримт байгаагийн нэг нь 2021 оны 12-р сарын 14-ний өдөр Сангийн яамнаас гаргасан 30 орчим сая төгрөгийн мөнгөн гүйлгээтэй холбоотой асуудал юм.

Тухайлбал, энэ өдөр Сангийн сайд Б.Жавхлангийн ОХУ-д хийх томилолтын зардалд “Сангийн сайд,  ОХУ-ын томилолтын зардал” гэсэн гүйлгээний утгатай 12,961,890 ₮-ийн болон 8,529,740 ₮-ийн (нийт 2 удаагийн 21,491,630₮) шилжүүлгийг Сангийн яамнаас “Амаржаргал” гэх хувь хүний данс руу шилжүүлжээ.

Энэхүү томилолтод Б.Жавхлан ганцаараа яваагүй Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй хамт явсан байдаг бөгөөд С.Мөнгөнчимэгийн онгоцны тийзэнд 5,163,000 төгрөгийг “Бэйтрэвел” ХХК-д Сангийн яамнаас шилжүүлжээ.

Мөн 2021 оны 12-р сарын 14-ний өдөр Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэнгийн Дубай хотод хийсэн томилолтын тийзны зардал болох 8,498,000 төгрөгийг Сангийн яамнаас “Нью Жуулчин Турс” ХХК-ийн данс руу дээрх өдөр шилжүүлсэн байна.

Үндсэндээ Б.Жавхлан, С.Мөнгөнчимэг, Ч.Чимэдсүрэн нарын томилолт нэртэй үр ашиггүй “аялал, зугаалгын” зардалд зориулан ганцхан өдрийн дотор 30 орчим сая төгрөг төрийн сангаас гаргаж салхинд цацсан нь тус яамны үрэлгэн байдал хэрээс хэтэрснийг харуулсан үйл явдал хэмээн үзэх үндэслэлтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Их тэнгэр цогцолбор”-оос үйлчилгээ авсныхаа төлбөрт 49 саяыг шилжүүлж, 6,1 сая төгрөгөөр сэтгүүлчидтэй уулзжээ

Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг “Их тэнгэр цогцолбор” руу Сангийн яам 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 49,272,500 ₮-ийг “үйлчилгээний төлбөр” нэрээр шилжүүлжээ. Цаг хугацаа болон арга хэмжээ зохион байгуулсан байршил зэргийг харвал Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн батлуулахтай холбоотойгоор Сангийн яамныхан УИХ-ын гишүүдтэй Их тэнгэр цогцолборт найр наадам үүсгэсэн байж болзошгүй харагдаж байгаа юм.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн байна. Монгол Улсын төсвийн төсөлтэй холбогдуулан уулзсан энэхүү уулзалтын зардалд 6,124,550 төгрөгийг “Номин бизнес клуб”-т төлжээ.

Сайд, дарга нарын тухайд сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж ажлаа танилцуулах нь хэвийн үзэгдэл. Харин Б.Жавхлангийн тухайд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтдаа 6,1 сая төгрөгийг төсвөөс гаргасан нь өөрийгөө пиардуулах гэсэн үр ашиггүй зардал гэлтэй харагдаж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN


URL: