Монгол хөгжих боломжоо алдсан нь

712-16512172982d9d5876-7e37-4901-8d51-9f649b1f767dМонголчууд бид хорьдугаар зууны эхэнд буруу зам сонгож хөгжих боломжоо алджээ. Учир нь дэлхийн бусад улс хорьдугаар зуунд ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгож аж үйлдвэрээ хөгжүүлж баян чинээлэг улс болж байхад монголчууд бид ганц коммунист намын дарангуйлал дор социализмын замыг сонгож, хувийн өмчийг хурааж,хүний эрхийг хөсөр хаяж, зөвхөн төлөвлөгөөт эдийн засгаар улс орноо удирдаж хөгжих боломжоо алдаж байлаа. Социализмын үед Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 ам доллар байсан нь африкийн ядуу улсын түвшинд байлаа. Хөгжлийн бүтэн 70 жилээ Монгол улс ийнхүү алдав.

1990 оноос хойш Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин орлоо хэмээн хөөрцөглөж байв. Гэвч сүүлийн гучин жилд бизнес – улс төрийн олигархи бүлэглэлүүд авилгалыг өөгшүүлж, хамаг эрх мэдлийг гартаа атгаж, гадаадын төсөл, тусламж, бага хүүтэй зээл, валют, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг сангуудын мөнгийг хувьдаа завшиж улс орноо хөгжүүлж чадсангүй.
Энэ гучин жилийн хугацааанд гадаадаас 5 тэрбум ам долларын зээл, тусламж, бонд Монголд өгчээ. Хөгжлийн банкыг 2011 онд байгуулж Чингис бондын 1.5 тэрбум долларыг 2020 он хүртэл хэдхэн хувийн компани, арав гаруйхан төрийн өмчит компаниудад өгч үйлдвэр барих зориулалттай тэр их мөнгийг салхинд хийсгэжээ.Ганц хоёр компани л цементийн үйлдвэр барьж, асфальтан замаа тавьжээ.
Нефтийн үйлдвэр барих саналыг хувийн хоёр гурван том компани 1997-2010 оны хооронд тавьсан боловч эрх баригчид огт зөвшөөрсөнгүй. Одоо болтол ган, зэс, нефтийн үйлдвэр алга.Малынхаа мах, арьс шир, ноос ноолуурыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гадаадад гаргаж чадахгүй өдий хүрчээ.Орос улс гэхэд монголын маханд 120 хувь, бусад бүтээгдэхүүнд 50.0 хувийн татвар ногдуулж монголынг эдийн засгийг боомилдог аж.
Төмөр замаа хөгжүүлэх боломжийг Монгол сүүлийн гучин жилд алджээ.1949 онд төмөр замын талаар байгуулсан зөвлөлт – монголын гэрээг одоо болтол өөрчлөлгүй , татвараа ч авч чаддаггүй, хөрөнгө ч оруулж чаддаггүй өдий хүрчээ.Нарийн төмөр замаар Хятад улстай сүүлийн 30 жилд холбогдож чадаагүй тул нүүрс, байгалийн баялгаа төмөр замааргаргаж чадахгүй өдий хүрчээ.
Монгол улсын төрийн тэргүүн нь “нарийн төмөр зам баривал Хятад улс танкаа ачаад ороод ирнэ” хэмээн ард түмнээ айлгаж төмөр зам барих ажлыг сүүлийн арав гаруй жил гацаажээ.
Одоо болтол Богд хан уулын төмөр замыг барьж чадсангүй. Каахстан улс эдпийн засгийн хүнд нөхцөлд байсан ч гэсэн нийслэлээ нүүлгэж Астана хэмээх үлгэрийн шинэ хот байгуулж чаджээ. Монгол улс Хархорин бүү хэл, энүүхэн Богд уулынхаа өвөрт шинэ хот барьж чадсангүй, хуучин нийслэлдээ дөрвөн уулын дунд шахцалдаж түгжирч утаандаа баригдсаар суух аж.
Өнөөдөр хойд хөрш Орос улс Амар мөрний дээгүүр нарийн царигтай төмөр зам барьж Хятадтай холбогдож нэг жилд 60 сая тонн нүүрс гаргах боломжтой болж Хятадтай гэрээ хийж валют олох боломжоо 10 дахин нэмжээ. Монгол улс 2010 онд төмөр замаа барьж Таван толгойн нүүрсээ гадаадад гаргах боломжоо алдсан юм. Хэрэв тэр боломжийг ашиглаж хятад,япон, монголын хамтарсан компаниудад төслөө хэрэгжүүлэх боломж олдсон бол Монгол өдийд нэг жилд 30 сая тонн нүүрс гаргаж эдийн засаг нь огцом тэлж цалин тэтгэвэр дор хаяж 3 дахин нэмэгдэх боломжтой байв. Наад зах нь нэг хүний цалин тэтгэвэр 1000 доллараас давах байв. Гэвч тэр үед Н.Алтанхуягийн засгийн газар тэр бүх боломжийг хааж төмөр зам барих зураг төслийг нь хураан авч бүх гэрээ, зээлийг нь зогсоожээ. Монгол улс нүүрсээ төмөр замаар гаргаж чадахгүй болж хамаг боломжоо хойд хөршид алджээ. Монгол улс Гашуун сухайтын чиглэлийн 260 км төмөр замыгсаяхан тавьсан боловч уг төмөр замыг өргөн царигтай тавьснаас болж дахин 2 жил хүлээж ачиж буулгах терминал барих ажил хийх болж илүү зардал гаргах болжээ. Монголын дарга нар дэлхийн төмөр замын царигийн стандарт бол нарийн төмөр зам, энэхүү нарийн төмөр зам дэлхийн 90.0 хувийг эзэлдэг гэдгийг мэддэггүй юм болов уу, эсхүл зориудаар Монголыг гацааж Оросын талд ажиллаад байгаа юм болов уу.Монголчууд ийнхүү төмөр зам дээр ч хөгжих боломжоо алдлаа, төмөр замын цариг дээр ч боломжоо алджээ.
Нийслэл Улаанбаатарын хүн ам, автомашин хэт олширч, хотын даац хэд дахин хэтэрч, түгжрэл утаандаа баригдсаар 20 гаруй жил боллоо. Үүнээс гарах ганц зам бол гэр хорооллыг хотжуулж, дулаан халаалтыг цахилгаанжуулж, нийслэл хотод Метро барих байсан. Японы Жайка байгууллага 2010 онд нэг тэрбум доллараар Улаанбаатарт хамгийн хямд, хамгийн чанартай Метро барьж өгье гээд 2007 онд ТЭЗҮ хүртэл боловсруулаад бэлэн болгосон. Гэвч монголын дарга нар япончуудын саналаас татгалзсан. Тэгээд дарга нар нийслэлд агаарын дүүжин зам барина хэмээн Франц улсаас баахан долларын зээл авсан боловч юү ч хийгээгүй өнгөрсөн. Одоо дарга нар нийслэл хотод багана дээгүүр явах LRT хөнгөн галттэрэгний зам, буудал барих 3.0 тэрбум долларийн төсөл яриад эхэллээ. Хэрэгжих эсэхийг хэн ч үл мэднэ.
Өнөөдөр төгрөгийн ханш цаас болтлоо унаж нэг доллар 3071 төгрөг болжээ.Социализмын үед нэг доллар гурван төгрөг байсан юм. Гурван төгрөгнөөс гурван мянган төгрөг болтлоо ханш нь унасан эдийн засгийн хямралд хэн буруутай вэ. Мэдээж монголын засгийн газар, банк, эдийн засагчид буруутай.Өдөр бүр төгрөгийн ханш 10 төгрөгөөр унаж байна. Гэтэл бусад улсын юань, рубль, вон, иений ханш унадаггүй, харин улам чангардаг.
Монголын зуун жилийн энэхүү хоцрогдолболМонгол улсад экспортын үйдвэрийг одоо болтол бариагүй, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр оруулж зөв ашиглах нөхцөл бүрдүүлж чадаагүйгээс болж төгрөгийн ханш унаж эдийн засаг нь тэлэх бус агшиж байгаатай холбоотой юм. Монголоор дүүрэн гавьяат эдийн засагч, мэргэжлийн эдийн засагчид ажиллаж байгаа боловч эдийн засгаа хөгжүүлж чадаагүй өдий хүрчээ.
Гэтэл азийн Өмнөд Солонгос, Сингапур, Малайз улс өнгөрсөн зууны жар, далаад онуудад экспортын үйлдвэрүүдээ барьж,гадаадын хөрөнгө оруулалтыг татаж зөв ашиглаж чадсан тул азийн бар улс болж хөгжиж чаджээ. Хятад улс өнгөрсөн зууны жар,далаад онуудад азийн хамгийн ядуу социалист улс байсан бол наяад онд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж төрийн зохицуулалттай зах зээлийн нийгэмд орж гэрлийн хурдаар хөгжиж эдүгээ дэлхийн хоёр дахьтом эдийн засагтай хүчирхэг гүрэн болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол улс ашиглаж хөгжиж чадсангүй,харин олон тэрбум долларын өрөнд баригдсан авилгач улс болжээ.
Монголын төр засаг солигдох бүртээ “эдийн засгаа хөгжүүлнэ, ядуурлыг бууруулна” гэсэн зорилт тавьдагболовч эдүгээ монголын ямар ч засгийн газар энэ зорилтоо хэрэгжүүлж чадсангүй, хүн амын 35.0 хувь нь нэн ядуу хэвээр үлджээ. Монголын хөгжих боломжийг эрх баригч дарга нар нь хааж байдаг юм, хүнд суртал,авилгал хааж байдаг юм. Энэ бол эмгэнэл. Энэ бол гутамшиг.
Монгол улс ийнхүү хөгжих боломжоо алдаад зуун жил болжээ. Хайран цаг хугацаа, хайран эх орон, хайран боломж.
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар


URL: