Жо Байден АЗИ дахь анхны айлчлалаа хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгогдсоноосоо хойш Ази тив дэх анхны айлчлалаа ирэх сард хийхээр төлөвлөсөн байна. Цагаан ордны мэдэгдсэнээр төрийн тэргүүн тавдугаар сарын 20-24-ний хооронд Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчлах юм байна.
Байден очсон улсуудынхаа төрийн тэргүүнүүдтэй уулзалт хийнэ. Өмнөд Солонгос улсад энэ хавар Ерөнхийлөгчийн сонгууль болж шинээр сонгогдсон төрийн тэргүүн Юн Сук Ёл ирэх сарын 10-нд буюу Байдены айлчлалаас хэдхэн хоногийн өмнө тангаргаа өргөнө.
Харин Токиод Ерөнхий сайд Фумио Кишида Америкийн төрийн тэргүүнийг хүлээж авч уулзана. Токиод болох уулзалтад Австрали, Энэтхэгийн төрийн өндөр албан тушаалтнууд оролцож Байдены санаачилсан Quad-Дөрвөлийн түншлэлийг бататгах юм.
Он гарснаас хойш Умард Солонгос улс 10 гаруй удаа пуужингийн туршилт хийсний дотор Америк тив хүртэл харвах хүчин чадалтай холын зайн Хуасонг-17 пуужингийн туршилт амжилттай болсон тухай Пхеньян мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Вашингтон зүүн хойд Азийн аюулгүй байдалд ихээхэн түгших болсон юм.
Нөгөө талаар Орос Украин руу цэргээ оруулсан үед Америкийн Ази дахь холбоотнуудын байр суурийг хамтатган бэхжүүлэх нь Байдены Ерөнхийлөгчийн хувьд гүйцэтгэх чухал үүрэг хариуцлага болж байна.
URL: