УБЕГ: Манайх Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хууль бус гэж үзээд хүчингүй болгосон
“Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр цахим хуудсандаа “2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан” гэх мэдээллийг нийтэлсэн. Уг асуудлаар УБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Нийгмийн сүлжээнд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор мэдээлэл хийе. Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээллийг устгах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Иргэний бүртгэлийн архивт хадгалагдаад үлддэг. Дахин тодотгоод хэлэхэд, иргэдийн мэдээлэл УБЕГ-ын архиваас хэзээ устдаггүй. Нууцын зэрэглэлтэй, төрийн тусгай хяналтад үйл ажиллагаа явуулдаг.
Иргэд гэрлэлтээ бүртгүүлэхдээ шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Ийм бүрдүүлэлт дутуу хийгдсэн буюу зөрчилтэй байвал мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болдог.
Цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байгаа учир товч мэдээлэл өгөх нь зүй гэж үзлээ. Тэд 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан.
Тэгэхдээ “Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй” гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн” гэв.
URL: