Энэ онд Монгол Улсын эдийн засаг өсөх үү
2022 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлд Монгол Улсын эдийн засаг 5.9 хувиар өсөж, инфляцыг 6 +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулна гээд инфляцыг тогторжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг баримтлана гэжээ. Гэтэл эдийн засгийн өсөлт, инфляцын талаарх Монголбанкны бүх таамаг зөрлөө. Инфляц л гэхэд аль хэдийнэ хоёр оронтой тоо руу оржээ. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, өмнөх оны эцсээс дөрвөн хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцуулсан юм. Энэ өсөлтөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ үзүүлэлт цаашид ч өснө гэж ОУВС-аас таамаглажээ. Тодруулбал, ОУВС манай эдийн засаг энэ онд хоёр хувиар өсөж, инфляц 15.5-тай байна гэсэн байна. Харин Дэлхийн банк эдийн засаг 2.5 хувиар өснө гэж харж байгаа бол Азийн хөгжлийн банкны тухайд эдийн засгийн үзүүлэлтүүд гурван улирал дараалан хасах гарсан учраас Монгол Улсын эдийн засаг хямрах нь гэдэг төлвийг танилцуулаад буй. Тиймээс цаашид ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
Энэ асуултад Дэлхийн банк:
- Инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах,
- Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах,
- Өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Мөн Дэлхийн банк нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэхийг дахин сануулсан юм. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй, орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг болно. Ингэхгүй бол халамжийн зардал төсөвт дарамт болсоор байна гэв.
Харин Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн тайланг танилцуулах үеэр худалдаа, экспортоо чөлөөтэй хийж чадахгүй байдалд хүрсэн энэ үед эдийн засгийн гол бодлогууд маш зөв тодорхойлогдож, байгаа онох ёстойг хэлээд Засгийн газар төсвийн зардлаа хумих хэрэгтэй гэсэн юм. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай. Монгол Улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлогыг боловсруулж, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэрүүдийг баталгаажуулан олж авах, үүний зэрэгцээ эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэл даах дархлааг сайжруулах бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна” хэмээсэн юм.
ОУВС-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён “Монгол Улсын уул уурхайн салбар бол эдийн засгийн өсөлтийн зүтгүүр бөгөөд энэ байдал цаашдаа ч нэг хэсэг хадгалагдахаар байна. Экспортын түүхий эдийн үнийн өсөлт төсвийн орлогыг нэмэгдүүлж, улмаар цар тахлаас хойш үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх орон зайг гаргаж өгнө. Иймд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хурдацтай хэлэлцэж байгаа нь нааштай үйл явдал бөгөөд төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхэд түлхэц болох учиртай. Ингэснээр Монгол Улс экспортын үнийн өсөлтийн үр өгөөжийг хүртэж чадах юм” гэжээ.
Эдгээр байгууллагуудын дүгнэлтээс харахад хэдийгээр энэ онд гол түншүүдийн эдийн засаг саарах төлөв гарч, нийлүүлэлтийн саатал бэрхшээл үүссэн хэвээр, геополитикийн сөргөлдөөн хэзээ арилах нь тодорхойгүй зэрэг олон асуудал байгаа ч Монгол Улсын эдийн засагт дунд хугацаандаа өсөлт ажиглагдаж, өсөлтийн төлөв нааштай байхаар байгаа аж.
URL: