30 жил нам дагасан Н.Алтанхуягт хамаарах 30 компани, ТББ
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ хаврын дуулианы гол сэдэв Хөгжлийн банкийг хуу тоносон хэргийн эцсийн “буруутнаар” нэрлэгдэх болов. Тодруулбал, түүнийг яллагдагчаар татаж шалгах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл гарах болсон. Ингэхдээ түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авахад албан тушаалаа ашиглан давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр дээрх саналыг гаргасан гэх.
Тэгвэл Н.Алтанхуяг гэж ер нь хэн юм бэ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Увс аймгаас гаралтай, чацаргана тариалагч, АН-ын дарга асан, хонгилыг шүүмжлэгч гэдгээс цааш хэр ихийг мэдэх вэ. Тэгвэл энэ асуултад цувралаар хариулт хайхаар эхний дугаараа хүргэж байна. Энэ удаад түүний хамаарал бүхий компаниудын нэрс болон хүргэчүүд, хамаатнуудынх нь холбогдож байсан хэргүүдийг цухас танилцуулахаар бэлтгэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ БА ЭХНЭР, ХҮҮ, ОХИН, ХҮРГЭН, БЭРИЙНХ НЬ 12 КОМПАНИ, ТББ БУЮУ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАНТАЙ ХАМААРАЛТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ “МАХ ЭКСПОРТ” ХХК
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 1994 оны УИХ-ын сонгуулийн дүнд Төрийн ордны босго алхаснаасаа хойш өдий хүртэл нам төрийн ажилд хүчин зүтгэжээ. Гэхдээ насаараа төрд ажилласан гэхэд ар гэрийнхэн нь чамгүй олон бизнестэй юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрөө “Увс байгаль” ХХК, “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо” ТББ, “Мах экспорт” ХХК-иудад хувь эзэмшдэг. Эдгээр компаниас нь онцолбол, “Мах экспорт” ХХК-ийг Багабиндэрийн Бат-Энэрэл, Дашхүүгийн Гэрэлхүү нартай хамтран эзэмшдэг ажээ. Судалж үзвэл, Дашхүүгийн Гэрэлхүү нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн нөхөр юм байна. Харин Багабиндэрийн Бат-Энэрэлийн хувьд Н.Алтанхуягийн “Мах экспорт” ХХК-иас өөр компанид хувьцаа эзэмшдэггүй, бизнесийн түүхгүй нэгэн ажээ. Гэхдээ сонирхолтой нэг мэдээлэл олдсон нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн эгч М.Оюунчимэгийнх нь хүүг Багабиндэрийн Бат-Энэрэл гэдэг ажээ.
Харин Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгэ нь “Бьюмонд скин партнерс” ХХК болон “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ, “Тамирротари клуб” ТББ-ийг эзэмшдэг. Хүү А.Тулга нь “Арвайн даллага” ХХК, “Увс байгаль” ХХК, “Хаанжимст Эс Би Ти” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-иудыг аав Н.Алтанхуяг болон аавынхаа ах, дүү нартай хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Харин А.Тулгын эхнэр Г.Ундрал нь “Коала” ХХК-ийг эзэмшдэг. Өмнө нь энэ компанийг Н.Алтанхуягийн ах Н.Баттогтох, дүү Н.Наранцэцэг, Б.Цог-очир нар эзэмшдэг байсан аж.
Охидынх нь хувьд, дунд охин А.Саранзаяа “Ти Эй Си” ХХК-ийг М.Тулгатай хамтран эзэмшдэг. М.Тулга нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Шадар сайд, Ерөнхий сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан. Хожим нь Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй хамт “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр хоригдсон бөгөөд энэ үедээ гэнэт бие нь муудаж, хорих ангиас эмнэлэгт хүргэгдэж байсан нэгэн.
Харин Н.Алтанхуягийн том охин А.Наранмандахын нэр дээр компани бүртгэлгүй. Гэхдээ түүний нөхөр М.Алтанцог нь “Амуу тариа сор” ХХК, “САНУГ” ХХК-иудыг эзэмшдэг ажээ. Н.Алтанхуягийн том хүргэн М.Алтанцогийн хувьд “Нүүрс” хөтөлбөрийн хэргээс эхлээд 4.2 тэрбум төгрөгийн хууль бус тендер хүртэл олон хэрэгт нэр холбогдож явсныг нь дор өгүүлнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙН АХ, ЭГЧ, ДҮҮСИЙН 18 КОМПАНИ, ТББ БУЮУ НЭГ ДҮҮ НЬ НОРОВЫН ГЭХ ОВГОО БАДАРЧИЙН БОЛГООД, ДӨРВӨН КОМПАНИ ЭЗЭМШДЭГ БОЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг эцэг эхээс наймуулаа. Том ах Н.Гомбодорж нь Н.Алтанхуягийн эзэмшдэг “Увс байгаль” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин өдгөө түүний хүү Г.Хосбаяр нь “Увс байгаль” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ.
Удаах ах Н.Баттогтох нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Холбоо, мэдээллийн технологийн даргаар ажиллаж байсан. Одоо “Сүх тогтох” ХХК, “Холистик” ХХК, “Үндэсний бүтээмж инновацийн төв” ТББ-ыг эзэмшдэг. Өмнө нь Н.Алтанхуягийн хүү А.Тулга болон түүний эхнэр Г.Ундрал нартай хамт “Коала” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-иудыг эзэмшиж байжээ.
Удаах эгч Н.Оюундэлгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагчаар ажилладаг.
Харин төрсөн дүү Н.Цог-Очирынх нь тухай нэг сонирхолтой зүйл байна. Уг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуулийг угтсан сэтгүүлдээ “Би найман хүүхэдтэй айлын дундах нь. Миний төрсөн дүүг Норовын Цог-Очир гэдэг бөгөөд “Энергокомплекс” ХХК-ийн захирлаар ажилладаг” гэж бичиж байжээ. Гэтэл Улсын бүртгэлийн сангаас хайж үзвэл Норовын Цог-Очир гэдэг хүн огт компани эзэмшдэггүй ажээ. Харин өнөөх “Энергокомплекс” ХХК-ийг Норовын Цог-Очир биш Бадарчийн Цог-Очир гэх хүн эзэмшдэг юм байна. Мөн “Баялаг элс” ХХК, “Эко бэрри” ХХК, “Жэй Эл Кэй” ХХК-иудыг эзэмшдэг ажээ. Түүгээр зогсохгүй, Бадарчийн Цог-Очир нь Н.Алтанхуягтай хамт “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-иудыг эзэмшихээс гадна Н.Алтанхуягийн хүү А.Тулгатай хамт “Коала” ХХК-ийг эзэмшиж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн төрсөн дүү Норовын Цог-Очир овгоо Бадарчийн Цог-Очир болгон өөрчилсөн гэж харагдаж байна. Эцгийнхээ нэрийг Норов биш Бадарч гэж өөрчлөх ямар шаардлага байв, Норовын биш Бадарчийн гэж овоглох нь Н.Алтанхуягтай огт хамааралгүй нэгэн мэт харагдах заль уу зэрэг олон асуулт гарч ирж байна.
Дараагийн дүүг нь Н.Отгонбаяр гэдэг бөгөөд “Тархины чимээ” ТББ, “Том принт” ХХК, “Аграр” ХХК, “Хос дарам” ХХК, “Коласт аудит” ХХК-иудыг эзэмшдэг ажээ. Түүнчлэн Н.Отгонбаярын хүү О.Даваахүү нь “ТОСК”-ийн Төслийн хяналт, зохицуулалтын хэлтсийн даргаар 2019 оноос ажиллаж эхэлсэн гэх.
Харин хамгийн бага дүүг нь Н.Наранцэцэг гэдэг. Тэрбээр Н.Алтанхуягтай хамт “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Оргил ойл” ХХК-иудыг эзэмшдэг ажээ. Харин түүний нөхөр Д.Гэрэлхүү нь Н.Алтанхуягтай хамт “Мах экспорт” ХХК-ийг эзэмшдэг. Мөн Д.Гэрэлхүүгийн нэр дээр “Мах экспорт хэнтий” ХХК, “Аналоги” ХХК, “Хермесресёрч” ХХК, “Бигдатчмэн монгол” ХХК-иуд бүртгэлтэй байдаг. Сонирхуулахад, “Хүргэн Дэнзэн” гэдгээрээ танигдсан Г.Дэнзэн гэх Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байгаад 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон залуу бий. Яагаад түүнийг “Н.Алтанхуягийн хүргэн” гэдэг болсон гэхээр Г.Дэнзэн нь Д.Гэрэлхүүгийн охин Г.Уянгын нөхөр юм. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн хүргэн гэсэн үг.
Түүнчлэн, Д.Гэрэлхүүгээс сонирхол татах өөр нэг зүйл нь, тэрбээр “Мах экспорт хэнтий” ХХК-ийг Э.Доржрагчаа гэгчтэй хамтран эзэмшдэг. Э.Доржрагчаа нь дангаараа “Хөвчийн талын баялаг” ХХК, “Стандарт рэсидэнс констракшн” ХХК, “Хөвчийн тал”ХХК-иудыг эзэмшдэг. Тэгвэл Э.Доржрагчаа нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн 2020 оны УИХ-ын сонгуулийн зардалд хувиасаа 5.0 сая төгрөг, “Хөвчийн талын баялаг” ХХК-ийнхаа нэрээр 20 сая төгрөг хандивлаж байжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙН ОХИН, ХҮРГЭН, ТӨРСӨН ДҮҮ, ЗӨВЛӨХ, ТУСЛАХЫНХ НЬ ХОЛБОГДСОН, ХОРИГДСОН ХЭРГҮҮДЭЭС ОНЦЛОХ ТАВАН ХЭРЭГ
- 2014 онд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн “Цэвэр агаар сан”-гийн гэх 2.2 тэрбум төгрөгийн хэргийн дуулиан дэгдэж байв. Тодруулбал, Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа нь Сангийн яамны Төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Цэвэр агаар” сангийнхны луйварт оролцож, нэг ёсны хам хэрэг үйлдэх замаар 2.2 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт холбогдсон тухай дуулиан дэгдэж, АТГ-аас хүртэл баталж байв. Гэхдээ түүнд холбогдох хэрэг төд удалгүй хэрэгсэхгүй болж, ард нь Н.Алтанхуяг нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага дагаж үлдсэн байдаг.
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг алдарт “Хүргэн Дэнзэнгийн” гэх хэрэг сүүдэр мэт дагасаар 10 орчим жил болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн хүргэн Г.Дэнзэн нь Н.Алтанхуягийг Шадар сайд, Ерөнхий сайх байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Дараа нь ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болж дэвшсэн байдаг. Гэтэл тухайн өндөр албан тушаалд байх үедээ тэрбээр эхнэр Г.Уянгынхаа “Говь повер” ХХК-ийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулж, улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, улмаар шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял сонссон. Нийтдээ 533 хоног хоригдоод суллагдсан байдаг.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүхийг ажиллаж байх үед буюу 2011 онд Нүхтийн аманд Шинэхүүгийн Ундрал гэх 20 гаруйхан настай эмэгтэй “Зуслангийн газар” нэрээр 1100 ам.метр газар авч, бусдад дамлаж зарсан гэх дуулиан дэгдэж байв. Тодруулбал, Ш.Ундралын аав Д.Шинэхүү нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн нөхөр Д.Гэрэлхүүгийн төрсөн дүү гэх. Нөгөө талдаа Л.Гансүх, Н.Алтанхуяг нар тун ойр холбоотой буюу нэг нь зөвлөж, нөгөө нь зөвлүүлж байсан. Энэ холбоо хамаарлаар буюу Н.Алтанхуяг Л.Гансүхэд нөлөөлөх замаар төрсөн дүү Н.Наранцэцэгийнхээ хадам дүүд газар олгуулсан гэж Н.Алтанхуяг багагүй хэл аманд өртөж байлаа.
- 2016 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон төрсөн эгч Н.Буянжаргалынх нь бэр Ц.Насанбат нарыг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байв. Тодруулбал, тэднийг тухайн үеийн БСШУЯ болон зарим дүүргийн ЗДТГ-аас зарласан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерт хууль бусаар шалгарсан гэж буруутган 461 дүгээр хорих ангид хорьсон байдаг. Цааш нь хөөвөл, эл хэрэгт “Ардааган” ХХК, “Алтан тэнгэр” ХХК-иуд холбогдсон. Жишээ нь, “Ардааган” ХХК-ийн ерөнхий инженерээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн том охин А.Наранмандахын нөхөр М.Алтанцог ажилладаг бол “Алтан тэнгэр” ХХК-ийн захирлаар Н.Алтанхуягийн төрсөн эгч Н.Буянжаргалынх нь хүү буюу Ц.Насанбатын нөхөр ажилладаг гэх сэжимээр холбогдсон байдаг.
- Н.Алтанхуягийн том охиных нь нөхөр М.Алтанцог нь дээрх тендерийн хэргээс гадна алдарт “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгтэй ч нэр холбогдсон. Тодруулбал, Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, зөвлөх М.Тулга нар нь “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөн завшсан хэргээр буруутгагдаж, ял авч, хоригдсон байдаг. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгэн ноцтой баримт илэрсэн нь “Нүүрс” хөтөлбөрийн үед Н.Алтанхуягийн зөвлөх М.Тулгын арилжааны банкан дахь дансанд “Ардааган” ХХК-ийн данснаас их хэмжээний мөнгө “Нүүрсний үнэ” гэх утгаар шилжиж орж ирсэн нь илэрсэн гэдэг. Харин “Ардааган” ХХК-ийн Ерөнхий инженерээр Н.Алтанхуягийн хүргэн М.Алтанцог ажиллаж байсан буюу Н.Алтанхуяг, Л.Гансүх, М.Тулга нарын “Нүүрс” хөтөлбөрийн хууль бус мөнгийг нь дамжуулагчаар оролцсон гэгдэж байлаа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
https://ergelt.mn/news/22/single/20438
URL: