МБХ: Ипотекийн зээл олгоход МИК оролцдоггүй, харин хоёрдогч захад үнэт цаасжуулалт хийдэг
Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн үйл ажиллагааг үгүйсгэж, зээлийн хүүг эрс бууруулах боломжтой мэтээр үндэслэлгүй шуугьж байгааг Монголын банкны холбоо шүүмжиллээ.
Энэ нь цаашлаад өрсөлдөхүйц бүтэцгүй, хүүгийн түвшин өсөж буй одоогийн нөхцөлд ипотекийн зээлийн хүртээмж, зээл олголт буурах, хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр зогсох хүртэл эрсдэлтэйг албан мэдэгдэлдээ онцолжээ.
Монгол Улсын Шадар сайд удаа дараалан тус компанийг ипотекийн зээлийн хүүг өндөр тогтоход нөлөөлж байна гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан юм. Энэ мэдээлэл ор үндэсгүй талаар Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК удаа дараалан залруулга хийгээд байна.
Ипотекийн зээл олгох үйл ажиллагаанд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК оролцдоггүй. Харин арилжааны банкнуудын иргэдэд олгосон ипотекийн зээлийн багцуудыг нэгтгэж, эрсдэлийн хамт худалдан авч, хоёрдогч зах зээл дээр үнэт цаасжуулдаг.
2021 оны байдлаар Монгол Улсад 920 мянга гаруй айл өрх байгаа бөгөөд ипотекийн зээлийн хөтөлбөрийн үр дүнд 400 мянга орчим иргэн орон сууцтай болсныг Монголын банкны холбоо мэдэгдлээ. Монголын ипотекийн зах зээлийн үйл ажиллагааны үр дүнд 90 мянга гаруй айл, өрх орон сууцны зээлд хамрагджээ. Цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад ипотекийн зээл хойшлуулах гурван удаагийн хөтөлбөр хэрэгжсэн юм. Үүнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнууд, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК хамтран давхардсан тоогоор 133,070 зээлдэгч хамруулжээ. Ингэснээр зээлдэгчдэд зээлийн төлбөрөө 1.6 жилээр хойшлуулах боломж бүрдсэн юм.
Ж.Зоригт | @TeraReader
Bloomberg Tv
URL: