МАН “босогчид”-той болж, намын даргаа “пойлдоод” эхэлсэн гэв үү?
Эрх баригч МАН-ынхан ойрд хэрүүл тэмцэл ихтэй байна.Угаасаа ч 2016 онд хэт олонх болсноос нь хойш хэрүүл тэмцэл салахаа больсон юм. Үүнийг “Олдохоороо өлдөнө” хэмээх ардын үгээр тайлж болно.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН-ын засаг гурвантаа солигдов. 2016 оны УИХ-ын сонгуульд маш олуулаа ялсан МАН-ын шинэ Засгийн газрын тэргүүнээр Сэлэнгийн Ж.Эрдэнэбат томилогдсон. Тэгэхэд намын дарга М.Энхболд нь Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болсон байдаг. Өөрөөр хэлбэл, мордохын хазгай гэдэг шиг 2012 оноос хойш дөрвөн жил их улс төрийг даган баяссан МАН тэгж гол дүр болсон ч сонголт нь буруу байв. Ж.Эрдэнэбатаар засаг тэргүүлүүлсэн нь М.Энхболдын алдаа болсон юм. Жил гаруй болоод Ж.Эрдэнэбат унасан. Улмаар дахин жил гаруйн дараа 2018 оны намар гэхэд М.Энхболдыг Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлаас мулталсан байв.
М.Энхболдын оронд У.Хүрэлсүх очсон. Уг нь У.Хүрэлсүх бол М.Энхболдтой нэг үе. Гэхдээ НАМЗХ талаа барьсан улстөрийн фракцтай. Харин М.Энхболд Хотын фракцын гол хүн гэдгийг бүгд мэднэ. Харин У.Хүрэлсүхийг М.Энхболдын оронд очиход баруун зүүн талд нь гүйсэн хоёр бол одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хоёр юм.
Энд нэг сонин явдал байдаг нь Д.Амарбаясгалан угшлаа хөөвөл Хотын фракцынх, гэхдээ М.Энхболдыг унагахад голлож ажилласан гэж тус намынхан бүгд ярьдаг. М.Энхболдоос хойш тэр ямар том эрх мэдэлд хүрснээс нь нь харвал үнэн гэж харагдана.
У.Хүрэлсүх яг хоёр жил засагласан. Тэгээд Ерөнхийлөгч болсон. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо хойш бүтэн жил М.Энхболдынхонтой ноцолдсон байх. Тухайн үед Бүлгийн дарга байсан Д.Хаянхярваа, өөр хэн хэн ч билээ, намынхаа нэлээд хүнтэй ширүүхэн үздэг байв. Нөгөөдүүл нь ч байнга шүүмжилнэ. Чуулган дээр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Бүлгийн хурал дээр Д.Хаянхярваа нартай хэрэлдэх биш, хэлэлцэх биш “ярьдаг” байсан нь У.Хүрэлсүхийн байр сууриа бататгахаар тэмцэж явсан үе нь. Яг тэр үед тэрээр “Би та нараас айхгүй шүү”, “Амь насаа алдахаас айхгүй” гэх зэргийн алдарт үгсээ хэлсэн байдаг юм. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга болсны дараахан ЖДҮ-гийн хэрэг мандсан. Тэрээр “ЖДҮ-гийнхэнтэй хатуу тэмцэнэ” гэдэг байв. Харамсалтай нь хэдхэн хүнд хариуцлага тооцуулж, олонх нь эрх мэдэл, нэр нөлөөтэйгээ үлдсэн. Харин М.Энхболд түүний нөхөдтэй бол хатуу тэмцсээр байсан. Тэр нь 2020 оны УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлж, хэн хэнийг гудамжинд үлдээснээс тодорхой харагдана.
У.Хүрэлсүх жил гаруйн өмнө, 2021 оны нэгдүгээр сард гэнэт огцорсон. Цар тахлын ид үе. Халдвар тарчихсан. Хавтгайрч арай амжаагүй байлаа. Вакцины сураг ч байхгүй. Эдийн засаг “элэг дөрөв”-өөрөө хэвтээд эхэлчихсэн. Чухам тэр үед У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, оронд нь түүний Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон.
Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүх санал болгосон. Угаасаа тэгэхээс ч өөр сонголтгүй байсан гэхэд болно. Д.Амарбаясгалангийн нэр ч гарч байв. Гэхдээ У.Хүрэлсүх ямар ч нөхцөлд Л.Оюун-Эрдэнийг нэрлэх нь ойлгомжтой байсан.
Ингэж Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэ намын даргын албан тушаал дээр төвөггүй сууж авсан. Гэвч гэнэтийн энэ сэлгээ МАН-ынхныг багагүй цочирдуулсан байх. Ялангуяа У.Хүрэлсүх, М.Энхболд нарын дараагийн үе болох далаад оны Г.Занданшатар, С.Бямбацогт, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар үндсэндээ ихэд бухимдсан гэж тэр үед их яригдсан. Удалгүй энэ яриа намдсан. Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор засгийг тэргүүлж, МАН-ыг даргалж эхэлсэн. Ингэж ажин түжин хэдэн сар болсон “нам, засаг”- ийн түвшинд саяхнаас гомдол тэмцлийн яриа дуулдах болжээ.
Учир нь Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкийг цэгцэлнэ” гэсэн нь намынх нь олон гишүүний эрх ашгийг хөндөөд эхэлжээ. Бас “Тавантолгойн нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүдийн оролцоотой бүлэглэлийг ил болгоно” гэсэн нь улс төрийн хүрээнд шоргоолж үүрээ эвдүүлсэн шиг бужигнаан үүсгээд байгаа юм.Товчдоо эдгээр асуудал нь УИХ-д сууж буй, сууж байсан, улс төрийн нөлөөтэй, улс төр-бизнесийн ашиг сонирхол бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байгаа юм. Эхнээсээ Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийн нэр нь хэдийнэ ил болсон. Генсек Д.Амарбаясгалан нь зарлачихсан. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалахгүй” гэдгээ олон нийтийн өмнө хэвлэлээр зарлачихсан. Таван толгойн нүүрснийхэнд энэ бас хамаатай. Үүнд нь Хөгжлийн банк, Таван толгойн нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд нь ихэд гомджээ. Хөгжлийн банкны хэрэгт зүгээр нэг гишүүд холбогдоогүй. Хэд сонгогдож дол цохьчихсон, эсвэл улс төр-бизнесийн давхар ашиг сонирхолтой, өөрөөр хэлбэл, нэр нөлөөтэй, тэр нь байхгүй ч мөнгөтэй гишүүд холбогдсон байгаа юм.
Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс аврал эрж очоод амраахаа больсон талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Ингэж очсон гишүүдэд У.Хүрэлсүх “Та нар тэр хавиараа учраа ол” гээд байгаа тухай ч эх сурвалжуудын мэдээлэл бий.
Харин ингэж хэрэг түвэг нь ил болж сандралдсан гишүүд ойрын үед энд тэнд бөөгнөрч, намынхаа нөхдүүдийг дуудах болжээ. Улс төрд хутгалдсан болгонд эрх мэдэл гэдэг мөнхийн мөрөөдөл байдаг. Үүн дээр бурхан чөтгөр хоёр ч нэгддэг үзэгдэл улс төрд л бий. Ийм агуулгаар зөвхөн намынхантайгаа ч бус, сөрөг намынхан, Хөгжлийн банк, бусад асуудлаар Л.Оюун-Эрдэнэд зуугчдихсан бүлэглэл, хүмүүстэй шаргуухан уулзаж буй юм байна. Тэгээд хэлдэг юм нь ойлгомжтой. “Л.Оюун-Эрдэнийг номхоруулъя, чадвал унагая” гэдэг байгаа юм.
Ингэж уулзах явцдаа зарим нь тэсэлгүй намынхаа бүлгийн хурал дээр Засгийн газрыг, Ерөнхий сайдыг шүүмжлэх байдлаар дургүйцлээ ил гаргах болсон байна. Сүүлд сонсогдоод байгаагаар Хөгжлийн банкныхан дээр ЖДҮ-гийнхэн ч нэмэгдэх хандлагатай болжээ. Учир нь Л.Оюун-Эрдэнэ “ЖДҮ-гийн хэргийг ч анхаарах ёстой” гээд ярьсан байна. Ядаж байхад Л.Оюун-Эрдэнэ нэг барьсан хэргээ зуурчихаад тавьдаггүй зантай. Зуумтгай гэдгийг нь бүгд ярьж байна. Намынхан нь илүү сайн мэднэ. Тэгэхээр “МАН “босогчид”-той болж, намын даргаа “пойлдоод” эхэлсэн үү” гээд улс төрийн хүрээнд яригдаад эхэлсэн байна шүү.
Б.Тулгат
https://www.sonin.mn/news/peconomy/129530
URL: