НМХГ-ын Батшагай дарга аа мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэн НМХГ-ыг хуурч буй баримттай танилц
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Уран ган ХХК-ийн хашаанд баригдаж буй барилга нь дүрэм журам болон аюулгүй байдлын ажиллагааг зөрчиж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
НМХГ-ынхаан “зөвшөөрөлгүй” баригдаж буй барилгын доор үйл ажиллагаа явуулаад байгааг шалгаад өгөөч!!!
Бидний мэдээллийн дагуу НМХГ-аас 2022-03-015-ны өдөр шалгалт хийж өдгөө тус барилгын ажлыг зогсоогоод байгаа юм.
Зургийн тайлбар: Уран ган ХХК-ийн барилгын ажлыг зогсоосон баримт
Уг нийтлэлтэй холбоотойгоор тус барилгыг бариулж буй иргэн Б.Лхагвасүрэн болон түүний ажилчдын талаарх баримт мэдээллүүдийг уншигчдаас манай сайтад ирсээр байна.
Тухайлбал, Б.Лхагвасүрэн нь
- Бусдаас мөнгө хүүлдэг,
- Хэд хэдэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан,
- Туул голын бургасыг хядсан,
- түүний “Уран ган” ХХК-ийн хашаан дахь нэг барилга нь газрын маргаантай буюу хэрэг шүүхээр шийдэгдээгүй байхад барилга барьсан
- Залилагч гэх мэтээр олон баримтыг уншигчдаас ирүүлсээр байгаа бөгөөд бид энэ талаар дараагийн цуврал мэдээллүүдэд баримттайгаар хүргэх болно.
Зургийн тайлбар: Уран ган ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн
Харин энэ удаад бид өмнөх нийтлэлийн үргэлжлэл болгож Б.Лхагвасүрэн төрийн албан хаагч буюу НМХГ-ынхныг хэрхэн хуурсан талаар баримттай хүргэх гэж байна.
Баримт №1. НМХГ-ын байцаагчийг хуурсан нь
Барилга баригдаж байгаа л бол гараашийн давхарт ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй. Харин “Уран ган” ХХК-ийнхан үүнийг үл тоомсорлон зогсоолын үйлчилгээ үзүүлж байсан талаар бид хөндсөн билээ. Энэ асуудлаар НМХГ-ын байцаагчийг тус газарт ажиллахад “Гараашийн зориулалтаар ашиглаагүй ээ. Зөвхөн ажилчдын машин л зогсож байгаа ” гэж худал мэдээлсэн байгаа юм. Гэтэл энэ нь худал болох нь дараах баримтаар нотлогдож байна.
Зургийн тайлбар: Уран ган ХХК баригдаж буй барилгын гараашийн давхрыг өнгөрсөн жил дулаан зогсоолын зориулалтаар ашиглаж байсан баримт
“Уран ган” ХХК-ийнхан баригдаж байгаа барилгынхаа гараашийн давхрыг өнгөрсөн жилээс эхлэн ашиглаж “хууль бусаар” орлого олж байсан болж таарч байна. Ингэхээр “Уран ган” ХХК-ийнхан НМХГ-ын байцаагчид худал мэдээлэл өгсөн, хууль бусаар орлого олсон болж таарч байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол хууль бус орлогыг хураан авч, улсын орлого болгодог зохицуулалттай. Тус гараашийн орлого зарлагыг хяналтын камерын бичлэгээр нь шүүгээд тогтоочих асуудал.
Баримт№2 Барилгын зургийн магадлалгүй үйл ажиллагаа явуулж байсан
Барилга барьж байгаа л бол бүх төрлийн бичиг баримтын зөвшөөрлийг авах ёстой байдаг бөгөөд үүний нэг нь барилгын зургийн магадлал юм. Барилгын зургийн магадлалыг Барилгын хөгжлийн төвөөс гаргуулдаг бөгөөд мэргэжлийн хүний дүгнэлт гэж хэлж болно. Хэрвээ барилгын зургийн магадалгаагүй бол барилга хэрхэн баригдаж байгаа нь мэдэгдэхгүй баталгаагүй барилга гэж үзэх үндэслэл болдог байна. Барилга эхлэх зөвшөөрлийн дайтай энэхүү зөвшөөрлийг аваагүй байна гэдэг НМХГ-ыг хуурсаар өнөөдрийг хүрсэн болох нь батлагдсан.
Баримт№3 Өөртөө давуу байдал үүсгэв үү
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Энэхүү зөрчлийг нь НМХГ-аас 2021 оны 09-р сард илрүүлж, зөрчлийн хэрэг нээж, торгосон түүхтэй. Уул шугамдаа ААН-ээр торгох ёстой байтал хаанаас ч юм гэнэт л н.Мөнхжаргал гэгчийн нэр дээр торгоод өнгөрсөн байгаа юм. Уг нь ААН-ээр торгосон бол торгуулийн хэмжээ өндөр тогтоогдох ёстой. Гэтэл иргэний нэр дээр торгож мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэнд давуу байдлыг бий болгосон байж болзошгүй байна.
Баримт №4 Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгаа барьсаар байв
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгаа эхлүүлсэн. Үүнд нь НМХГ-ын байцаагч торгууль тавьсаар байхад үл тоомсорлон барилгаа барьсаар байсан нь дараах гэрэл зургуудаас батлагдана.
Энэ мэтчилэнгээр “Уран ган” ХХК-ийн НМХГ-ынхныг үл тоомсорлосон үйлдэл удаа дараа гаргасаар байгаа нь тэд мэргэжлийн хяналтын газрыг үл тоомсорлож байна гэх хардлага төрүүлж байна. Нөгөө талаас “Уран ган” ХХК-ийнханд төрийн төмөр нүүрийг үзүүлэх зориг НМХГ-ын дарга Батшагайд дутав уу?
Биднийг уг барилгатай холбоотой эхний нийтлэл бичсэнтэй холбоотойгоор сэтгүүлчийг сүрдүүлэхийг завдсан юм. Үүгээр ч зогсохгүй сэтгүүлчийг гүтгэж байв.
Харин нийтлэлтэй холбоотойгоор “Уран ган” ХХК-ийнхан түрээслэгч нараа хардаж, өмчид нь халдсан гэх мэдээлэл байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэв.
Бид “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа
Д.Энхсайхан
SOURCE: TAC.MN
URL: